Тэр охин…/өгүүллэг/

5636

Тэр охин надад ээжээсээ илүү хайртай байв. Яагаад гэвэл цуг элсэн талбай дээр тоглож байхад тэр элсээр ээждээ жижигхэн, харин надад илүү том зүрх хийж өгдөг байсан юм. Байрны минь үеийн хүүхдүүд намайг “Еээ охинтой нийлээд байхдаа яадаг юм, чи охин юм уу” гээд л шоолдог байлаа.

Тааралдах болгондоо шүү. Тийм болохоор л би түүнийг дагуулаад зориуд хажуугийн байрны гадаа очиж тоглодог байсан юм. Түүнээс өөр хүүхэдтэй цуг байхыг хүсдэггүй байв. Хааяа бүр “Нээрээ би охин юм болов уу?” гэж бодсоноо “Хэрвээ би охин байсан бол ээж надад динозавр биш хүүхэлдэй авч өгөх байсан” гэж өөрийгөө тайвшруулдаг байлаа.” Эсвэл тэр охин яг эрэгтэй байх” гэж нэг бодсоноо “Хэрвээ эрэгтэй байсан бол тэрний үснээс охидуудаас л үнэртдэг гоё үнэр сэнгэнэхгүй байсан. Гэхдээ тэр охины үнэр бусад охидынхоос ч гоё л доо” хэмээн бодоод л бушуухан хажууд нь очиж өнөөх жигнэмэг шиг үнэрийг нь мэдрэхийн хүслэн болоод гэрээсээ гүйж гардаг байв. Хөвгүүд нь хөвгүүдтэй, охид нь охидтой нийлдэг байсан манай байрны бяцхан ертөнцөд бид хоёр л зөвхөн бие биентэйгээ тоглохдоо жаргалтай байдаг байсан юм. “Чи ийм…” гэж тэр хуруугаа аль чадахаараа дээшээ сунгаад “…том болохоороо” тэд нараас ч илүү мундаг болох юм чинь гэж хэлэхээр нь би зугтчихмаар санагддагсан. Учир нь би ичихээрээ тоосго шиг царайтай болчихдог байсан.

Нэг өдөр тэр том том нулимас дуслуулаад уйлаад л байсан. Тэгэхэд л би ээжийг уйлахаар аав яагаад тэгж их сандардгийг ойлгосон юм. “Маруужин авах гэж байсан чинь тэр хүүхэд миний мөнгийг булаачихлаа” гээд тэр нарийхан цагаан хуруугаараа урагшаагаа заалаа. Заасан зүгт нь манай байранд амьдардаг, үеийнхнээсээ хамгийн том биетэй Санаа гэдэг нэртэй хүүхэд байсан. Түүнийг л зодчихвол тэр охин уйлахаа больчих юм байна гэж би бодоод, гүйж очин тэрүүхэндээ гараа зангидаж байгаад нэг цохьтол тэр охин тайвшрах нь битгий хэл улам бүр уйлж орхилоо. Тэрнээс хойш лав л арван жил би хүнд гар хүрээгүй юмдаг. Харин сүүлд мэдэхнээ тэр охиныг ээж нь багад нь орхисон юм билээ.

***

Тэр өдөр би амьдралдаа хоёр дахь удаагаа хүнтэй гар зөрүүлсэн юм. Гэхдээ дахиад л өнөөх Санаатай. Тэр сургуулийн маань атаман болсон байв. Харин би яагаад хажуугаар зөрөхөд нь тэгтлээ их үзэн ядаад, цохиод авснаа өөрөө ч сайн ойлгоогүй. “Муу дээрэмчин” л гэж бодогдсон. Өмнөх өдөр нь тэр охинтой уулзсанаас л болсон байх. Гэж бодоод байгаа юм. Тэр охины түрийвчний буланд бид хоёрын хамтдаа хатаасан навчны хатаамлын наагуур, Санаа тэр хоёрын тэврэлдчихсэн зураг байдаг болсноос хойш би өчигдөр л анх удаа түүнтэй өмнөх шигээ удаан ярьж суусан нь тэр. Тэгэхэд тэр охин надад Санааг анх удаа өөрийнх нь хүзүүг хэрхэн үнсээд, чихийг нь үлээхэд ямар мэдрэмж төрсөн талаар надад ярьсан. Чихэнд нь ойрхоноос юм шивнэхээс ч аймар санагддаг байсан болохоор түүнд надаас илүү ойртож чадсанд нь атаархаад, уур хүрсэн байх л даа.

Ямар ч байсан сургуулийн хонгилд болсон тэр зодоон миний хамар муруйж, Санаагийн нүд нь үл ялиг хөхөрснөөр дууссан юм…Аа, тийм эмчийн өмнө суугаад, хамраа тэгшлүүлж байхдаа би амьдралдаа анх удаа хачин их уйлж билээ. Үнэндээ тэгэхэд надад өвдөлт мэдрэгдээгүй л дээ. Ядаж өвдсөн гэж хэлээд хангалттай уйлах шалтгаан гарсан учраас би тэр охины ярьж суухдаа хэлсэн нэг зүйлд нь гомдсон гоморхлоо тийн тайлсан хэрэг. Тэр нь юу гэвэл, арван жилийн өмнө зайрмаг авах гэж байсан мөнгийг нь Санаа булааж аваад, уйлж байсан тухайгаа тэр охин найз залуудаа яриад инээлдэж суудаг болсон гэсэн. Гэхдээ тэгэхдээ тэр охин өөрөөс нь болж анх удаа хүн зодож үзсэн хүүгийн талаар огт дурдалгүй өнгөрсөн юм.

