Ч.ШИЖИР: МОНГОЛ ЭРЧҮҮДТЭЙ ХАНИЛСАН ХАРИЙН БҮСГҮЙЧҮҮДИЙГ ОРУУЛСАН ШОУ НЭВТРҮҮЛЭГ ХИЙЖ БАЙНА…

17177

-Таныг хүмүүс “Баасан гараг”-ийн Шижирээ гэдгээр нь мэднэ. МҮОНРТ-д анх хэдийд хөл тавив?

-2012 онд анх орсон. Сүүлийн хоёр жил “Баасан гараг” нэвтрүүлэгийг хийж байна. Хийж бүтээсэн зүйлтэй манлайлагч залуусыг урьж бусдад үлгэр дуурайлал, итгэл найдварыг өгөх зорилготой энэ нэвтрүүлэгийнхээ 100 дахь дугаарыг сая хийлээ. Өмнө нь “Нэг минут сая” нэртэйгээр үзэгчдэд хүрч байсан нэвтрүүлгийг “Ням гариг нэг сая” нэртэйгээр үзэгчдэд дахин хүргэж байна. МҮОНРТ маань энэ жил бүхэлдээ HD форматд шилжиж, 600, 150 студиуд засварт орж гэрэлтүүлэг, камер гээд бүх техник шинэчлэгдэж байна. Энэ жил манай телевизийн хувьд дэвшилт шинэчлэлийн жил болж байна.

-Үндэсний телевизийн контентууд үзэгчдэд их өгөөжтэй. Залуу хүний хувьд 50 жилийн түүхтэй телевизийн оргил цагийн нэвтрүүлэг хөтөлнө гэдэг аз завшаан шүү?

– Тусгаар тогтносон Монгол улсын хагас зууны түүхийг хамтдаа бичсэн чадварлаг уран бүтээлчидтэй хамтран ажиллах нь залуус бидэнд маш том дадлага туршлага болдог. Телевизээсээ суралцах зүйл маш их бий. Бидний хэлэх үг хийх үйлдэл хүртэл зохиолын дагуу явдаг. Хэний ч гэрт хаалга тогшилгүй ордог зочин бол телевиз. Тиймээс үр хүүхдүүдтэйгээ хамт телевиз үзээд сууж байгаа ээж аавыг хүүхдээсээ санаа зовтол нь үг хэллэгээрээ айлгах эрх бидэнд байхгүй л дээ. Ёс зүй, ухамсар гэдэг зүйл нэгдүгээр асуудал. Үндэсний телевиз өөрийн гэсэн стандарт агууллагын дагуу ажилладаг, өөрийн гэсэн олон нийтийн тухай хуультай. Хүмүүс бодохдоо үндэсний телевизнд 600 гаруй хүн ажилладаг, гараас нь яг юу гарч байна гэж хардаг. Үүн дотор радиогийн 4, телевизийн 1,2, MNB суваг, сайт, инженер техникийн алба, санхүү гээд маш олон хэсэгтэй. Энэ бүгд нийлээд 600 гаруй ажилчид юм. Энэ оноос MNB спорт, MNB WORLD сувгийг нээнэ. Монгол Улсыг дэлхий нийтэд цогцоор нь сурталчлан таниулах MNB WORLD суваг зайлшгүй хэрэгтэй.

-Оросууд их мундаг ток шоу хийдэг. Бид яагаад суралцаж чадахгүй байна вэ? Яг ток шоуны хувьд монголын телевизүүд хаана явна?

-Харицуулах хэцүү л дээ. Манай телевизүүд Led night хэлбэрийн шоу дажгүй сайн хийж байна. Ток шоу бол ихээхэн хөрөнгө мөнгө, олны хүчээр бүтдэг том зохион байгуулалттай багийн ажил. Энэ нь телевизүүдэд тулгамдсан асуудал болоод байх шиг. Үзэгчид ихтэй дажгүй сайн шоу нэвтрүүлэг их бий. Тухайлбал, MNB “Баасан гариг”, UBS “CITY NIGHT”, NTV “Чөлөөт эмэгтэйчүүд” гэх мэт.

-Хөтлөгчөөс өөр хийхийг хүссэн ажил телевизийн салбарт байна уу?

