WOLFIZM: Би өсвөр насандаа ДУРЛАМТГАЙ нэгэн байсан

151220171513322210_1271955313Монголын хип хоп урсгалын залуу уран бүтээлч реппэр Wolfizm буюу Б.Гэсэртэй YOLO.mn ярилцсаныг хүргэж байна. Сонирхуулахад, YOLO.mn сайтын уншигч хүүхэд залуусын дунд хийсэн санал асуулгаар түүнээс ярилцлага авахыг тэд хамгийн ихээр хүссэн юм.

YOLO: Сайн байна уу? Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
- Энэ зун “Нисдэг чоно” хэмээх анхны цомгоо гаргасан. Одоогоор хоёр дахь цомгийнхоо ажилд орсон. Түүнд багтах уран бүтээлүүдийн ая болон бэлтгэл ажлыг л хангаад явж байна. Энэхүү цомог маань ирэх онд бэлэн болно.

YOLO: ”Нисдэг чоно” цомгийн борлуулалт хэр байсан бэ?
- Давгүй шүү, одоо ч CD шопуудаар борлуулагдсаар ч байгаа.

YOLO: Хоёр цомгийн завсар ямар ажлуудыг амжуулав?
Хүмүүстэй хамтарч хэд хэдэн уран бүтээл хийсэн. “Байрны ах” “Бүхнээс дээгүүр” хоёр  киноны дууг дуулсан. Мөн Real Label дээрээ ажилласан, клипний зураг авалт тоглолтын ажил багагүй байсан.

YOLO: Таны “Underrated Emcees” дууны клип ютүб сайтад 1.1 сая гаруй хандалт авсан үзэлттэй байсан. Цацагдаад таван сар болж байгаа дууны хувьд энэ мэдээж чамлахааргүй амжилт. Энэ уран бүтээл тэгж их олонд хүрсэн шалтгааныг та юу гэж бодож байна вэ?
- Хуучны буюу old school хэв маягаар хийсэн л дээ. Нэг хэсэг би трап урсгал хийж үзсэн. Одоо бол дийлэнх хип хоп уран бүтээлчдийн хэв маяг ихэвчлэн трап, new school байна. Би ер нь бусдаас арай ондоо хэв маягийг эрэлхийлэхийг хүсдэг учир яагаад хуучны хэв маягтай байж болохгүй гэж бодсоны үндсэн дээр хийсэн. Тэгээд ч хүмүүс арай хуучны хэв маягийг “санасан” байсан юм болов уу даа.

YOLO: Багадаа мөн өсвөр насандаа ямар хүүхэд байсан бэ?
- Ангийн дарга, урлагийн үзлэгийн зохион байгуулагч гээд л их л идэвхтэй хүүхэд байсан. Гэхдээ бага зэрэг залхуу хүүхэд байсан. (инээв) Нийслэлийн 44-р дунд сургуулийг 2013 онд төгссөн. Англи хэл, уран зохиол, газарзүй, түүхийн хичээлд дуртай хүүхэд байсан. Яг өсвөр насандаа би дурламтгай хүү байсан. Мөн бүхий л зүйлийг сонирхон оролдож үзэх дуртай нэгэн байлаа. Тиймдээ ч олон зүйлийг туршиж үзсэний нэг нь хип хоп юм болов уу, “Энэ л яг миний хийх ёстой зүйл юм байна” гэж бодогдсон.

YOLO: Анх рок дуу сонсдог байсан гэж сонссон?
- Бүр рок хамтлагтай ч байсан л даа. Дараа нь “Flowist” хэмээх хип хоп хамтлагтай байсан. Тэгээд ер нь цаашаа нэг их ирээдүйгүй юм шиг санагдаад больсон. (инээв) Учир нь хамтлаг гэж бүгд нэг хүсэл тэмүүлэлтэй байсан цагт л оршдог юм билээ. Нөгөөтэйгүүр бид өсвөр насны хүүхдүүд байсан болохоор юманд их сэтгэлийн хөөрлөөр хандсан байх.

YOLO: Одоо аль сургуульд сурч байгаа вэ?
- “Хүрээ ICT” дээд сургуульд Мультмедиа чиглэлээр суралцдаг.

YOLO: Та Монголын мөн л залуу үеийн төлөөлөл шүү дээ. Тэгвэл залуу хүний нүдээр ажиглахад одооны хүүхэд залуусын хандлагыг хэрхэн харж байна вэ?
- Миний үеийн хүүхэд залуус ер нь их потенциал сайтай, хөгжих чадвартай юм шиг санагддаг. Гэхдээ бага зэрэг залхуу юм шиг ээ. Нуугаад яахав, би ч бас хааяа залхуурах зан гаргадаг. Ер нь зорилгоо тодорхойлоод түүнийхээ төлөө тууштай тэмүүлж чадвал амжилт гаргах ирээдүйтэй залуус зөндөө бий. Гэхдээ одоогийн нийгэм маань ямар байгаа билээ, хар бараан зүйлс нь давамгайлах болсон цагт бүхий л зүйл “саарал” буюу нэгэн хэвийн харагдаж байна. Гэрэл гэгээтэй зүйлс цөөхөн. Цацагдаж байгаа мэдээ мэдээлэл, сошиал орчин хар бараан зүйлсээр дүүрэн байдгаас болж тэд төөрөлддөг, стресстэй байдаг байх. Би ч мөн тэдний нэг.

