Өдий насалчихаад алдаж үзээгүй юу хийж явсан юм бэ?

4talied4jhpk10oed7vilgc6ua

Алдаж үзээгүй амьдрал өөрөө алдсан амьдрал юм
Нийгмийн ухаанаар мэргэшсэн мөртлөө сонирхлынхоо дагуу хувцас худалдана хэмээн интернэт худалдаа руу гүйж орсон найзын маань дүү явж явж тэр бизнесээ больж байгаа гэхэд нь би золтой л баяр хүргэе гээд хэлчихсэнгүй. Гэвч тэр бол үнэн сэтгэл минь байлаа.

Шинэхэн хорин насандаа ямар нэгэн юм хийе гэж сэтгэл шулуудан аль хэдийн нэг удаа алдаж үзсэн юм чинь энэ золиг цаашдаа чадахгүй юм гэж байхгүй болох нь ээ гэж түүгээр бахархах сэтгэл төрсөн юм.

Бага байхдаа уналт бол ялалтын үндэс гэхийг сонсоод зүгээр л алдсан хүнийг тайвшруулах гэж хэн нэгний зохиосон үг биз гэж боддог байлаа. Ялагдал бол ердөө л ялагдал гэж боддог байв. Гэтэл нас ахиад хэдэн удаа алдаад ирэхлээр “ялагдлын амт” мэдрэгддэг болдог юм байна лээ. Тааламжгүй байдалтай тулгарах үедээ тэр үе өнгөрөхийг хүлээгээд гараа хумхиад суухын оронд яаж ийгээд даван туулъя гэж хичээж зүтгэж байгаад уналтанд орох нь хамаагүй дээр гэдгийг би мэддэг болсон юм. Ялагдлаар дамжуулж олсон зүйл маань тэр чигээрээ минийх болдог учраас яг нарийн утгаараа бол цэвэр ялагдал гэж байдаггүй. Ялагдал ч гэсэн байнга хийгээд дасал болоод ирэхээрээ түүнд сэтгэлээр унахаасаа илүү ялалтын нэг үйл явц шиг, танил зүйл мэт санагддаг болчихдог.

Хорин настангууд өөртөө итгэлтэй байдаг. Гэтэл тэр өөртөө итгэх итгэл нь алдаж үзээгүйгээс, өөрөөр хэлбэл ялагдал гэдгийг үзээгүй учраас бий болсон өөртөө итгэх итгэл байх нь элбэг. Тийм өөртөө итгэх итгэл өчүүхэн жаахан саадтай учрахаараа амархан нурж унадаг. Өөрийн хүчээр ялагдлыг даван туулж байж олсон “нотлох баримттай өөртөө итгэх итгэл” л ганцхан амьдралыг тэтгэгч эрдэнэ шиг жинхэнэ өөртөө итгэх итгэл мөн билээ.

Үүний нэгэн адил залуу насанд сохор азаар бий болсон амжилт шиг аюултай зүйл үгүй. Нэгэн кино найруулагчийн ангийн оюутан анх удаагаа богино хэмжээний кино нэгийг хийтэл тэр нь интернэтээр дамжиж, хүмүүст танил болж асар их нэрд гарлаа гэж бодъё. Яг одоо өвөрмөц шийдэлтэй болсон байна гэсэн шүүмжлэгчдийн магтаал болон хоромхон зуур бий болсон галзуу фэнүүдтэй байлаа гээд тэр хүн дараа нь кино найруулагч болж том ялалт байгуулж чадах болов уу? Тэр оюутны ирээдүйг аваад үзвэл богино хэмжээний киноны амжилт нь амжилт биш гай гамшиг юм. Учир нь аливаа салбарт дан ганц амжилтаас ямар нэгэн юманд суралцаж боловсорно гэдэг боломжгүй зүйл байдаг. Хэн ч амжилтанд хүрсэн өөрийнхөө бүтээн байгуулалтаас сургамж олох гэж оролддоггүй. Ямар нэгэн онцын туршлагагүйгээр хувьсгалын тохироо нь бүрдэж хэтэрхий эрт амжилтанд хүрч орхисон хүмүүс дараа нь ялагдлаар дамжиж суралцахад хүрдэг сургалтын программыг хүлээжж авахдаа бусдаас илүү зовдог. Тэд дараа нь хэд дахин илүү өндөр төлж байж жинхэнэ амжилтын хүрээнд багтаж чадна.

Алдартай хүмүүсийн амьдралын түүхийг уншвал бидний мэдэж байгаа уянгын халилтай амжилтын түүхээс илүү уншихад хүртэл сэтгэлд таагүй ялагдлын тухай ярианууд хамаагүй олон байхыг олж хардаг. Амжилтанд хүрсэн хүмүүсийг агуу болгодог зүйл нь дан ганц амжилт биш түүнд хүрэхийн тулд туулсан тоо томшгүй олон ялагдлууд байдаг.

