Уйлж бас дуулж амьдарлаа
Уйлах хүнд, дуулах сайхан байв
Өгсөж бас уруудаж үзлээ
Өгсөх урт удаан амаргүй байв ч, жаргал нь ойрхон юм
Уруудах хурдан түргэн хялбар байв ч, гуниг нь ил юм
Хайрлуулж бас хаягдаж үзлээ
Хаягдах хатаж гандахтай ижил хэцүү юм, гэвч намар шиг түр зуурынх аж
Хайрын хүчинд урган цэцэглэх утга төгөлдөр юм, гэвч зуны өдрүүд шиг хугацаатай аж
Наргиж цэнгэж бас ганцаардан гомдож явлаа
Наргиж цэнгэх зугаатай байв, гэвч насны тоо богино юм
Ганцаардан гомдох уйтгар дүүрэн байв, уйтгарлах залуу насанд зохимжгүй юм
Ертөнцийн юмс хийгээд үзэгдэлд
Нүд баясаж бас хорсож үзлээ
Нүд баясахад сэтгэл цэлмэж байв,
цэлмэг сэтгэлийн гэрэл дулаахан юм
Нүд хорсоход сэтгэл өвдөж байв, сэтгэлийн өвдөлтийг дааж гарах хэцүү юм
Байгаль дэлхий, ус мөрөнг бахдан биширч үзлээ
Баригдал үгүй орон зайд бодол минь туучин бас бүдчин эргэцүүлэн бясалгаж сууна
Амьдрал гэгч намайг тойрсон торгомсог туяа мэт…тэр туяаг нэвтлэн гарахын тулд бодлоо зангидаж сурахсан.
Х.ДУЛАМСҮРЭН
#НүцгэнирсэнНүцгэнбуцна номноос