Бүсгүй минь чи нөхрөөсөө ямар бэлэг авах дуртай бэ? Энэ асуултыг яг одоо өөртөө тавиад үзээрэй. Та лав өөрт нэн шаардлагатай тэр л зүйлээ бодох байх гэж бодож байна. Хэн нэгний сэтгэлээсээ өгсөн бэлэг болгон л сайхан л даа. Тэр дундаа сарнай цэцгийн баглаа авна гэдэг бүр ч сайхан.
Өнөөдөр миний төрсөн өдөр юм л даа. Ханийнхаа өгөх бэлгийг мэдэж байгаа гэхдээ би тэр бэлгийг авмааргүй байна. Харин тээр жилийн төрсөн өдрийн гэнэтийн бэлэг бас хайртай ханийнхаа сэтгэл хангалуун төрх хоёрыг л дахин хармаар байна. Тэр жилийн төрсөн өдрөөр би нөхрөөрөө өөрт хэрэгтэй юмаа бэлэг болгон авахуулна хэмээн бодож байтал хань маань сарнай цэцгийн тансаг баглаа барьсаар ирж билээ. Тийм гоё сарнай цэцгийн баглааг амьдралдаа би авч байгаагүй. Авсан сарнай цэцгэндээ өөрөө их сэтгэл хангалуун инээмсэглэн байгаа нөхрөөсөө би дотор бодлоо нуун байж, баярласнаа илэрхийлсэн боловч нөхөр маань “чи миний бэлгэнд баярласангүй тийм ээ”гэж хэлсэн юм. Харин би хариуд нь “богинохон настай үнэтэй бэлгэндээ сэтгэл дундуур байгаагаа” хэлэхэд “эмэгтэй хүн болгоныг сарнайнд дуртай гэж бодсон юм, чи дургүй юм шиг байна”хэмээн үг хаях нөхрөө аргадах гэж хэрэндээ л бөөн юм болсон.
Би энэ л төрсөн өдрөөс хойш нөхрөөсөө бэлэг огт авсангүй, зөвхөн “миний хайр дуртай юмаа аваарай”гэсэн үгтэй мөнгө л өгөх болсон. . .
Нэгэн эрдэмтэй номтой лам “эмэгтэй хүн бурханы өмнө хийдэг хоёр том алдаа байдаг. Тэр нүглийг өөрсдөө ч мэддэггүй. Энэ нь хүсэл шунал нөгөө нь атаа жөтөө. Энэ хоёр нүглийг л тэвчиж чадвал эмэгтэй хүн төгс төгөлдөр байх болно” гэсэн гэдэг. Үнэхээр л би хүсэл шунал хэмээх алдааг гаргаж хайртай ханиа гомдоосон. Бидний хоорондын харьцаа хэвээрээ ч жилд ганцхан болдог төрсөн өдрийн баяраараа нөхрөөсөө бэлэг гэж мөнгө авах болгондоо сэтгэл эмтрэх юм. Нөхөр мааньтэр жилийн явдлыг огт дурсдаггүй ч надад үнэн голоосоо гомдсон нь одоо хэр мэдрэгддэг. Уг нь би сайхан ч гэсэн богино настай тэр цэцгийн баглааг авч ханийнхаа хэтэвчийг нимгэлэхийг л хүсээгүй юм. Сарнай минь чи богино настай ч сэтгэлийг минь илэрхийлэх үүрдийн бэлэг байлаа.
EMEGTEICHUUD.MN