Хориод насны ялагдал бол шижир алт
К бүсгүй санхүүгийн хэлтэс нь орох гэж нэгэн байгууллагад ярилцлага өгч байлаа. Ярилцлага авагч түүнээс худалдан авагчийг ятгаж амжилттай гэрээ байгуулж байсан туршлага хир олон байгаа вэ гэж асуулаа. Бүсгүй итгэлтэй нь аргагүй хариулав. “Одоог хүртэл худалдан авагчийг ятгаж үгэндээ оруулах тал дээр нэг ч удаа алдаж үзээгүй шүү.” Тэгмэгц сэтгэл ханамжтай байх болов уу гэж бодсон ярилцлага авагчийн амнаас санаандгүй хариулт гарлаа.

“Алдаж үзээгүй гэдэг чинь туршлага бараг байхгүй гэсэн үг юм байна даа. Тийм биш гэж үү? ” Балмагдсандаа К хаа хамаагүй хариулт хэлж байгаад ярилцлагандаа унаж орхив. Угийн юмнаас айж бэргэсэн, болгоомжилсон зантай тэрээ үргэлж бүтэх магадлалтай зүйлийг л хийж, буруудчих вий гэж айгаад төлөвлөгөөгөө тэр бүр хэрэгжүүлээд байдаггүй хүн. Тэрээр алдаж үзсэн анхны туршлага ч байхгүй өөрөөсөө ичиж эхлэв.

“Өдий насалчихаад алдаж үзээгүй юу хийж явсан юм бэ?” Ярилцлага авагчийн энэ үг хэдэн өдрийн турш чихэнд нь сонсогдсоор л байв.

Хорин нас бол алдаж үзэхэд хамгийн тохиромжтой нас. Алдлаа гээд чамайг шоолох хүн ч байхгүй, хөрөнгө мөнгөгүй энэ насны алдаа амьдралд чинь хүнд цохилт болоод байх нь бараг үгүй. Унах болгондоо тэр дороо дахин босч ирэх энерги ч хангалттай байдаг. Бас дээрээс нь хорин насны алдаа хэн ч харсан өхөөрдөм байдаггүй гэж үү. Ийм сайхан алтан үедээ алдахаас айж биеэ хураагаад байвал дараа нь гарцаа байхгүй К шиг харамсах болно.

Хорин нас бол бусдын зүрхэлж идэж чадахгүй гашуун жимсийг ч гэсэн дуртайяа идэж байх нас. Би идэж чадахгүй гээд харах ч үгүй байвал үүрд бүрэн боловсорсон битгий хэл гашуун жимс ч идэх боломж ирэхгүй. Ид хорин насандаа алдах, алдсанаас болж хүнд элдвээр хэлүүлэхээс айлгүй сэтгэл санааны бэлтгэлтэй байж шаргуу алдаж, аль ч талаараа бүрэн боловсорсон жимс идэх хэмжээний эмэгтэй болж дэвших хэрэгтэй. Гэхдээ ялагдлыг хүндээр ойлгох хэрэггүй. Цахилгаан чийдэнг нээж олохдоо мянган удаагийн жижиг ялагдал хүлээж байсан туршлагынх нь тухай Эдисоноос асуухад тэрээр өөрийгөө ялагдаж үзээгүй, харин мянган удаагийн туршлага л хуримтлуулсан хүн гэж цээж бардам хэлсэн байдаг. Ялагдлыг ингэж амьдралд байдаг л нэг үзэгдэл гэж хүлээж авахад хангалттай. Ялагдалтай найз бол. Тэгж байж бүр олон удаа ялагдаж бүр олон зүйлийг сурч авна. Одоо танд үнэхээр биелүүлэхийг хүсч байгаа зүйл байгаа бол яг одоо хорин удаа оролдоод үзнэ гэж шийд. Тэгээд болохгүй бол тэр зам үнэхээр таны зам биш байна гээд бууж өгсөн шиг бууж өг. Ялагдаж амьдарч байгаа насанд хүрэгчдэд байдаг нийтлэг зүйл нь залуу насандаа хэтэрхий цөөн алдаж үзсэн хүмүүс байдаг юм. “Ингэсгээд л байгаад байвал дунд хавьд нь явна” гэсэн бодол тэдний хөлийг тушиж одоодоо баригдаж ялзрахад хүргэдэг.

Хэдэн арван жилийн дараа амьдралдаа ялагдал хүлээгээд хоцрохгүй гэвэл одоо гадагш гарч идэвхтэй гэгч нь ялагдал хүлээ. Ялагдлаар дамжуулж бий болж байгаа том жижиг маш олон амжилтын туршлага чинь тэр хэмжээгээрээ таныг бусдаас түрүүлж явуулах нь гарцаагүй.


Өдий насалчихаад алдаж үзээгүй юу хийж явсан юм бэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.