Сэргэлэн бүсгүй л мөрөөдөлдөө хүрч чадна

d88a16413716e09ffb8ccfd46430637c1

Дан ганц өмнөх ажлаа хийгээд л, хүссэн оргилдоо хүрнэ гэдэг бараг л байж боломгүй зүйл. Харин танилынхаа хүрээг өргөсгөснөөр, та авъяас чадвараа тултал нь ашиглаж, алдар нэрийг олж чадна. Хүн бол чухал эрдэнэ. Амжилтанд хүрэхээр улайран тэмүүлж буй амбицтай бүсгүй та “Танилтай бол талын чинээ” гэдэг үгийг ой тойндоо оруулах хэрэгтэй.

Хүмүүс бол таны хүссэн өндөрлөгдөө авирч хүрэхийн тулд, барьж мацах чулуунууд л гэсэн үг. Хэдий чинээ олон, бас зөв байрлалтай байх тусмаа сайн. Та төдий чинээ хурдан хадан хавцлын оргил дээр гарч чадна. Хэрэв танд өдийг хүртэл карьертай чинь холбоотой ажил хийдэг, нөлөө бүхий нэг ч танил байхгүй байгаа бол та нэг ч хатуу чулуугүй, мөлгөр хад руу авирч, бараг л бүтэхгүй оролдлого хийж байгаагаас өөрцгүй байна. Хүмүүсийг ашиглана гэдэг амьдрал үзээгүй яваа гэнэхэн бүсгүй танд муу үйл шиг санагдаж магадгүй юм. Гэвч таныг ч бас, өөрөө ч мэдээгүй байхад хэн нэгэн ашиглаж байдаг гэдгийг санах хэрэгтэй. Энэ бол нийгмийн далд хууль. Гэхдээ огтхон ч гэмт хэрэг биш. “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг шиг, бусдад байгаа нөөц бололцоон дээр тулгуурлан өөрийнхөө ажлыг ахиулна гэсэн үг.

Хамгийн эхлээд та яг юу болохыг хүсч байгаагаа тодорхой бичих хэрэгтэй. “Хөтлөгч болно” гэж бодох амархан. Гэхдээ яг ямар төрлийн нэвтрүүлгийг хөтлөх, аль телевиз эсвэл fm-д ажиллах, сарын хэдэн төгрөгний цалин авах, цаашид дэвшээд юунд хүрэх зэргээ хүртэл та цаасан дээр бичиж тодорхой болгосон байх ёстой. Бичээд л орхисон зүйл заавал биелдэг. Ер нь та мөрөөдлөө биелүүлье л гэж бодож байвал тэмдэглэлийн дэвтэртэй тун сайн нөхөрлөж ав. Өдрийн төлөвлөгөө, уулзах ёстой хүмүүсийн жагсаалт, 5 жилийн дараах амьдралын дүр зураг гээд тэнд бичсэн юм болгон чинь таны ирээдүйд замчилах газрын зураг болж болно.

Таныг гарцаагүй хүссэн местэнд чинь шууд хүргэх нэр хүнд бүхий хүмүүсийг жагсааж бичсэнийхээ дараа, найз нөхдөөсөө тэдэнтэй танилцуулж чадах нэгэн байгаа эсэхийг бод. Нэг өдөр найзтайгаа кофе ууж суухдаа, нөлөө бүхий найз залуу, нөхөр, аав, ахтайгаа танилцуулж өгөхийг хүсэж болно шүү дээ. Энд нэг зүйлийг сануулж хэлэхэд, хэрэв танд эсрэг хүйстэнтэйгээ танилцаж, яриа өрнүүлэх амархан байдаг бол эрэгтэй хүмүүсийг сонгосон нь дээр. Хэрэв үгүй бол эмэгтэй хүмүүсийг ч сонгож болно. Эрчүүдтэй танилцлаа гээд тэдэнд сээтэн хаяна гэсэн үг биш юм. Угаас ямар ч эр байгалынхаа зөнгөөр эмэгтэй хүний үгийг анхааралтай сонсоно.

