Цэцэглэдэггүй цэцэг /өгүүллэг/

photo-1464982326199-86f32f81b211

Шороо яран тэмүүлсээр түүнийг анх цухуйхад цонхон цаана сар гийж одод түгсэн өвлийн нэгэн саруулхан шөнө байлаа. Хөгнө шиг хар ногоон иштэй авирдаг энэ цэцэг бол хуримын бэлгэнд ирсэн тасалгааны есөн цэцэгний нэг. Гэрийн эзэгтэйд бол өнгө өнгөөр алагласан эдгээр цэцэгсийн дотроос хамгийн царай муутай нь тэр байлаа.

Цаг хугацаа…
Бэлгэнд ирсэн ихэнх цэцэгс одоо өнгө өнгийн, өөр өөрийн гоо үзэсгэлэнтэй цэцэг гаргасан бөгөөд маш тэсвэртэйд тооцогддог Мөнхрөө цэцэг, “царай муут” Хөгнөлж хоёроос л цэцэг гарахгүй удлаа. Өглөө бүхэн эзэгтэй цэцгүүдээ арчилж услах бөгөөд дээрх хоёр цэцгийг хамгийн сүүлд усалсан болоод орхино. Залуу хосуудын хувьд бүх юм сайхан байсангүй. Үе үе бие бие рүүгээ хатуу үгс шидэлцэнэ. Нэгэн шөнө Мөнхрөө анхилуун үнэртэй олон жижиг цэцэг дэлгэлээ. Харин “царай муут” салхивчны бариулд хүртэл өндөр ургасан боловч цэцэг гаргахгүй л байлаа. Өглөө нь эзэгтэй Мөнхрөө цэцэглэсэн байхыг олж үзээд баярласан боловч Хөгнөлжийг тэгтэл урт ургасанд яагаад ч юм дургүй байв. Салхивч нээх гэтэл бариулаас ороосон иш нь саад болсон тул эзэгтэй “царай муутын” хоёр гурван ишийг салхивчнаас салгах гэж хэсэг оролдоод эцэст нь хайчилж орхив. Шинэхэн амьдралаа өндөрт ургуулж, үзэмжит сайхан цэцэг дэлгэрүүлэх гэсэн түүний урам хүслийг нөхөр нь урд шөнө үгэн хайчаар тайрч орхисон шиг.

Цаг хугацаа…
Өдөр хоногууд ар араасаа цуварсаар нэг сар, хоёр сар, гурван сар өнгөрлөө. Урьдын гал халуухан өдрүүд, хэрүүл маргаан, уур уцаар, гомдол цөхрөлөөр солигдож байлаа. Эзэгтэй өглөө бүр нөхрөө явсны дараа хуримын бэлгэнд ирсэн цэцгүүдээ удтал харж зогсоно. Баримгана цэцгээс сэтгэлийн таашаал, Бортголжоос баяр баясал, Мөнхрөөгөөс бол халуун дулаан мэдрэмж, Удумбараас эрч хүч олж авдаг мөртөө Хөгнөлжийг ингэтэл тэмүүлэн ургадагт нэг л дургүй байсан нь салхивч нээхэд саад болдогтой холбоогүй бололтой. Тэр яг л өөртэй нь адилхан санагддаг байв. Хөгнөлж ургасаар ахиад л салхивчны бариул хүртэл авирчээ. Гэхдээ өмнөх шигээ бариулыг сайтар ороосонгүй ердөө л тулсан төдий. Эзэгтэй:
- Чи цэцэглэдэггүй муу цэцэг. Харин би хүүхэд гаргадаггүй муу эхнэр. Бид хоёрт хоёуланд нь тэр дургүй гэж хэлээд шилбээр нь ахиад л тайрч орхив. Бусад цэцгүүд сүүдэр туссан мэт болохыг эзэгтэй олж харсангүй.

Өвөл анх нахиалсан болоод ч тэрүү “царай муут” сэрүүн цэнгэг агаар сэвэлзэх салхийг хүсэж, шархалсан иш нь хайраар дутаж байв. Гэвч эзэгтэй нөхөртөө энхрийлүүлж, халуунаар тэврүүлэхийг хүсдэг хэрнээ хүн цэцэг хоёул байгаль эхийн хүүхдүүд гэдгийг мартжээ.

