Сэтгэл зүрхний хатан

430F5B9D00000578-4769664-image-m-11_1502154955793
Гоо үзэсгэлэн, хүмүүнлэгийн идэвхтэй үйл ажиллагаагаараа ертөнцийг гайхуулан бишрүүлсэн “ардын гүнж” бол Диана. Тэрбээр амьд сэрүүн ахуйдаа “Би хүмүүсийн зүрх сэтгэлд хатан хаан мэт хүндэтгэлтэй байхыг л хүсдэг” хэмээн өгүүлсэн байдаг. 1997 оны наймдугаар сарын 31, Парис хот.  Пон-д Альмын гүүрэн хонгилоор галзуурсан мэт давхих машин дотор тэг тэг цаг хорин гурван минутад энэ дэлхийн алдартай эмэгтэй сууж явлаа. Тиймээ, тэр Уэльсийн гүнж Диана байсан юм. Тас хар “Мерседес”-ийн арын суудал дээр алтан шаргал үстэй сайхан эмэгтэй урт хөлөө зөрүүлэн суусан байв. Диана гүнж хорвоог орхин одох хэдэн хормын өмнөх зураглал нь энэ. Тэр автомашины осолд ороогүйсэн бол өдийд 53 настай байх байлаа. Уэльсийн Ханхүү Чарльзын анхны эхнэр болж, ордны гэр бүлийн нэг гишүүн болсон тэд 1981 оны зургаадугаар сарын 29-нд гэрлэсэн.
Бага нас 
Диана 1961 оны долдугаар сард төрсөн бөгөөд түүнийг зургаатай байхад аав ээж нь албан ёсоор салжээ. Дианагийн эцэг, найм дахь граф Спенсер, эх Фрэнсис Фермой нар арван дөрөвтэйдөө гэр бүл болцгоосон бөгөөд тэдний салалт Дианагийн амьдралд ч сөргөөр нөлөөлсөн гэж үздэг. Сэтгэл санаа хөхүүн хөгжөөнтэй Диана хайр дурлалын роман, утга зохиолын төрөлд хамаарах өвөрмөц маягийн савангийн дуурийн уур амьсгал руу тэр чигээрээ умбан орсон юм. Энэ төрлийн зохиолын хатан хаан болох Барбара Картлендийн номнууд түүний сэтгэлийг хамгаас илүү татдаг байж л дээ. Диана “Түүний бичсэн бүх түүх тэр аяараа миний мөрөөдөж, найдаж байсан зүйлс байдаг” гэж парламентийн гишүүн болж байсан Жаймс Брандретэд хэлсэн байдаг. Түүний хамгийн дуртай роман нь “Эзэн вангийн сүйт бүсгүй”. Түүний амьдрал ч ялгаагүй “Эзэн вангийн сүйт бүсгүй”-тэй агаар нэг байсан юм. Хүүхэд цагийн хамгийн сайн эмэгтэй түүний хувьд хайртай эмээ Спенсер, Нортгемптонширийн хамгийн дур булаам эмэгтэй болох хатагтай Синтия байлаа.
Асрагчид Дианагаас дэндүү амархан татгалздаг байсан аж. Энэ нь ч аргагүй байх. Эхээсээ хагацсандаа бухимдаж хорссон охин хамаг уур уцаараа асрагчиддаа гаргадаг байв. Нэг залуухан авхайг угаалгын өрөөнд түгжиж орхисон бол өөр нэгийнх нь дотуур хувцсыг тачигнатал инээсээр цонхоор гаргаж шидэж, дэггүйтжээ. Нэг удаа хүмүүжүүлэгчийнхээ суудаг сандлын тавцанг зүүгээр дүүргэж орхисонд хөөрхий бүсгүй суунгуутаа л дуу алдан босон харайсан гэх. Чин сэтгэлээсээ дотночилж байгаагийн тэмдэг болгож дараагийн асрагчийнхаа сүйн бэлгийн бөгжийг Диана жорлогийн суултуур руу хийж орхижээ. Ийм дүрсгүй гэмээр хүүхэд байж, тэр.
