Заяаны ханиа сонгон олох гэдэг амаргүй ажил. Залуу хүүхнүүд сайн ханьтай болох гэж мэргэн түргэн авгай нарыг бараадаж, зарим нь эсэн бусын идтэн шидтэй гэгдэх хүмүүст очиж танилцсан залуусынхаа хэн нь насны хань байж таарах вэ гэдгийг үзүүлцгээдэг.
Италийн гэмт хэрэг ба сэтгэц судлаач Чезаре Ломброзо /1835-1909/ хүний гадаад төрх байдал, үйлдэл хийх хандлага хоёрын хооронд тодорхой уялдаа байдгийг нээсэн бөгөөд тэдгээр нь хүний зан авир, чиг хандлага, авьяас чадварыг илтгэн харуулдаг болохыг олж тогтоосон байна.
Хамраар шинжихүй
Одоо таны сонгож байгаа залууг сайн мэдэхийн тулд физиогномикийн ухааны үүднээс эхлээд хамрыг нь авч үзэе. Хамар бол тухайн хүний тухай ихийг өгүүлдэг нандин эрхтэн аж.
Нэг: Хэрэв таны хайртай залуугийн хамар нь дундуураа төвгөр бол шударга үнэнч зантайнх. Тэр таны нэр хүндийг сайн хамгаалж чадна.
Хоёр: Хэрэв таны хайртай залуугийн хамар нь төвгөр хоншоортой ойролцоо бол нэлээн хэрүүлч байх учир болгоомжилсон нь дээр.
Гурав: Хэрэв таны хайртай залуугийн хамар шантгар бол ийм хүмүүс илүү үгэнд дуртай байдаг. Ийм хамар хавь ойрынхоо юмуу танил талынхаа хүмүүсийн аливаа нууцыг сонирхдгийн шинж ажээ. Ер нь шантгар хамартай хүнтэй хамт байсан цагт өдөржин янз бүрийн асуудал тулгарна.
Дөрөв: Хэрэв таны хайртай залуугийн хамар ялимгүй баруун тийш муруй бол таны зарсан мөнгийг байнга яс тооцож байх бөгөөд ер нь иймэрхүү хамартнууд бусдыг бодвол илүү сэжиглэмтгий хардамтгай байдаг.
Нүдээр шинжихүй
Физиогномикийн ухаан нүдэнд ихээхэн ач холбогдол өгдөг. Эр хүний нүдийг ажаад харахад хайрлах, өрөвдөх, энхрийлэх шинж илэрвэл анхаарч үзэхээс өөр аргагүй. Хэрэв хүйтэн, зэвүүн, хэнэггүй шинж ажиглагдвал эртхэн шиг зугтаасан нь дээр. Бас муугүй жүжиглэж нүдээ янз бүрээр аятайхан харагдуулж болох боловч яаж ч жүжиглээд насан туршдаа хуурна гэж байдаггүй аж. Эрт орой нэгэн цагт тийм хүний нүд жинхэнэ байдалдаа орох тул эрчүүдийн нүд рүү аль болохоор сайн ширтэж байвал зохино.
Aм, хамар, чих, уруулаар шинжихүй
Нөхөр чинь болъё гэж байгаа хүний ам нь бас л ихийг хэлж өгнө. Ам нь хэтэрхий том байгаад нүүртээ зохицолгүй харагдвал хэтэрхий аманцар, худлаа хэлэх хандлагатай байдаг.
Харин нимгэн уруул их нарийн ухааныг илэрхийлнэ. Гэвч физиогномистүүд хэтэрхий нимгэн уруултай хүнийг урвамтгайг илэрхийлдэг гэжээ. Зузаан ч үгүй нимгэн ч үгүй уруул үнэнч, сайныг илэрхийлж байдаг ажээ.
Одоо чихийг авч үзье. Хэрвээ чих нь ав адилхан зөв хэлбэртэй онцгой ялгарах юм юу ч үгүй бол маш сайн гэсэн үг. Хэрвээ чих нь жижигхэн ч гэсэн зөв хэлбэртэй байвал муу юм алга. Учир нь ийм чихтэй хүмүүсийн дотор ухаантай, юмыг зөв боддог хүмүүс ихээхэн тааралддаг байна.
Төгсгөлд тэмдэглэж хэлэхэд дээрх бүх шинжээс зөвхөн зөв сайныг илэрхийлсэн хүн бараг тохиолдохгүй л болов уу. Тэгээд ч тийм хүн тааралдлаа гэхэд тун уйтгартай хүн байх биз. Иймд танд хайртай нь л гол учраас зарим нэг дутагдлаас нь айх явдалгүй юм шүү.
Бэлтгэсэн:А.Уян
Эх сурвалж:Factnews.mn