-Анх би 2008 онд тайзны туслах байсан. Жүжигчдийн жижиг хэрэглэлийг тайзан дээр байрлуулдаг энэ ажлаа голохгүйгээр хийж хажуугаар нь өөрийгөө хөгжүүлж явсны эцэст хөтлөгч болсон. Сүүлийн үед би илтгэх урлагт сонирхолтой болоод байгаа. Өөрийн уншиж, сурч мэдсэнээ бусдад ярьж тайлбарлаж өгөх зорилгоор тэмдэглэл хөтөлдөг.

-Таны ярих чадвар мундаг шүү дээ. Тиймээс илтгэх урлагт амжилттай явах байхаа?

-Сурагчдын мэргэжил сонголт болон зөв хүн байх талаар өөрийн сурч мэдсэн жаахан ч гэсэн зүйлээ хуваалцаж сэтгэл зүрхэнд нь гэрэл асааж өгөх холын бодол ойрын зорилго тээж явна. “Бүдэг бадагхан амьдралд гэрэл нэмж амьдар Бүлээн дулаан үгсээр бусдыг мялааж амьдар” гэдэг шиг сэтгэлдээ зорилготой түүндээ хүрэх замд таарсан том бага бэрхшээлд бүү шантраарай. Зорилго доо үнэнч хүнийг амжилт тосож байдгийг өсөж яваа дүү нартаа хэлж өгмөөр санагддаг юм. Өнөөгийн нийгэмд бид ихэнх зүйлийг материаллаг талаас нь хэмждэг. Бидний ирээдүй ч мөн ингэж хүмүүжих аюултэй. Миний хувьд би бусдын амьдралд дутагдсан материаллаг зүйлийг нь өгч чадахгүй учраас халуун дулаан үгсээ илгээж, мэддэг зүйлээ хуваалцах нь л миний чадах зүйл юм даа. Өнгөрсөн жил оюутануудад гурван удаа лекц тавьсан. Уур амьсгал халуун дулаан болж чадсан.

-Шоу нэвтрүүлгийг аврах уу, унагах уу гэдэг нь хөтлөгчөөс ихээхэн хамааралтай. Хөтлөгчид бэлтгэл сургуулилт хэрхэн хийдэг вэ?

-Олон шалгуурууд байдаг л даа. Царай зүс, бие хаа, дуу хоолойны өнгө, мэдээллийг өөрийн болгох чадвар гээд л. Миний хувьд хамгийн чухал нь мэдрэмж. Хөтлөгчийн мэдрэмжийг шалгадаг бас өргөж өгдөг зүйл нь амьд шоу арга хэмжээнүүд. Амьд тоглолт шоу нь дээр хөтлөлт хийх үед зрителээ илүү мэдэрдэг. Камерын цаана байгаа үзэгчдийн эмоцийг шууд мэдрэх боломжгүй. Миний хувьд байнга өөрийгөө бэлтгэж сорьж бодож явдаг.

-Үндэсний телевиз цагаан сард зориулаад ямар нэвтрүүлэг хийж байна вэ?

– “Манай бэр” реалити шоу эхэлж байна. Монгол эрчүүдтэй ханилсан харийн бүсгүйчүүдийг оруулсан шоу нэвтрүүлэг. Глобалчлалын эрин зуунд амьдарч буй залуус Монголынхоо өв уламжлал, ёс заншилийг зөв ойлгож мэддэг үү, харийн бэрүүд биднээс юугаараа давуу ба дутуу мэдлэгтэй байна гэдгийг харуулах зорилготой. Америк, Япон, Казакстан, Улан-Удэ орноос бэр болж ирсэн бүсгүйчүүд Монголын уламжлалт цагаан сарын баярын ёс заншил, идээ ундааг хэрхэн зөв бэлдэх талаар харуулах юм. Нэвтрүүлгээ үзэгчдэд аль болох сонирхолтой байдлаар хүргэхийг зорьж байна.

-Ярилцсанд баярлалаа.


Ч.ШИЖИР: МОНГОЛ ЭРЧҮҮДТЭЙ ХАНИЛСАН ХАРИЙН БҮСГҮЙЧҮҮДИЙГ ОРУУЛСАН ШОУ НЭВТРҮҮЛЭГ ХИЙЖ БАЙНА…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.