Намайг ойлгодог, сонсдог, мэдэрдэг хүмүүстэйгээ хамт байна гэдэг сайхан.

Б.Гэсэр

Тиймээс тэдэнд итгэл найдвар төрүүлэх гэрэл гэгээтэй, чиглүүлэх зүйл гараад ирвэл хийж бүтээж чадах ирээдүйтэй залуус олон бий. Миний бодлоор залуусын 70 хувь нь өөрийн гэсэн чадварлаг нөөцтэй, үлдсэн хувь нь өнөөгийн нийгэмдээ уусчихсан юм шиг санагддаг.

YOLO: Тэгвэл уран бүтээлч хүний хувьд та залуусыг “сэрээсэн” зүйлийг уран бүтээлээрээ дамжуулж хийх үү?
Миний анхны цомог болох “Нисдэг чоно”-д багтсан 9 дуу болон түүнээс хойш хийсэн соло уран бүтээлүүд дээрээ би ихэвчлэн өөрийгөө буюу Гэсэр гэж хэн бэ гэдгийг харуулахыг хичээсэн. Харин хоёр дахь цомгон дээр маш олон асуудал дурдагдсан байх болно. Тэдний дунд мэдээж дээрх сэдэв ч хамааралтай юм.

YOLO: Ойрын болон холын зорилго юу вэ?
- Ямар ч байсан дараагийн цомгоо гаргана. Би зөвхөн илүү сайн уран бүтээлүүдийг л хийхийг хичээх болно. Надад нэр алдар бол тийм ч чухал биш. Би сайн уран бүтээл хийж, тэрнээсээ кайф авч, түүндээ “амьдарч” байвал л надад чухал.

YOLO: Яг ямар үед кайфыг хамгийн өндөр түвшинд мэдэрдэг вэ?
- Мэдээж тайзан дээр байх үед. Намайг ойлгодог, сонсдог, мэдэрдэг хүмүүстэйгээ хамт байна гэдэг сайхан.  Мөн төсөөлж байснаасаа давуулан гүйцэтгэл хийхдээ…

YOLO: Жишээ нь яг ямар үед?
- Заримдаа бэлтгэл сайн хангагдаагүй байхдаа төсөөлж байснаасаа илүүг хийчих тохиолдол байдаг. Нэг үгээр гэнэтийн тийм үйл явдал маш кайфтай байдаг.

YOLO: Анх уран бүтээлч болоход эцэг эх нь хэрхэн хүлээн авсан бэ? Дургуйцэх тохиолдол байсан уу?
- Анх оюутан болчихоод, сургалтын төлбөрөөс гадна надад студи байгуулаад түрээсний мөнгөө өгөхөд зардлын мөнгө хэрэгтэй болсон. Оюутны 70 мянгаа цуглуулсаар зарим асуудлаа шийдсэн. Яг тэр үед ээж аав маань “Яг хийж байгаа зүйлээрээ яг мөнгө олж чадах уу” гэж асууж байсан. Заримдаа “Чи чадахгүй, наадахаа орхи” гэх ч үе байсан.

Тухайн үед би ямар ч хариу хэлэлгүй явсаар өнөөг хүртэл гурван жилийн турш хийсээр л байна. Хамгийн гоё зүйл нь гэр бүлийнхэн маань миний анхны цомгийн нээлтэд дээр ирээд намайг дуулж байх үед ялангуяа аав камераар бичлэг хийгээд хэмнэлд тааруулан толгой дохин зогсож байхыг хараад баярлаж байлаа.

YOLO: Та нэлээн олон шивээстэй юм шиг харагддаг. Яг хэдэн шивээстэй вэ?
- Тоолж байгаагүй юм байна. Хоёр гаран дээрээ, биен дээрээ гээд нэлээд бий.

YOLO: Ямар нэгэн учир утгатай шивээсүүд байдаг уу? Хамгийн сүүлд ямар шивээс хийлгэсэн бэ?
- Ихэнх нь учир холбогдолтой л доо. Гэхдээ заримдаа гоё харагдсан шивээсийг хийлгэхийг хүсдэг, харагдах байдал чухал шүү дээ. Хамгийн сүүлд зүүн гарын булчин дээр Түвд бичгээр “Алтан ганжуур” маань шивүүлсэн.

