Өөр өнцгөөс: М.Анхцэцэг “Хамгийн том мөрөөдөл өөрийн гэсэн асрамжийн газартай болохсон”

15143434675a430c2ba4355

Монгол улс түүхэндээ анх удаагаа Хүндийн өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авлаа. Энэхүү бахдам амжилтын эзэн бол Мөнхжанцангийн Анхцэцэг. Хорин насны босго дөнгөж алхах гэж буй Анхаа маань огцом өргөлтөөр 107 кг-ыг өргөж түүхэн амжилтийн эзэн боллоо.

Түүний дотоод ертөнцөөр аялагтун

Сайн байна уу? Дэлхийн аваргаас медаль зүүн, Хүндийн өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас нээсэнд баяр хүргэе?

- Сайн байна уу? Баярлалаа.

Шагналын тавцанд гараад “Мөнхжанцангийн Анхцэцэг IN MONGOLIA гэж дуудуулах” тэр мөчид хамгийн түрүүнд юу бодогдох бол?

- Монгол гэдэг нэрээр овоглож, энэ нэрийг сайнаар гаргаж байгаадаа л хамгийн их баярладаг.

М.Анхцэцэг гэж хэн бэ? Өөрийгөө нэг үгээр илэрхийлээч

- Анхцэцэг гэдэг хүн зорилгодоо хүрэх гэж тэмүүлж яваа жирийн нэг охин.

Хүндийн өргөлтийн эмэгтэй тамирчдыг бяр хүч ихтэй учраас юунаас ч айдаггүй байх гэж хүмүүс боддог.

 Би их аймхай. аймшгийн кино, өгүүллэгүүдэд их дуртай ч орой ганцаараа явахаас айна. Аалзнаас бүүр үхтлээ айна. Заримдаа айхаараа уйлчихдаг юм.

МХӨХ-ны шинэ жилээр та нарыг харж байсан чинь ихэнх нь туфлитэй явж чадахгүй байсан. Мэдээж эмэгтэй хүн учраас гоёж гоодохыг хүсдэг л байх?

- Би өсгийтэй гутал байнга өмсдөг. Хэдий тамирчин ч гэлээ эмэгтэй хүн гэдгээ мартаж болохгүй биз дээ. Бас олон хүмүүс намайг харж байгаа учраас биеэ зөв авч явах гэж, үлгэр дууриалал болох гэж хичээдэг.

Залуу насыг хайр дурлалгүйгээр төсөөлшгүй. Хайр дурлал таны бодлоор чухам юу юм бол?

- Хайр байхгүй бол дэлхий сөнөнө гэж уншиж байсан юм байна. Гэр бүлээ, найз нөхдөө, бас хүн болгоныг хайрлаж чадсан хүн хамгийн жаргалтай байдаг байх гэж боддог. Бас эрэгтэй эмэгтэй хүн нэг нэгнээ хайрлах хайр бол үлдсэн бүх амьдралын утга учир байх насан туршийн аз жаргал шүүдээ. Би тэр хайраа олсоон.

Аав ээж тань цэргийн хүн. Анхаа маань ч гэсэн “Алдар” спорт хороонд албатай. Эх орон гэдэг таны бодлоор?

- Maнaйхан ер нь ихэнх нь цэргийн хүмүүс. Ээжийн маань аав бас цэргийн хүн, аавын минь ах бас цэргийн хүн. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Ми-8 нисдэг тэрэгний ослоор эх орныхоо төлөө амиа алдсан хүн. Миний төсөөлөл бол дуучин Отгонжаргалын “Өнө мөнх эх орон”. Тэр дууг сонсохоор огшоод уйлчихдаг. Тэмцээний өмнө сонсвол бүр гоё.

“Хүрээд ир гэж аав шиг дуудна

Хүүг минь өршөө гж

ээж шиг хурайлна” гээд дуулдаг биздээ.

