Богино юбка, гүн ухлаадастай цамц, өндөр стилетто өмссөнөөсөө болж, өөрөөр хэлвэл “дэндүү тачаангуй” байснаасаа болоод ажлаасаа халагдаж байсан бүсгүйн тухай дуулж байсан уу? Тэгвэл бас секси байдлаа ашиглан ажилд орсон, бүр тэр ч байтугай удирдлагын албан тушаалд суусан бүсгүйн тухай…?
“Гоо сайхан бол өрсөлдөх чадвар” хэмээн “Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг” номын зохиогч Нам Ин Сүг дурдсан байдаг. Үнэхээр л бид өнөөдөр сайхан юмыг харж “хөглөгддөг” хүмүүсийн нийгэмд амьдарч байгаа нь нууц биш. Бусад өрсөлдөгчдөөсөө хавьгүй илүү чадвартай байлаа гээд гадаад байдалдаа огт анхаарал тавьдаггүй бол ажлын ярилцлаганд тэнцэхгүй байх магадлал 18%-иар өсдгийг судлаачид тогтоожээ. Үүний учир нь ажил олгогчид болон удирдагчидын сэтгэл зүйд яагаад ч юм “Сайхан харагддаг хүмүүс ямарвааг илүү сайн хийдэг” гэсэн ойлголт суусан байдагтай холбоотой аж. Өөртөө арчаатай эрчүүд, өглөө бүр сахлаа хусч, хумсаа цэвэрлэн, гутлаа арчдаггүй хамтран ажиллагчдаасаа 5 хувиар илүү орлоготой байдаг гэнэ. Харин эсрэгээрээ эмэгтэйчүүд 4 хувиар илүү цалинждаг аж. Хөөрхөн хүмүүс багшид амархан танигддаг, дарга нарт илүү үнэлэгддэг төдийгүй жаахан хүүхдүүд хүртэл хөөрхөн хүнийг харж удаан зогсдог. (Бид ч бас хөөрхөн хүүхдүүд лүү удаан хардаг.) Эдгээр баримтууд бүгд “өөдгүй” л сонсогдож байгаа байх, үнэндээ. Гэвч орчин үед нүүрээ будаж, үс, хумсаа янзлуулах нь зүгээр ч нэг хий дэмий цаг үрсэн зүйл, хөнгөмсөг эмэгтэйчүүдийн л оролддог “эд” байхаа больжээ. Харин их чухал, бүр нэн шаардлагатай ч нөхцөл болсон байж мэдэх юм.
Тиймээс зөвхөн нөхөртөө, эсвэл болзоондоо зориулж гоёхоо болиод, ажилдаа амжилт гаргаж тушаал дэвшихийн тулд ч бас тольны өмнө эргэлдэх хэрэгтэй болж. Яагаад гэвэл хараа булаам хүнд олонхи итгэл хүлээлгэхдээ ч амархан байдаг байна. Үүнийг нүдэнд дулаахан улс төрчдийн рейтинг ард түмний дунд илүү өндөр байдгаар тайлбарлаж болох юм. Энэ бол 21-р зууны зах зээлийн бодит байдал. Магад арван жилийн өмнө хүүхнүүд ажилдаа өвдөг давсан урт бошинз, битүү захтай, бас болоогүй биеийн галбирыг хэт их тодотгоогүй цамц өмсөж, үсээ шууж ирэх нь зүй ёсны хэрэгт тооцогддог байсан бол одоо ингэх нь ашиггүйн дээр, өөрт тааламжгүй шаардлага болон хувирчээ. Дүрмийг ягштал баримталдаг хүн үргэлж “амттан” бүхнээс хоцрох гээд байдаг талтай.
Гэхдээ ингэлээ гээд та МУИС-ыг орхиж, пластик мэс засалд орох тухай бодоод ч хэрэггүй. “Муухай эмэгтэй гэж байдаггүй. Харин залхуу эмэгтэй л гэж байдаг” хэмээн гоо сайхны бүтээгдэхүүний зохион бүтээгч Элена Рубинштейн хэлсэн байдаг юм. Бүсгүй хүн болгонд байгалиас заяагдсан гоо сайхан, тачаангуй байдал нуугдаж оршдог ба түүнийг өөрсдийн хүчин чармайлтын хүчээр товойлгож гаргах нь бидний “эрх”, нөгөө талаараа үүрэг болох нь харагдаж байна. Тиймээс та энэ мэдээллийг уншаад, өөрийгөө илүү гоо үзэмжит хүмүүсд “дарагдах нь” гэж айх хэрэггүй гэдгийг ойлгосон гэдэгт найдаж байна. Харин одоогийнхоосоо илүү өөрийгөө тордвол тэр чинээгээрээ амжилт олох магадлал тань улам өсөх юм.
Бүсгүйчүүдийг секси төрхөө ажлын талбар дээр ч ашиглах хэрэгтэй талаар бичсэн “Erotic Capital” нэртэй ном саяхан АНУ-д хэвлэгджээ. Нэр нь хүртэл тачаангуй байх гэдэг тэр хүний хувьд чухал “хөрөнгө” болохыг илтгэсэн байх юм. Гэвч эротик үнэт зүйл гэдэг нь энэ номын зохиогч Катерина Хакимын тодорхойлсноор дан ганц пракетан шал “тог тог” хийлгэдэг өндөр өсгийтөөр хязгаарлагдах зүйл биш гэнэ. Энэ нь гоо үзэсгэлэн, стиль, харилцааны чадвар, дур татам байдлын цогц аж. Гэвч тэр +18 киноны од шиг хувцаслах ёсгүй гэдгийг ч тэр мөн дурдахаа мартсангүй. Тэгвэл ажлын байран дахь бэлгийн дарамтад орох, эсвэл “нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолдог”-ийн үлгэрээр бүр халагдаж болзошгүй. Харин хэтэрхий ил задгай биш боловч, биеийн давуу талуудыг тодруулж харуулах хувцас, өндөр өсгийт, сайн чанарын үнэртэй ус, зөв будалт, царайны хэлбэрт хамгийн сайхан зохисон үс засалт зэргийг карьераа дээшлүүлэхэд эмэгтэй хүнд зайлшгүй байх ёстой гоо сайхны хэмжүүрээр нэрлэж болох юм.
Ажилд орох анкетан дээр бичээстэй байдаг “туршлага”, “боловсрол”, “багаар ажиллах чадвар” зэргүүд дээр үл үзэгдэхүйцээр “гоо сайхан эсэх” гэсэн бичиг оршдог болчихсон гээд хэлчихвэл хэтийдэхгүй байх. Үнэхээр л ашиг тусаа өгч, эртнээс зөвшөөрүүлэх гээд чаддаггүй байсан цалин нэмүүлэх тухай хүсэлтийг “нэг тийш” болгож, даргадаа өөрийнхөө үнэлэмжийг дээшлүүлэхэд нэмэр болдог юм бол тэр гоёмсог хувцас, будаг шунханд мөнгөө үрэхээс юунд цааргалах билээ?