***

Тэр охин…үгүй ээ одоо “Тэр эмэгтэй” болсон. Сайхан эмэгтэй. Үснийх нь үнэр багынхаараа хэвээрээ. Санаа тэр хоёрын зураг, бас бид хоёрын хамт хийж байсан навчны хатаамалтай түрийвч хулгайд алдагдсан гэдгийг сонсоод би хий дэмий яасан ч их баярлав даа. Харин хоёр сарын дараа тэр эмэгтэй надад маш, бүр маш муу мэдээ дуулгасан юм. Зөвхөн бид хоёрын багадаа тоглодог байсан “айл гэр” гэдэг тоглоомыг Санаа тэр хоёр бодит амьдрал дээр жинхэнээсээ тоглохоор болсныг дуулаад би шинээр авсан түрийвчинд нь хийлгэхээр өөрийн гараар хатаасан, дээрээ “Би чамд хайртай” гэсэн бичигтэй навчаа үйрүүлэхээр шийдсэн юм. Тэгээд хүзүүг нь зоригтой үнсэж, чихийг нь ядах юмгүй оролдож чаддаг олон охидынхоо нэгэн дээр очиж хоносон. Гэхдээ өглөө нь сэрмэгцээ үснийх нь үнэр тэр эмэгтэйнхийг гүйцэхгүй гэдгийг нь анзаараад дургүй хүрээд, босоод явчихаж билээ.

Хуримынх нь маргаашнаас л би түүнийхтэй адилхан, эсвэл түүнээс илүү гоё үнэртэй эмэгтэйг хайж эхэлсэн. Өдөр болгон өөр өөр үнэртэй эмэгтэйчүүдтэй ойртсоор байсан боловч ер ололгүй явсаар бүтэн жилийн дараа арай гэж түүнтэй яг адилхан үнэртэй охиныг олсон юм. Гэвч ингэж олоход минь тэр төрөөд дөнгөж аравхан хоносон нялхаараа байлаа. Зулайд нь хамраа хүргээд, балмагдсандаа салж чадахгүй өчнөөн удчихаад толгойгоо өндийлгөхөд минь цаад өрөөнөөс тэр эмэгтэй орж ирээд “Миний охин хөөрхөн байгаа биз” хэмээн инээмсэглээд зогсож байлаа.

***

Тэр эмэгтэй ээж болсноос хойш 6 жил өнгөрлөө. Энэ хооронд би түүний гэрт долоо хоног бүр очоод заншчихсан байв. Охин нь анх миний өвөр дээр хэлд орсон юм. Бас хамгийн анх над руу ирэх гэж байгаад тэнтэр тунтар гэсээр алхаж сурав. Хичээл дээрээ хамгийн анх удаа онц дүн авсан орой нь ч би сургуулиас нь очиж авсан. Охиныг би Анхил гэж өхөөрдөн дуудна. Ээжтэйгээ адилхан үнэртэй болохоор нь тэгсэн хэрэг. Анхил хааяа намайг гэртээ ирэхэд багшдаа магтуулсан, шинэ жилээр цасан охин болох гэж байгаа зэргийнхээ тухай ярьж байгаад аав нь өчигдөр согтуу ирээд, юм эвдэлчихээд явсан, ээжийг нь байхгүйд хааяа танихгүй эгч дагуулж ирдэг тухай санамсаргүй хэлчихнэ. Тиймэрхүү зүйлийн тухай ам алдах болгонд ээж нь чимээгүйхэн доошоо харж зогсдог байлаа.

Нэг удаа Анхилтай цуг гэрт нь тоглож байгаад ширээнийх нь доод тавцан дээр Санаа тэр эмэгтэй хоёрын гарын үсэг, тамгатай хэдэн хуудас цаас байхыг олж харав. Түүнийг харчихаад би нөгөө өрөө рүү орж, цонхны тавцан түшээд зогсож байсан анхныхаа хайрыг анх удаа өөрийнхөө биед их удаанаар нааж зогссон юм. Үснийх нь үнэрийг тийм ойроос мэдрэлгүй уджээ, багадаа хамт элсэн талбай дээр тоглодог байсан мөч эргээд ирсэн юм шиг санагдаж байв. Тэгж наамагц тун удалгүй тэр эмэгтэйн нулимасны үнэр хамар сэнгэнүүлж эхлэв. Хамгийн анх хуучин нөхөртөө зайрмагныхаа мөнгийг булаалгачихаад уйлснаас нь хойш л би түүний нулимасны үнэрийг андалгүй мэддэг болсон юм.

Тэр өдрөөс хойш нэг жилийн дараа түүний түрийвчинд бид гурвын тэврэлдсэн зураг, түүний цаана долоон жилийн өмнө үйрүүлэх гэж байгаад зориг хүрээгүй “Би чамд хайртай” гэсэн бичигтэй навч хоёр байдаг болсон. Харин Анхил надад ааваасаа илүү хайртай болсон байв. Яагаад гэвэл тэр фломастераар зүрх зурахдаа аавдаа жижгийг, надад илүү томыг зурдаг болсон юм.

Эх сурвалж: Солонгон Охин

Тэр охин…/өгүүллэг/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.