Ирээдүйд М.Анхцэцэг ямар мэргэжил эзэмших вэ? Зорилго Мөрөөдөл

- Би ер нь их олон юм мөрөөддөг. Хамгийн том мөрөөдөл өөрийн гэсэн асрамжийн газартай болохсон гэж боддог. Яг үнэндээ халамж муутай асрамжийн газраас хүүхдүүд зугтдаг шүү дээ. Ирээдүйд 18 хүрээд асрамжийн газраас гарахдаа шууд ажилгүйдэл, амьдрах орон байр энээ тэрээ гээд ихэнх нь гудамжинд гардаг. Тэгэхгүйгээр мэргэжил эзэмшүүлдэг, ажил амьдралтай болтол нь харж ханддаг, тийм газартай болохыг хүсдэг.  

Яруу найрагч Р.Эмүжин “Охид уйлдаггүй” хэмээн чиний тухай бичиж байсан. Хэдийгээр олны танил мундаг тамирчин болсон ч гэсэн уйлах үе олон тохиолддог уу?

- Би их амархан уйлдаг юмаа. Айхаараа, хүн чангахан дуугарчихвал, гомдохоороо гээд. Өдөр болгон биш юм аа гэхэд өнжөөд нэг уйлах нь зоолттой шүү дээ. Гоё өгүүллэг уншаад уйлна, Кино үзээд уйлна, ер нь их уйлдаг юм биш үү

Өнгөрсөн зун чиний хувьд нилээдгүй хэцүү зун байсан байх. Ард түмэн, хамт олон, найз нөхдийнхөө буянаар энэ бүхнийг шантралгүй туулаад гарсан уу?

- Гэхдээ Р.Эмүжин эгчийн бичсэн шиг уйлах л хамгийн хэцүү байсан. Дүүгээ түлэгдсэний дараа айлын ТОМ охин юм болохоор ихэнх юманд нь яваад л заримдаа өөрийн эрхгүй нулимс урсаад, замын хажуу руу машинаа зогсоож байгаад уйлдаг байлаа. Тэнгэр нураад ирсэн юм шиг л хэцүү байсан. Дүүгээ харахаас нүд халтирам, сэтгэл шимшрэм  байсан. Одоо харин сайхан сэтгэлтэй ард түмнийхээ буянд манай гэр бүл жаргалтай болсон доо. Яг тэр Хандивын аяны үеэр хaмт олон, найз нөхөд маань үргэлж хамт байж, тусалдаг байсан, бас сэтгэлийн дэм өгсөн асар олон хүн байгаа. Тэр хүмүүсийн ачаар улам урам зоригтой болсон доо.

Таны аав, ээжээс нь эхлээд олон хүн сургамжтай үг хэлж байсан нь мэдээж. Тэдний захиж хэлсэн үгнээс хамгийн мартагдахааргүй нь?

- Бaгшийнхаа хэлсэн “Хэн байснаа, хэн болсноо хэзээ ч битгий мартаарай” гэдэг үгийг байнга баримталдаг. аав ээж хоёр минь “Хүн шиг хүн яваарай” гэж үргэлж захидаг.

“Шантрах байсан юм бол яах гэж эхэлсэнээ сана” гэдэг үгийг хэзээ амьдралынхаа чиг зорилго болгосон бэ?

- Тэр үгнээс илүүтэйгээр “Энд хүрээл буцаж болохгүй” их боддог болсон. Одоо харин Шантрах эрх байхгүй. Ард түмэн минь надад тийм их тус хүргэсэн, хазайхад минь өлгийдөөд авах Ард түмэнтэй хүн шүү дээ. Ард түмэндээ төлж баршгүй буяны өглөгтэй хүн би. Тийм болохоор миний ганц чадах зүйл бол олимпийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэх юм шүү дээ.

Айлын том охины эрх үүрэг хариуцлага гэж бий.

