Болзоо /өгүүллэг/

dating-couple-on-a-date-1215_horizГэнэт цагаа харав. Болзсон цагт хэдхэн минут дутуу. Яарах хэрэгтэй. Яаръя. Хоцорч магадгүй. Хувцаслъя. Гэтэл хувцас олдохгүй. Яарах л хэрэгтэй. Яаръя.

Яг л саадтай харайлт хийх гэж байгаа морь шиг түгших хэрнээ яарах. Гэрт нэг л бүрэнхий. Гэвч яарах л хэрэгтэй. Би болзсон. Өдөр бүр хүчтэй санагдах болсон тэр зэвүүн төрхтэй залуутай болзсон. Болзоо. Хуучирсан жинс, хорссон харц. Юу нь тэгтлээ намайг татаад байгааг мэдэхгүй.

Хаанаас ч юм бүү мэд нэг онцгүй даашинз олж өмсөөд болзоондоо явав. Уйтгартай урт саарал гудамж. Хүмүүс, байшин. “Ямар дуусдаггүй урт гудамж вэ?” Яарна. Бүдэрнэ. Дахиад л гудамжны эхэнд ирлээ. Дахиад л гүйлээ. Болзсон цаг бараг өнгөрчихөж. Тэр хүлээх дургүй. “Далавчтай ч болоосой.” Цааш гүйв.

Тэгсээр барааны газарт өнөөх модон сандал. Тэврэлдсэн хосын чулуун хөшөө. Бүрэлзэнэ. Бүр ойртоно. Яг тэнд, яг тийм залуутай болзохсон гэсэн багын мөрөөдөл урд, хойно минь орон жирэлзэнэ. Дурласан залуу ирчихэж. Зөвхөн л дурласан. Тамхи татан ууртайгаар нааш цааш холхино. Холгүйхэн гудамжны эхэнд түүн рүү би очиж явна. Тэр хүлээх дургүй. “Түр хүлээгээч! Ганцхан минут. Би очиж явна.” Гэнэт тэр тамхиа шидээд огцом эргэн цааш алхав. Дурласан залуу. Хуучирсан жинс. Хорссон харц. Би хашгирлаа. Гүйлээ. “Хүлээгээч дээ. Тэр ээ!”

Тэр цаашилна. Хэзээ ч эргэж хардаггүй хүн. Тэгсээр ямар нэг булан тойрон алга болов. Өмнөхөн талд өнөөх л модон сандал. Тэврэлдсэн хосын ой гутам хөшөө. Энд хоёр эрэгтэй хүнийг дүрсэлжээ. “Шал тэнэг юм. Өмнө нь яагаад анзаараагүй юм бол?”

Унтарч амжаагүй тамхины иш. Утаанд нь гараа ээхийг тэсгэлгүй хүсэв. Хажууд өнөөх л модон сандал. Тэврэлдсэн хосын ой гутам хөшөө. “Тэр дахин ирэхгүй.” Хорссон харц, хуучирсан жинс. Улам зэвүүн, улам дотно. Шаралхуу нулимс урсах эсэхээ шийдэж чадсангүй. Сая л хөл нүцгэнээ анзаарав. Тийм ч ичмээр биш байлаа. Хаа нэгтэйгээс эмэгтэй хүн нэрээр минь дуудна. Ээжийн цангинасан хоолой.

“Чи босохгүй юм уу?” Босоод цагаа харав. Болзсон цагт хэдхэн минут дутуу. Тэр хүлээх дургүй. “Ээж ээ, миний гутал хаана байна?”. Ээж чимээгүй. Харанхуй тасалгаа. Ганц төмөр ор. Тэнд би ганцаараа. “Ээж саяхан л байсан юмсан. Юу болоод байна аа?” Зовиуртай ганцаардал.

Хаа нэгтэйгээс намайг дахин дуудаж, гараас минь хүчтэй дугтарлаа.

“Ээж ээ, босохгүй юм уу?”. Босоод цагаа харав. Өгөршиж, үрчийсэн гарт цаг алга. Цаг зүүх ч эрхгүй болтлоо өтөлсөн хатингар эмгэн болзоондоо яарна.

“Ээж нь босмооргүй байна.”

Эх сурвалж: Зохиолч Х.Болор-Эрдэнэ

Болзоо /өгүүллэг/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.