Тэднийд дөрвөн жил тэсэж чадсан асрагч Жанет Томпсон Дианаг хэцүү хүүхэд огт биш байсан гэж ярьдаг байв. Тэгэхдээ зөрүүд, “зүгээр л зөрүүдэлдэг. Заримдаа бүр хэлсэн зүйлийг огт хүлээж авдаггүй. Миний бодоход, тэр эгч Сарагийнхаа ааш авирыг ажиглаж, үүнийг дуурайдаг байсан” гэж “өмгөөлсөн” байдаг. Энэ нь түүний дээрх үйлдлийг зөөлрүүлж буй хэрэг. Дианагийн бага нас Английн язгууртан гэр бүлийн охидын хувьд уламжлал болсон тэр л байдлаар өнгөрсөн юм. Тэрбээр хатан хааны цэцэрлэгт хүрээлэнгийн нуурын хулд загасыг тэжээж, тагтааны үүрнээс өндөг авч модонд авчирч, усан сангийн эргэнд тойронд гүнж өнжих нь цөөнгүй. Түүнд захирагдаж, бишрэн дагах болсон анхны эр хүн нь түүний эцэг байв.
Аз жаргалтай үе
“Тайрдаг мод шиг л дүнхүү юмаа, би гэдэг хүн”. Энэ бол Дианагийн шог яриа. Спенсерийнхний дөрвөн хүүхдийн /Сара, Жейн, Диана, Чарльз/ зөвхөн ганц Чарльз л дээд зэргийн боловсрол олж авсан байдаг. Тэрбээр Итон, Оксфордод суралцсан аж. Хэрэв Диана одоогийн бидний үед мэндэлсэн бол Британийн хамгийн шилдэг их сургуульд суралцах байсан нь лавтай. Диана есөн настайдаа хувийн сургуульд явсан бөгөөд Риддлсвортод суралцсан он жилүүд түүний амьдралын хамгийн аз жаргалтай үе байсан гэдэг. Тэрбээр, усан сэлэлт, усан үсрэлт зэргийн тэмцээнүүдэд түрүүлж, хамгийн сайн охидын мөрөөдөл болоод байсан орчин тойрныхондоо тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагийн төлөө олгодог шагналыг хүртжээ. Мөн сургуулийн нь хамгийн гол шагнал болон хамгийн үзэсгэлэнтэй далайн гахайг ч бас хүртэж байсан байна.
Цэцэглэх үе
Арван хоёр нас хүрэхдээ Диана жаахан болхидуу гэмээр ердийн л нэг сурагч байсан агаад туршлагатай хүний нүдээр харвал жинхэнэ үзэсгэлэн бүрдэж эхэлж байжээ. Үеэл ах Роберт Спенсер “Цэвэр сайхан арьстай, мартагдахааргүй хөөрхөн инээмсэглэдэг, тун ч сайхан шүдтэй” байсан хэмээн эргэн дурссан нь бий. Энэ үеэс л “Гайхалтай эмэгтэй болно” гэдэг нь тов тодорхой байсан аж.
Дианагийн романтик мөрөөдлийн дотор нэг л нүүр царай харагддаг байсан аж. Сургуулийнхаа дотуур байранд байхдаа ч тэр түүнийг л мөрөөдөж байв. Цагаан морь хөлөглөсөн хунтайж, жинхэнэ эр шиг эр поло тоглоход зориулсан талбай дээр ялалт байгуулан, уулын замаар хуй салхи мэт хурдлан давхиж байгаагаар юм уу эсвэл байлдааны онгоцноос шүхрээр үсэрч байгаагаар төсөөлж, нүдэнд нь харагдана. Диана бас түүнийг телевизээр харж,  түүний тухай сониноос олж үзэж, уншиж байв. Өөрийн нь хүсэл мөрөөдөл болсон нэгдсэн вант улсын хамгийн алдартай гоонь эр, Уэльсийн хорин нэг дэх хунтайж Чарльзын нүүр царай түүнд явсан газар болгонд нь харагддаг байлаа.