Цаг хугацаа…
Тэр хоёрын хуримын халуун шөнөөс хойш нэг жил өнгөрчээ. Урд шөнө нөхөр нь гэртээ ирсэнгүй. Хуримын ойд зориулан зассан ширээ илүү ажил болоод өнгөрлөө. Эзэгтэй хөшигөө яран салхивчаа нээгээд эргэснээ гайхан зогтусав. Салхивчны бариулаас зуурчихдаг өнөөх Хөгнөлж хаачив? Тэр Хөгнөлжийг хараад хайч руу яарав. Царай муут дээшээ тэмүүлэхээ больжээ. Тэр гоёмсог саваа тойрон тэвэрч 2 метр гаруй урт ургажээ. Гэвч ямар ч цэцэг гаргасангүй. Эзэгтэй энэ удаа түүнээс ердөө төө хэртэйг л үлдээлээ. Тэгээд савыг нь хальтал ус дүүргээд,
-Яавал чамайг цэцэглүүлэх вэ? Чамаас өөр цэцэглэдэг цэцэг энэ дэлхий дээр олон байдаг юм ш дээ. Нөхөр маань согтуудаа ингэж хэлсийн. Урд шөнө тэр нөгөө цэцэглэдэг цэцгээ усалж хоносон байх тийм үү? Гэтэл чи бид хоёр… гээд өвдгөө тэврэн суугаад уйлав. Гоёхон Хайтан, Тогосон сүүлт цэцгүүд Хөгнөлжийн уй зовлонг хуваалцах гэсэн шиг дэлбээгээ түүний арьсархаг навчин дээр унагахтай зэрэгцэн гал зуухны хүйтэн шалан дээр ганцхан дусал бүлээн нулимс унав. Хэт хатуу хандах үед зовлонг даван туулах ёстой, маш тэсвэртэйд тооцогддог Мөнхрөө цэцэг ч олон жижигхэн дэлбээгээр уйллаа. Цаг хугацаа л харин юуг ч үл тоох тул улиран өнгөрсөөр л байлаа.

Цаг хугацаа…
Ахиад л өвөл болж цонхон цаана нэвсгэр цагаахан цас хаялавч Хөгнөлж түүнийг харах гэж өндийсөнгүй. Эзэгтэй одоо өөртөө, бас түүнд /Хөгнөлжид/ арай илүү анхаарал хандуулах болсон ч тэрээр энэ урт хугацаанд ердөө хоёр төө л ургажээ. Уг нь ийм хугацаанд салхивчны бариулаас хэд хэд ороон хоёр метр гаруй урт ургачихсан байдагсан. Эзэгтэй түүний гоёмсог савыг арчиж байгаад хэд хэдэн газар цуурсан байхыг олж үзээд “Энэ сайхан сав чамд багадлаа гэж үү? Гаднаа гоёмсог хээ хуартай хэрнээ дотроо давчуухан байна уу? Хүмүүс бид 2 ийг хараад атаархам сайхан амьдралтай залуу хос гэж эндүүрдэг шиг л” гэж шивнэв. Нөхөр нь тэр орой савны цуурхайгаар шороо нь асгарсан хэдэн навчийг гаргаж хаях тушаал буулгав. Тэдний харьцаа нэг үеэ бодвол арай дээрдсэн тул энүүхэн дээрээс болж маргалдахыг хүссэнгүй өглөө гаргаж хаяхаар болоод унтацгаав. Ямар өндөрт тэмүүлэн ургадаг байсныг нөхөр нь нэг ч удаа хараагүй болохоор түүнд “царай муут” огтхон ч хайран биш л дээ.

Маргааш өглөө нь эзэгтэйг гарахад гадаа зөөлөн цагаан цас хаялж байлаа. Яг л ийм нэг сэвсгэр цагаан цас хаялсан өвлийн цэнгэг өдөр тэд анх гэрлэж билээ. Гэрийнхээ ойролцоох тоглоомын талбайд Хөгнөлжөө уутнаас гарган тавиад шуугилдан гүйлдэх жаалуудыг хайр дүүрэн нүдээр ширтэнэ. Мөрөөдөлдөө дарагдан суусан эмэгтэйг цочтол орилов.
-Хөөх цэцэг…
Жаалхүү гүйж очоод цуурсан савыг хагартал өшиглөлөө. Эзэгтэй сандлаасаа огло үсрэн босоход түүний царай ихэд цочирдон айж балмагдсан шинжтэй байв. Зөөлөн цас хаялсаар л. Цав цагаахан цасан дээр хар шороо цацагдаж, хар шороон дундаас цас мэт цагаан, од мэт олон цэцэгс гэрэлтэнэ. -Үгүй байлгүй дээ…
Хөгнөлж үндэсээ хэрэн шороон дундуур тэмтэрсээр гоёмсог саваа цууртал ургасан байжээ. -Дотогшоогоо ургачихаж… дотогшоогоо цэцэглэчихэж… Хэрэв цэцэглэж гэмээ нь намайг цэцгийг чинь ч бас хайчилчихна гэж эмээгээ юу? Эвий хөгнөлж минь…
Цас мэт цагаахан цэцэгс өвлийн цэнгэг салхи хөлөглөн нэг нэгээрээ нисэж будрах цасан ширхэгүүд дунд уусан замхрах нь удаан хүлээсэн эрх чөлөөгөө эдэлж байх шиг байлаа. Эзэгтэй нүүрээ даран асгартал уйллаа. Ингээд чи хүртэл цэцэглэчихлээ шүү дээ гэж хэлэхтэй нь зэрэгцэн гэдсэнд нь ямар нэг зүйл хөдлөх ч шиг болж дотор муухайран огиулав.

Эх сурвалж: Батхүүгийн Батзаяа

Цэцэглэдэггүй цэцэг /өгүүллэг/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.