YOLO: Big Gee таны уран бүтээлийн гол зөвлөгч байдаг уу?
Тэгэлгүй яахав. Нэгдүгээрт, уран бүтээлийн тал дээр маш сайн зөвлөгч, чиглүүлэгч байж хамгийн их тусламж үзүүлж байгаа хүн. Мөн заримдаа сэтгэл санааны байдалд ч зөвлөгөө өгч, тусалдаг.  Тэр хүн намайг уран бүтээл хийхээс өмнө бараг арав гаруй жилийн өмнө гарч ирсэн туршлагатай нэгэн. Тэгэхээр нэг талаараа би тэр хүний замаар явж байгаа нэгэн. Мөн миний продюсер учир бүхий л ажилд минь оролцдог чухал хүн юм.

YOLO: Та хоёр эртний танилууд уу? Анх хэрхэн уулзсан бэ?
- Би анх 2013 оноос хойш өөрийнхөө дуунуудыг “Нэг ийм дуу хийлээ, та сонсоод үзээрэй” гээд л пэйж рүү явуулдаг байсан юм. Эхэндээ надад хариу ирдэггүй байсан, дараагаар нь “Аан, болсон байна. Энийг нь жаахан ингээд өөрчилчихвөл болчих гээд байна” гэх мэт хариу ирдэг болсон. Тэгээд нэг өдөр залгаад нэг “Клипний зураг авалтад ирж туслаарай” гэсэн. Тэгээд л анх танилцаж байсан.

YOLO: Чи чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
- Би ганцаараа байх дуртай. Мөн сагс тоглох, найзуудтайгаа хамт байх, шинэ дууны санаа олох дуртай.

YOLO: Дуу гэснээс хэн нэгэнд зориулж дуу бичиж байсан уу? Нууц биш бол ямар дууг?
- Нэг охинд зориулж бичиж байсан. Хамтлагтай байхдаа гаргаж байсан “Gone” нэртэй дуу байдаг. Гэхдээ тэр дуу маань олонд тийм ч их хүрээгүй л дээ.

YOLO: Дууны үгээ өөрөө бичдэг шүү дээ. Яг ямар нөхцөлд хамгийн идэвхтэй бичдэг вэ?
- Заримдаа яг суугаад бичих гэхээр юу ч орж ирэхгүй байх тохиолдол байдаг л даа. Гэхдээ нөхцөл байдал, орчин гээд яг бүх тохироо нь бүрдээд бичвэл илүү үр дүнтэй байдаг.

YOLO: Ам барилтыг та юу гэж боддог вэ? Танд ам барих тохиолдол гарч байсан уу?
- Би хэзээ ч ам барьж үзээгүй. Шууд амьдаар үглэхийг илүүд үздэг. Бэлтгэлээ л сайн хангачихад асуудалгүй. Ам барина гэдэг чинь онцгүй шдээ, тухайн үзэгчид дүр төрхийг нь харах гэж бус тухайн уран бүтээлчийг амьдаар дуулахыг нь сонсох гэж л очиж байгаа шүү дээ.

Миний амьдралын гол зарчим ЗОРИЛГОТОЙ БАЙХ.

Б.Гэсэр

YOLO: Таны амьдралын гол зарчим юу вэ?
- Миний амьдралын гол зарчим зорилготой байх. Хүн зорилгогүй байна гэдэг чинь тэгээд л амьдрал нь утгагүй шдээ. Ямар нэгэн зүйл бүтээх хэрэгтэй л дээ, зүгээр л нэг амьдраад байж болохгүй.

YOLO: 10 жилийн дараах Б.Гэсэрийг та хэрхэн төсөөлж байна вэ?
- Ямар ч байсан 32 настай байх нь. Уран бүтээлийн хувьд юмнуудаа хангалттай хийчихсэн. Гэхдээ ханахгүй байх аа. (инээв) Олон цомог гаргачихсан, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлсэн нэгэн байх болно. Боловсролын тал дээр цаашаа үргэлжлүүлэн суралцана. Гэхдээ хүн үхэн үхтлээ л амьдралаас суралцаж байдаг шдээ. Эхнэртэй хүүхэдтэй, амьдралдаа сэтгэл хангалуун, хийсэн бүтээсэн зүйлтэй л байхыг хүсч байна. Магадгүй анхны цомгоос хойшхи 10 жилийн ой гээд л фэнүүдтэйгээ тэмдэглээд сууж байхыг үгүйсгэхгүй.

YOLO: ”Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлсэн нэгэн байх” гэлээ. Өөрийг тань хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс хэр их вэ?
- Байна аа, зөндөө байгаа. Надад нэг зүйл таалагддаггүй юм. Өөрийнх нь хийсэн бүтээсэн амжилтгүй, “явахгүй” байхад л “Би чадаж байна, номер нэг, би одоо “алаад” байна” гэдэг. Ярих өөр, хийх нэг өөр шүү дээ. Тиймээс тийм хүмүүст би өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй, тэгж байж л сэтгэл ханана.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
- Баярлалаа.

YOLO.mn


WOLFIZM: Би өсвөр насандаа ДУРЛАМТГАЙ нэгэн байсан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.