АНУ-ын Элчин сайдын яамнаас тус улсад хөдөлмөр эрхлэх боломжтой Н-2А, Н-2В визийг монголчуудад олгох болсон талаар тус Элчин сайдын яамны Тэргүүн консул Жэсон Спелбэрг мэдээлэл хийлээ.
АНУ-ын Засгийн газар болон Дотоодын аюулыг хамгаалах яамнаас түр ажил эрхлэх визийн ангиллыг хамруулах улс орнуудын жагсаалтыг гаргасан. Энэ жагсаалтад Монгол Улсын нэр орсон.
Америкийн Элчин сайдын яамнаас 2017 оны тавдугаар сард Вашингтон руу хүсэлт явуулснаар энэ визийн зөвшөөрлийг авсан. Энэ виз нь АНУ-д хууль ёсоор хөдөлмөр эрхлэх виз юм. Монгол Улсын иргэд энэ визийг зөв ашиглаж, хариуцлагатайгаар аялж, хөдөлмөр эрхэлнэ гэж найдаж байна.
H-2A виз нь АНУ-ын ажил олгогчдод АНУ-ын ажилчид дутагдалтай байгаа үед гадаадын иргэдийг Америкийн Нэгдсэн Улс руу түр хугацааны хөдөө аж ахуйн ажил хийлгэхээр авчрахыг зөвшөөрдөг. Та Америкийн Нэгдсэн Улсад хөдөө аж ахуйн түр хугацааны эсвэл улирлын ажил, үйлчилгээ үзүүлэх гэж байгаа бол H-2A цагаачлалын бус визний ангилалд хамрагдана. АНУ-ын ажил олгогч эсвэл АНУ-ын хөдөө аж ахуйн холбооны хамтарсан ажил олгогч цагаачлалын бус ажилчны зөвшөөрлийн өргөдлийг таны өмнөөс мэдүүлнэ.
H-2B виз нь хөдөө аж ахуйн бус салбарт түр ажилчдад хамаарна. АНУ-ын Хөдөлмөрийн яаманд ажил олгогчдоос гаргасан хүсэлтийн дагуу боловсон хүчин шаардлагатай ажлын байранд түр хугацааны эсвэл улирлын ажил гүйцэтгэхээр АНУ руу зорчих бол та энэ визийг мэдүүлэх шаардлагатай.
Виз мэдүүлэгчийн өмнөөс Америкт байгаа ажил олгогч виз мэдүүлэх бөгөөд АНУ-д ажлын байрны хомсдол үүсгэхгүйгээр хөдөлмөр эрхлэх виз олгоно.
Н-2А буюу хөдөө аж ажхйн салбарт ажиллах хөдөлмөрийн визэд дугаарын хязгаарлалт байхгүй.
Конгрессоос жилд ойролцоогоор 66 мянган ажилтан хүлээж авна гэсэн тоо гаргасан. Санхүүгийн жил буюу тухайн оныхоо 10 сарын 1-нээс дараа оныхоо 9 сарын 30-ны өдөр хугацаа дуусна. Тэрхүү 66 мянган ажилтныг хоёр хувааж, хагас жилээр визийг олгодог.
2017 оны 12 сарын эцсээр эхний 33 мянган ажлын орон тоо бүрдэж, хүмүүс нь ажлаа хийж байна. Хэдийгээр Монгол Улс хөдөлмөр эрхлэх жагсаалтад орсон ч Н-2В визийг ирэх гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ.
Н2-А ВИЗИЙГ ХҮССЭН ҮЕДЭЭ МЭДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
Н-2А виз нь дугаарын хазгаарлалтад ордоггүй учир хүссэн үедээ виз мэдүүлэх боломжтой.
Виз мэдүүлсэн хүнд хүйсийн хязгаар тавихгүй. Насны хязгаар мөн тавиагүй байх гэж бодож байна. Мөн англи хэлний шалгуур тавихгүй.
-Энэ визийг цаашид үргэлжлүүлэн олгох уу?
-Монголын виз 2019 оны нэгдүгээр сарын 17-ныг хүртэл хүчинтэй. Дараагийн жилүүдэд хамрагдах боломжтой ч хэд хэдэн хүчин зүйлээс хамаарч өөрчлөлт орж болно. Гадаадын иргэдийн улс орноос албан шаардлагаар гаргахад хэрхэн ажиллаж байгаа талд дүн шинжилгээ хийдэг. Энэ зөвшөөрлийг авахад Монгол Улсын Засгийн газраас гадаадын иргэдийг албан шаардлагаар гаргахад хамтран ажилласан нь сайнаар нөлөөлсөн. Энэ жилийн жагсаалтаас гурван улс орон хасагдсан. Шалтгаан нь тухайн визийг ангиллын дагуу хариуцлагатайгаар ашиглаж, хөдөлмөр эрхлээгүйтэй холбоотой.
Н2-В ВИЗЭЭР АЖИЛЛАХ ДЭЭД ХУГАЦАА НЭГ ЖИЛ
-Виз хүссэн хүнд ямар шалгуур тавих вэ?
-Хөдөлмөр эрхлэх сертфикатаас хамаарч визийн хугацаа, тухайн хүнд тавих шаардлага нь тус бүртээ өөр. Энэ визээр ажиллах дээд хугацаа нэг жил байна. Виз хүссэн хүн тухайн визийг авсан тохиолдолд гурван жил сунгаад ажиллах боломжтой гэж үздэг. Энэ хоёр төрлийн визийг мэдүүлж байгаа хүнд тавих үндсэн шалгуур бол визийн хугацаанд хөдөлмөр эрхлээд эх орондоо ирэх зайлшгүй шаардлагатайг нотлох хэрэгтэй болно.
Сэтгүүлч Э.Оргил | GoGo.mn