•Worldtop10.net цахим хуудас дэлхийн хамгийн хүйтэн 10 орныг нэрлэхэд Монгол аравдугаарт жагсав. Манай улсын жилийн дундаж температур 0 градус бөгөөд нэг, хоёрдугаар сард хамгийн хүйтэн буюу дундаж градус нь -20-д хүрдэг хэмээжээ. Уг жагсаалтыг АНУ, Эстони, Финланд, Канад, ОХУ зэрэг улс өнгөлсөн байна.
•CNN дэлхийн хамгийн өвөрмөц, “догь” үндэстнүүдийг нэрлэхэд Монгол дөрөвдүгээрт жагсав. “Нүүдэлчин уламжлал тэнд одоо ч бий бөгөөд монгол гэрт уртын дуу сонсох нь хамгийн догь. Гутал, хувцас, эд хэрэгсэл бүр нь уламжлалаа хадгалан, өөрчлөгдөөгүй цөөн үндэсний нэг нь монголчууд” хэмээн тодотгожээ. Жагсаалтын эхний аравт Бразил, Ямайк, Испани, БНСУ зэрэг улс багтав.
•Дэлхийн хамгийн адал явдалтай газруудын жагсаалтад манай улс гуравдугаарт багтлаа. “Ямар нэг хиймэл зүйл, технологи ашиглахгүй жинхэнэ адал явдлыг эрэлхийлж байгаа бол та Монголыг зорь. Элсэн цөл, өвст нуга, томоохон нуур, өндөр уул нурууд гэхчилэн байгалийн өвөрмөц бүхэн энд цогцолсон” хэмээн Worldtop10.net цахим хуудаст бичжээ.
•Ямааны болон тарваганы боодог дэлхийн хамгийн айдас хүргэм хоолны жагсаалтын хоёрдугаарт бичигдэв. “Нүүдэлчид эрт үед хээр хийж идэхэд хялбар байхаар уг хоолыг зохиосон ч монголчууд өдгөө хүртэл энэ зоогоо дээдлэн, баяр ёслолоор иддэг хэвээр. Ямааны арьсыг хуулалгүй дотор нь халуун чулуу хийж, чанаж иддэг” гэж “bizzarefoods.com”-д бичжээ. Уг жагсаалтын дөрөвдүгээрт хонины чанасан толгой багтав. Энэхүү жагсаалтыг өтсөн бяслаг, Вьетнамын бойжиж буй дэгдээхэйтэй чанасан өндөг, Хятадын сарьсан багваахайтай шөл удаалжээ.
•“Time” сэтгүүл дэлхийн хамгийн нууцлаг, хачин жигтэй амьтдын жагсаалтыг нийтлэхэд Монголын олгой хорхой тэргүүлжээ. “Mongolian death worm” хэмээн нэрлэгдсэн уг хорхойн тухай анх 1926 онд Рой Чэпмэн Эндрюсийн бичсэн “On the Trail of ancient man” номд өгүүлсэн байдаг ч нутгийн ардуудын ярианаас өөр уг амьтныг байдаг гэх нотолгоо өнөө хэр олоогүй. Уг жагсаалтад алмас, Лохнесс нуурын мангас, аварга биет анаконда зэрэг амьтан багтсан байна.