Үүнээс гадна, та өөртөө тус болж чадах хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудыг нь судалж мэд. Ихэмсэг ноёнтонтой ажлынхаа ширээний ард, гараа зөрүүлээд суучихсан байхад нь ярилцсаны оронд, амралтынхаа өдрөөр гольф тоглохоор ирсэн байхад нь эвтэйхэн танилцаад авчихсан нь хамаагүй дээр. Албаны үедээ хүн ямарваа нэг зүйлд хатуу байр суурьнаас хандаж, уян хатан байхаа больчихдог тал бий. Тиймээс хоббиг нь хамт хийлцэж байгаад, давуу талаа аятайхан ойлгуулвал тэр таныг анзаарч харах магадлал ихтэй. Заавал гольф биш, түүний үргэлж ордог pub, cafe, бүртгэлтэй фитнесс клуб, байнга очдог сонирхогчдын уулзалт зэргийг ч бас мэдээд авчихсан байхад танд аятайхан боломж бүрдлээ гэсэн үг. Түүний twitter, facebook хуудсаа хир тогтмол ашиглаж байгааг, статус дээрээ юу бичиж байгааг ч бас ажиглаарай. Хэрэв тэр идэвхтэй “жиргээч” мөн бол, эсвэл fb-гийн найзуудтайгаа нээлттэй харилцдаг гэдэг нь тодорхой харагдвал түүнд танилцах хүсэлт илгээн, зурвас бичиж болох юм. Ингэхдээ шуудхан л “Та намайг тэнд оруулж өгөөч” гэж бичилгүй, эхлээд түүний сонирхдог сэдвийн талаар ярилцаарай. Сонсдог хамтлагийнх нь тухай, эсвэл шүтэн биширдэг хөлбөмбөгийн багийнх нь тухай яриагаар харилцаагаа эхлүүлж болох юм. Нэг л дүрмийг санаж яв. Албаны журмаар биш, аль болох чөлөөтэй, нээлттэй байдлаар танилцаж болох аргыг сэд.

Хэрэв та төдийлөн “нүүр хагараагүй”, хүнтэй танилцана гэдэг таны хувьд “цоо шинэ юм” байвал эхлээд шууд удирдагч, лидерүүдтэй уулзах гэсний хэрэггүй. Харин өмнө нь янз бүрийн хүмүүстэй ярилцаж, танилцан дадлага туршлага хуримтлуул. Таксинд сууж байхдаа жолоочтой нь чөлөөт сэдвээр яриа өрнүүл. Супермаркет, эмчийн өрөөний үүдэнд дугаарлаж зогсохдоо дэргэдэх хүнийхээ барьж яваа талхыг ямар амттай болохыг нь асуух, эсвэл эмнэлгийн үйлчилгээний талаар ярилцаж болно. Мөн хувцасны дэлгүүрт явж байхдаа өөртэйгөө адил насны бүсгүйгээс авах гэж байгаа даашинзаа өөртөө хир зохиж буйг асуугаарай. Танд танихгүй хүмүүстэй юм ярих боломж алхам тутамд байна. Хүсвэл илтгэлийн тэмцээнд оролцож, олны өмнө гараад өөртөө итгэлтэй ярьж сурах дадал хийсэн ч болох юм. Ингэж, нуугдмал байдлаа задалсныхаа дараагаар жинхэнэ хэрэгтэй хүмүүстэйгээ айж эмээлгүйгээр ярих зориг бүрдэнэ.

Авъяас чадварыг тань нээж, бусдад харуулж чадах “алтан гар”-нууд хаа сайгүй бий. Тэднээс алдалгүй атгаад аваарай.


Сэргэлэн бүсгүй л мөрөөдөлдөө хүрч чадна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.