Монголын бахархал Дэлхийн аваргуудад зориулав

15131635335a310b0d241a8

Орхон түшээ мөрөндөө шүншиглэсэн адислал
Олон түмэндээ хүндлэгдсэн бахархал
Баян Улаан хайрханы цовоо сэргэлэн охин
Багш хэмээх бурханыхаа итгэлийг алдаагүй хүслэн

Олимп дэлхийн аваргуудыг дэвжээнд сөхрүүлсэн омгорхол
Олон түмэн ардынхаа хийморийг сэргээсэн хүчтэн
Ижий бурхандаа залбирч бахархаж явдаг заяа
Эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан охин

Арлын Японы үзэгчдийг дуугүй болтол нь тонгорсон
Алтан Парисын дэвжээг өөрийн болгож өмчрөхсөн
Ах дүү багш нарынхаа итгэлийн галыг бадраасан
Анд найз Чимэдээтэйгээ Алдар цолоороо ижиллэсэн

“Алдар”-н түүчээ Пүрэвдоржийн Орхон

—————————————————

——————————————————————————–

Сэцэн билэгт хатдын ариун удмыг залгаж
Цэнхэрмандалын тэнгэр дор Монгол түмэндээ ирсэн
Хорь хүрээгүй насандаа хотол олноо баярлуулж
Хорвоод түүнийг ялах хүчтэн үгүйг мэдрүүлсэн

Дэлхийн аваргын өмнө өвдөг чичирч үзээгүй
Дээдэс өвгөдийнхөө хийморийг сэвтээж гундааж яваагүй
Айл танхи охид шиг эрхэлж нялхарч гоморхоогүй
Арван есөн насандаа Дэлхийг сөхрүүлсэн охин

Дэвжээн дээр гарахад нь Хан Хэнтий нь түшнэ
Дийлээд ялаад босоход нь Бурхан Халдун нь өндөлзөнө
Саа мөнгөн “Хэрлэн эх”-ийн сүүгээр угжуулсан болохоор
Сайхан охиноо нутаг нуга нь ивээнэ

Хар зүрхэн нуурын Амин сахиус ивээж
Хамаг Монгол даяар дэвжээн дээр цуг барилдана
“Алтан медаль авна гэж бодсон” хэмээн нулимс дуслуулахад
Ард түмэн нь дагаад өмөлзөнө

Бурханд одсон аавынхаа алдарыг дэлхийд дуурсгаж
Бүхнийг өөрт нь зориулсан ээжийнхээ ачийг хариулж
Сүр жавхлант өвгөдийнхөө суу алдарыг түгээсэн
Сүхээгийн Цэрэнчимэд барилдаж байна

—————————————————–

Би
Дархан хилийнхээ сүлдэт баганыг
Дэлхийд тамгалсан цэрэг

Дайчин Монгол бүсгүйн цустайгаа
Дэвжээнд баталсан тамирчин

Би
Олон аваргууд эгнэн жагссан
Олимпийн наадамд эмээж явсангүй
Бөмбөрцөгийн хүчтэнүүд хуран чуулсан
Бөхийн дэвжээнд сүрдэж байсангүй

Яагаад гэвэл
Цус минь Цэвэр болохоор
Яс минь Халх болохоор
Нутаг минь Хашаат болохоор
Овог минь Монгол болохоор

Би бахархдаг юм
Би биширдэг юм

Түүхэнд үлдэх анхны медаль авчирлаа гэж онгироогүй
Түмэн олны итгэлийг хөсөрдүүлж сагсуураагүй
Учир нь Би эх орондоо тангараг өргөсөн цэрэг
Удам минь Монголдоо л үлдэх охин үр нь

Тийм ээ Би Монголын тамирчин

Ч.Амартүвшин

 


Монголын бахархал Дэлхийн аваргуудад зориулав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.