Та эр нөхрөө, хайртай залуугаа хамгийн сүүлд хэзээ магтсан бэ? Зүрхэн дотроо нялх жаал шиг хөөрүү, онгироо эрчүүдийн таны төлөө гаргасан бага ч болов хичээл зүтгэлийг урамшуулсан сайшааж байвал “уулыг эргүүлэх” хүчийг нь олж харах болно.
1. Түүний инээмсэглэлийг магт
Бидэнд өөртэйгөө адилхан эмэгтэй хүнийг магтахад ямар ч асуудал гардаггүй. “Үс чинь үнэхээр гоё гялалзаж байна, ямар шампунь хэрэглээ вэ?” гэх юм уу, “Жингээ хасаа юу даа?” гэж хэлэхэд л хангалттай. Харин эрчүүдийн эгог дүрэлзүүлэхэд үс засалт, эсвэл өмссөн хувцсыг нь магтах тийм ч их нөлөөлөхгүй байж мэднэ. Түүний оронд инээмсэглэлийнх нь талаар сайхан үг хэлвэл тэд тэнгэрт хөөрөхөөс ч наагуур догдолно. Мөн тэр таныг хөгжилтэй байлгаж чадаж байгаа эсэхээ баталгаажуулахыг хүсдэг учраас хамгийн тэнэг онигоонд нь ч инээж байгаарай. Эрчүүдийн хувьд бүсгүй хүнийг татах номер нэг жор бол хошин шогийн мэдрэмж байдаг. Шог ярианд нь инээдэг эмэгтэйн хажууд байхдаа тэд илүү өөртөө итгэлтэй, тайван байдаг. Тиймээс тэд таньтай байхдаа илүү сайхан мэдрэмжийг авах болно.
2. Түүний мэдлэгийг магт
Эрэгтэйчүүд хамгийн сайн мэддэг зүйлийнхээ талаар л ярих дуртай байдаг. Учир нь энэ бол тэдний хувьд бүсгүйдээ мэдлэгээрээ гайхуулах арга юм. Цөмийн зэвсэг, улс төр, сүүлийн үеийн эдийн засгийн байдлын талаар санаа зовниж байгаа тухайгаа ярьвал эвшээж урмыг нь хугалалгүй, анхааралтай сонсож, дахин дахин ярьж буй сэдэвтэй нь холбоотой асуулт асуугаарай. Тэд яг л гэрийн даалгавраа хийсэн хөвгүүн шиг нүд нь сэргэж ирээд л ярьж гарах болно. Төгсгөлд нь түүнд “Чи үнэхээр их юм мэдэх юм аа” гэж хэлэхээ мартуузай.
3. Түүний мэдрэмжийг магт
Тэр таньд зориулж баглаа цэцэг авчирчээ гэж бодъё. Зүгээр л баярлалаа гэж хэлэхийн оронд “Энэ бол миний хамгийн дуртай цэцэг” гэж хэлвэл тэр яаж баярлахыг төсөөлж байна уу? Ингэж хэлснийхээ дараанаас л та болзоо болгоноосоо баглаа цэцэгтэй буцдаг болох вий. Үзсэн кино, уншсан номныхоо тухай ярьвал өөртөө сонирхолтой байгаа гэдгээ үйл хөдлөл, нүүрний хувиралаараа мэдрүүлээрэй.
4. Түүний чадварыг магт
Тодорхой нэг, онцгой зүйлийг нь сонгон авч магтахыг эрмэлзээрэй. Жишээ нь ”Чи минь сагс сайн тоглодог шүү” гэхийн оронд “3-ын зайнаас ч алдахгүй оруулах юм аа” гэж хэлж болно. Эсвэл ажлаа хийж суухад нь араас нь очиж тэврээд “Миний хань шиг төсөл бичихдээ/ илтгэл тавихдаа/ юм орчуулахдаа сайн хүн өөр хаана ч байхгүй” гэж хэлж болно. Зөвхөн өөрт нь зориулж хэлсэн мэт ийм магтаал тэдний “хөдөлгүүр”-ийг тэр дор нь асаана. Харин түүний ажил амжилттай явахын хирээр бүсгүй та ч бас аз жаргалтай болно.
