Түүнийгээ алдахгүйн тулд та ямар нэг эрсдэлтэй алхам хийхээс эмээж суугаа байх. Гэвч зарим тал дээр зоригтой хөдөлж, эрсдлийг туулах нь та хоёрыг улам ч дотно болгоно. Энэ зөвлөгөөг дагаж завиа зөв тийш нь залуурдаарай.
Та үнэхээр л алдаж болохгүй алт шиг эртэй учирчээ. Та түүнийг явуулчихгүйн тулд бүхнийг аясаар нь байлгахыг оролдож, аль болох халамж хайраар дутаахгүйг хичээн, хамгийн сайхан аашаа гаргана. Үүнийг сонсоход мэдээж хэцүү л байна байх, гэвч чин үнэнийг хэлэхэд харилцаа холбоогоо бөхлөж, түүнтэй улам дотносохын тулд суусан завиа бага зэрэг “дайвалзуулж”, тогтворгүй болгох хэрэгтэй. Хэрэв тэгж чадвал та илүү нягт харилцааг үүсгэж, бүх зүйлийг сонирхолтой болгох болно. Та эдгээр 3 эрсдлийг биеэрээ туулах хэрэгтэй.
Түүн лүү залгадаг тоогоо багасга
Бүсгүйчүүд шинээр авсан цамцныхаа тухай, сая гудамжинд хэнтэй таарсан тухайгаа, ээжийхээ хэлсэн гомдмоор үгийн тухай хэн нэг дотны хүндээ хэлж байж сэтгэл нь амар байдаг хүмүүс. Найз залуудаа ч гэсэн адил. Гэвч одоо жаахан ухрах цаг болжээ. Түүний амьдралаас түрхэн зуур алга болчихсон юм шиг сэтгэгдэл төрүүлээд үз.
Найз охидтойгоо байнга холбоотой байх нь нөхөрлөлийг улам бататгадаг хэдий ч, харин эр хүнийг эсрэгээрээ хөндийрүүлж орхидог талтай. Учир нь эрчүүд ямар нэг мэдээлэл өгөх юм уу авах үедээ л утсаа ашиглахаа илүүд үздэг юм. Тэр танд дурласан хэвээрээ байгаа тохиолдолд л шалтгаангүйгээр утасддаг. Тиймээс хэрэв та түүн рүү “Сайн уу?” гэж хэлэхийн тулд залгаад, тэр өдрийнхөө туршид болсон жижиг сажиг зүйлсийг ярьсаар байх юм бол тэр таныг өөрөөсөө их зүйлийг шаардаж байна хэмээн ойлгох болно. Энэ бол зүгээр л эр эм хүйсний байгалиас заяасан ялгаатай араншин юм.
Бүсгүйчүүд рүү өөрийнх нь хайртай эр залгахгүй байвал тэд бухимдаж эхэлдэг. Тэгээд тэдний хооронд бүх зүйл хэвийн байгааг шалгахын тулд түүн лүү өөрөө утасддаг юм. Гэхдээ одоо хичнээн сэтгэл чинь түгшиж байсан ч залгадаг тоогоо багасгаж. Зарим өдөр бүр огтхон ч залгахгүй байвал сайн. Түүний утсанд таниас дуудлага ирэхээ больчихвол тэр таны юу хийж байгааг сонирхон, өөрөө залгах болно. Тэр өөрийнхөө сэтгэл хөдлөлд захирагдаж байх үедээ илүү догдлонгуй болдог. Түүнд таны талаар сонирхох боломжийг олго.
Түүний үзэл бодолтой зөрчилд
Гэхдээ хэлсэн үг болгоных нь өөдөөс сөргөөцөлд гэсэн үг биш шүү. Ингэвэл харин ч ядаргаатай санагдах болно. Харин ямар нэг та хоёртой холбоогүй асуудлын талаар яриа өрнүүлж байхад нь түүний үзэл бодлын эсрэг өөрийнхөө байр суурийг эвтэйхэн илэрхийлээрэй. Магад та санаа нийлэхгүй байвал сайхан хайр бий болохгүй хэмээн бодож байж болох юм. Гэхдээ бодит байдал дээр үүний эсрэг хууль үйлчилдэг. Түүний хэлсэн үг бүрийг нь дэмжиж, чанга дуугаар зөвшөөрдөг эмэгтэйг тэд аажмаар хүндлэхээ больж эхэлдэг. Харин итгэл үнэмшлээ зоригтойгоор өчиж байвал тэд таныг тийм ч хялбар, “хямд” эмэгтэй биш болохыг мэдрүүлж улам татагдах болно. Эрчүүд өөрсдийнх нь оюун ухааныг сорьдог эмэгтэйн дэргэд байх хүсэлтэй байдаг юм.
Өөрийнхөө хүссэн зүйлийг хий…Ингэхдээ түүнийг урих хэрэггүй
Таны юу бодож байгааг таах гээд оролдох уу? Бие биедээ хайртай хосууд ажлын, амралтын өдрүүдийг алийг нь ч цаг үргэлж цугтаа өнгөрүүлж байж илүү дотносдог. Уг нь сайхан л сонсогдож байна, гэвч бодит байдал дээр бүх л чөлөөт цагаа хамт өнгөрүүлэх нь харилцаанд эвдрэл гарахын эхлэл байдаг.
Дандаа л хамт байвал та хоёр хэн хэндээ сонирхолгүй санагдаж эхэлнэ. Та түүнд яг л өглөө бүр иддэг хоол шиг нь, эсвэл өдөр болгон явдаг ажил шиг нь жирийн сэтгэгдэл төрүүлнэ. Үүнээс гадна өөрийнхөө хүссэн зүйлийг бие дааж хийдэг “тусгаар тогтносон” эмэгтэйд эрчүүд илүү татагддаг юм. Хэрэв тэр өөрийгөө таны амьдралын цорын ганц гэрэл гэгээ гэдгийг мэдвэл энэ нь түүнд дарамт болж ирдэг. Харин түүнээс өөр таныг аз жаргалтай болгодог олон зүйл бий гэдгийг мэдвэл тэр таны цорын ганц баяр баясгалан болохын тулд хичээх болно. Долоо хоногт наад зах нь хоёр удаа түүнээс тусдаа ямар нэг зүйлийг төлөвлөж хийж байгаарай. Тэгээд түүнийг урих, эсвэл хамт явахыг уриалах ч хэрэггүй.