М.Анхцэцэг: Агуу түүхтэй эх орноороо бахархах сэтгэл төрсөн

527-151304293712-12-5
Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ. Дэлхийн аваргын анхны хүрэл медалийг М.Анхцэцэг эх орондоо авчирсан юм. Түүнтэй холбогдлоо.
–Дэлхийн аваргад амжилттай оролцсонд баяр хүргэе. Сайн явж ирэв үү?
-Сайн явж ирлээ. Энэ медаль ганцхан миний хөдөлмөр биш. Дасгалжуулагч багш, Монголын хүндийн өргөлтийн холбооныхон, үргэлж тусалж дэмждэг гэр бүл, захыг минь мушгиж, амжилт хүссэн монголчуудын амжилт юм шүү.
–Дэлхийн тавцанд монгол гэж дуудуулахад ямар мэдрэмж төрсөн бэ?
-Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж, өөрийн эрхгүй омогших, агуу түүхтэй эх орноороо бахархах сэтгэл төрсөн. Медалийн тавцанд зогссоноороо цаашдын тэмцээндээ илүү их амжилт гаргахсан гэсэн хүсэл оргилж байлаа.
–Түлхэлттэй өргөлтийн тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ шийдвэрийг өөрөө гаргасан уу?
-Бага зэргийн бэртэлтэй байсан. Бэртлээ сэдрээчихвэл дараа дараагийн бэлтгэл сургуулилт, амжилтад сөргөөр нөлөөлнө. Тиймээс багштайгаа ярилцаж байгаад энэ төрөлд оролцохгүйгээр шийдсэн.
–Хэрэв энэ төрөлд оролцсон бол медалийн өнгөө хувиргах боломж бий гэж байсан?
-Хэрэв энэ төрөлд өргөсөн бол мөнгөн медалийн болзол хангах бүрэн боломж байсан.
–Гэхдээ харамсах хэрэггүй байх. Энэ бол Монголын хүндийн өргөлтийн спортод өөрийн чинь оруулж буй том хувь нэмэр гэж харж, бахархах хүн олон байна?
-Баярлалаа. Дараагийн тэмцээндээ илүү амжилт гаргахын төлөө хөдөлмөрлөх болно. Ирэх жилийн дэлхийн аваргаар медалийн өнгөө хувиргана. Зөвхөн би ч биш манай тамирчдад энэ боломж бүрэн бий.
–М.Анхцэцэгийг дүү нартаа үлгэр дууриал үзүүлдэг, зааж зөвлөдөг гэж шигшээ багийнхан нь үнэлдэг юм билээ?
-Биднээс насаар бага, олон хүүхэд энэ спортод дурлаж, хичээллэж байна. Тэдэнд өөрийн мэддэг бүхнийг хэлж, зааж өгөхсөн гэж боддог. Ирээдүйд манай улсаас олон олимпийн аварга төрнө гэдэгт эргэлзэхгүй байна.
–Түүний эхлэлийг нь М.Анхцэцэг тавиасай. 2020 оны олимп ч ойрхон байна?
-Энэ эрчээрээ бэлтгэлээ таслахгүйгээр хичээх болно. Хувийн амжилтаас гадна багаараа амжилт гаргахыг хүсч байна. Олимпийн эрхийн төлөөх тэмцээнүүдэд багаараа сайн оролцож, жин бүрт өрсөлдөх эрх авахаар зорьж байна.
–Хүндийн өргөлтийн тамирчдын амжилт Хосоо багштай салшгүй холбоотой байх?
-Багш минь өөрөө Монголын домог болсон тамирчдын нэг. Тиймээс тамирчин хүний жаргал зовлон, алдаа оноог мэднэ. Багшийнхаа сургаж, заасны хүчинд бид өдий зэрэгтэй яваа. Хэдийгээр бэлтгэлийн үед чанга хатуу ч бусад үед хамгийн зөөлөн хүн. Бидэнд өмнө нь хэн байснаа битгий мартаарай гэж захидаг. Багшийнхаа энэ үгийг алхам бүртээ санаж явдаг.
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

М.Анхцэцэг: Агуу түүхтэй эх орноороо бахархах сэтгэл төрсөн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.