Жинхэнэ бодит Чарльз эгч Сарагийн нь ачаар Дианагийн амьдралд орж иржээ. Арван зургаатай Дианагийн хувьд хунтайж Чарльзтай учирсан нь түүний хэнэггүй өнгөрөөсөн хүүхэд наснаас нь хойш тохиолдсон жинхэнэ том үйл явдал байв. Дианагийн сэтгэл зүрхний гүнд Уэльсийн хунтайж эрхэм дээдэстэн, Честерийн граф, Корнуолльскийн герцог, Ротсэйн герцог, Керрикийн граф, Ренфругийн барон, Арлуудын эзэн, Шотландын хунтайж бөгөөд дээд захирагч, хорин найман настай Чарльз Филипп Артур Георгтой өрсөлдөх хүн үгүй байлаа.
Тэр өөрөө ч ойлгодоггүй байжээ
“Миний бие тэртээ дор байгаа хүмүүст өндөр байр суурьтай хүмүүсээс илүү ойрхон оршдог билээ” гэж Дианан “le Monde” сонины сэтгүүлчид хэлсэн байдаг. Дианад заяасан авьяас билэг болох бусдыг өрөвдөж хайрлах чадвар нь хүний эрдэм оюуны нэг адил асар их хүч болохыг тэр өөрөө ч, ойр орчныхон ч ойлгодоггүй байжээ. Английн дундаж ангийнхны ухаалаг охид олон олон зууны турш их сургуулиудад суралцсаар ирсэн ч Дианагийн төрж өссөн хүрээний хувьд ингэдэггүй ёстой байсан аж.
Өвчтөнүүдтэй хамт байхдаа Диана чухам л цэцэглэдэг байлаа. Нүд ирмэхийн зуур адтай, ихэмсэг бахдам гүнжээс зовж шаналж, гачигдаж дутагдаж буй хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг сайтар ойлгодог, өрөвч нигүүлсэнгүй эмэгтэй болон хувирдаг чадвараараа Диана ойр тойрныхноо үлэмж гайхашруулан бишрүүлэх болсон юм.
“Түүний энэ сайхан шинж чанарыг тодорхойлохын аргагүй. Ийм чанар маш ховор тохиолддог. Диана хүмүүстэй гайхалтай эв дүйтэй харилцан байгааг би олон жилийн дараа хараад огтхон ч гайхаагүй билээ. Бүр бага байхдаа ч гэсэн тэр бусадтай хэл амаа ололцох хосгүй чадвартай байсан юм” гэж Дианагийн тухай хамаатны хүн хожим хэлсэн байдаг. Өөрийгөө нэг их дөвийлгөж тавихгүйгээр эгэл жирийн хүмүүстэй харилцаж, ойлголцож чаддаг байсан нь Уэльсийн гүнжийнхээ хувьд Дианагийн эзэмшсэн нэг хосгүй чадвар байв.
Угтаа бол эрэгтэй хүүхэд болж төрөх ёстой байсан айлын гурав дахь охин, шаргал үст тэнэгхэн, илүү авьяас чадвартай эгч нарынхаа нигүүлсэл, хайр ивээлээс болж шаналж явдаг Диана өөрөө жинхэнэ од мөн гэдгээ дэлхий ертөнцөд батлан харуулахыг дотроо битүүхэн мөрөөддөг байсан аж. Түүний даруу зан, айдас хүйдсийн цаана үлэмж хүчтэй төвлөрсөн зан чанар агуулагдаж байв. 80-аад оны Английг дэлхий дахинаа алдартай гурван гайхамшиг нь болох Уэльсийн гүнж Диана, Ерөнхий сайд Маргарет Тэтчер, телевизийн жинхэнэ од болон хувирсан нэрт жүжигчин Жоан Коллинз гурваар дүгнэж цэгнэдэг байсан билээ. Тиймээ, одоо ч тус улсын нэг гайхамшиг нь Уэльсийн гүнж Диана.

Эх сурвалж http://www.info.mn


Сэтгэл зүрхний хатан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.