-  Мэдээж айлын том охин байна гэдэг хариуцлага. Өнөөдөр би тамирчин ч гэлээ аавдаа жоохон охин нь, дүү нартаа хайртай эгч нь. Гэхдээ тэр бүр хамт байгаад байх боломж олддогүй. Олдсон боломжоо хамт өнгөрөөхийг л хүсдэг дээ

Үеийнхээ залуус охидоос юу нь шүүмжлэлтэй, юу бахархалтай харагддаг вэ?

-  Хэтэрхий их бэлэнчлээд байгаа нь таалагддаггүй. Оюутны мөнгө энээ тэрээ болохоор жагсаад, утаа, хүчин гээд тиймэрхүү юмны төлөө чимээгүй байгаад байдагт нь харамсдаг. Бид энэ улсын ирээдүй шүү дээ. Бид л хийж бүтээх ёстой. Цаг зайгаараа ажил хийхгүй байж мөнгөгүй ядуу оюутан гэж хэлэхэд нь дургүй. Гадаад улс ийм сайхан гээд байдаг. Гэтэл тэнд сурдаг оюутнууд яаж хөдөлмөрлөдөг билээ. Мэдээж сайн залуус, үлгэр дууриалалтай олон мундаг залуучууд байгаа. Тэд нараараа үргэлж бахархдаг. Үеийнхэнийгээ сайн үйлсийн аян их өрнүүлээсэй, нийгэмд идэвхитэй байгаасай гэж их хүсдэг.

Гадаадын олон орноор явж үзсэн. Монголоо тэдгээр улстай харьцуулахад?

- “Монголын үнэртэй салхи” гэж дуу байдаг даа. Нээрээ л манай салхинаас Монгол үнэртдэг шүү.

Гэр бүл гэдэг таны хувьд маш нандин үнэт зүйл. Тэмцээнд яваад гэрээ маш их санадаг гэсэн?

- Гэр бүл бол хүн бүрийн хамгийн нандин зүйл. Тэмцээн гэлтгүй байрласан үедээ ч гэсэн гэрээ их санадаг. Хорвоогийн хамгийн жаргалтай гэр бүл юм шиг санагддаг.

Хоёр дүү нь чамайг дагаад хүндийн өргөлтөөр хичээллэж байна. Эгч дүү гурав нэг олимпод оролцож байна гэж төсөөлж үзсэн үү?

- Toм дүү маань дахиж өргөж чадахааргүй болсон. Харин бага дүүгээ, авга эгчийнхээ хүүхэдтэй олимпод авч явна гэж төсөөлж үзсээн. Өсвөрийн шигшээгийн Батзаяа багшийнхаа туслах нь болоод олимпод явж байна гэж төсөөлж байсан.

Чөлөөт цагаараа юу хийж өнгөрөөдөг бол? Спортоос өөр авъяас.

- Чөлөөт цагаараа ном их унших дуртай. Уран зохиолын ном их уншдаг 

Ярилцсанд баярлалаа. Хамгийн сүүлийн асуултыг таньд үлдээе

- Юуны өмнө өдийн зэрэгтээ хүн болгож өсгөсөн аав ээждээ, багшдаа маш их баярласанаа илэрхийлье. Намайг үргэлж тусалж дэмждэг найз нөхөд, хамт олон, МХӨХ, БТСГ, -Алдар” спорт хороо, МҮОХ, “Мongolian properties”, “Souviner house”, “Есүүдийн батууд” , “Мoнгол жонш”, “Үнэн анд”, “Талст”- төв, Спортын анагаах ухааны алба гээ та бүхэндээ маш их баярлалаа. Энэ спортын төлөө сэтгэл зүрхээ зориулсан хүн бүрийн чин сэтгэлээр миний энэ амжилт бүтсэн юм шүү. Улам их хичээнээ. 


Өөр өнцгөөс: М.Анхцэцэг “Хамгийн том мөрөөдөл өөрийн гэсэн асрамжийн газартай болохсон”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.