5. Түүний таны төлөө гаргасан хичээл зүтгэлийг нь магт
Тэр таныг оройн хоолонд урьвал рестораны орчин нь тухлаг байгаа талаар, хоолных нь амт ямар сайхан байгааг хэлээрэй. Эрчүүд байгалиасаа анч, дайчин сэтгэлгээтэй гэдгийг бид мэднэ. Тэд аливаад хичээл зүтгэл гаргасынхаа хариуд магтуулах, сайшаагдаж, өргөмжлөгдөхийг хүсдэг. Таны хувьд угаалгын өрөөний чийдэнг сольж, номын тавиурыг засч хадах нь нөхөр хүний хийх ёстой үүрэг даалгавар мэт санагдаж болох юм. Гэсэн ч та ингэх болгонд нь ууртай дарга шиг тоомсоргүйхэн хүлээж авалгүй, баярласнаа хэлж байх хэрэгтэй. Үнэндээ эрчүүдээр хүссэнээ хийлгэх нь ямар амархан байсныг та мөн ч удалгүй ойлгоно.
6. Түүний сексийн чадварыг магт
“Чамайг үнсэхээр сэрэл хөдлөөд байх юм” Ингэж хэллээ гээд таниас юу ч унахгүй. Харин шагналд нь та гайхалтай дур тавилт, мартагдашгүй шөнийг амсах болно. Тэдний хувьд хамгийн эмзэг, мэдрэмтгий сэдэв бол секс. Та түүнд өөр ямар ч эрээс ийм их таашаал авч үзээгүйнхээ тухай хэлэх юм бол тэр таныг жаргаахын тулд бүхнийг хийх болно гэдэгт итгээрэй. Хэзээ ч түүний хажууд экс найз залуутайгаа өнгөрүүлсэн галзуу шөнийнхөө тухай ярьж болохгүй. Тэгвэл түүний мэдрэмж таныг хараад шууд унтардаг болох болно. Үүнээс гадна түүнийг ямар нэг кино жүжигчинтэй адилтгаарай. Заавал “усны дусал шиг” гэж хэтрүүлэх хэрэггүй. Инээхдээ яг Брэд Питт шиг харагддагийг нь, хослол өмсөхөөрөө Жеймс Бондын гол дүрээс дутахааргүй дур булаам харагддаг тухай нь хэлэхэд л болно.
7. Түүний эр зориг, бяр чадлыг магт
Эр хүн бүсгүй хүнийг хамгаалж, тэдний супермэн болохыг далд хүсэж явдаг. Аалз харвал та шуудхан гүйж очоод дээр нь гишгэж болохгүй. Учир нь тэдний дэргэд эмзэг, ялдамхан бүсгүй хүн байх хэрэгтэй шүү дээ. Харин үүний оронд “Ямар аймаар юм бэ?” гэж хэлээд гарт нь наалдаарай. Тэгээд түүнийг “Би тэр аалзыг алчихлаа” гэж хэлмэгц аюулаас аврагдсан гүнж шиг тайвшрагтун. Харин одоо түүн лүү нэг хараад үз дээ. Харц нь яг л үзэсгэлэнт бүсгүйг цамхгаас аварсан ханхүү шиг гялалзаж байх болно. Ямар өндөр нуруутай болохыг нь магтаад, түүнгүйгээр дээд талын тавиур дээр байсан ваарыг авч чадахгүй байх байснаа хэл. Магадгүй та сандал тавиад л төвөггүйхэн авч чадах байсан. Гэхдээ энэ талаар хэлээд хэрэггүй.
Өөрийнхөө ямар чухал хүн болохыг эрчүүд магтуулж байхдаа л мэдэрдэг. Тиймээс дээрх аргуудыг хэрэглэж хань, хайртай эрээ онгироож байвал, тэр таны гэрийн ажилд хүртэл туслахыг эрмэлзэнэ. Гэвч та дээрх төрлийн магтаалуудыг бүгдийг нь нэг дор хэрэглэж болохгүй. Хааяахан нэг нэгээр нь амсдаг чихэр л хамгийн амттай санагддаг шүү дээ.