“Ерөнхийлөгчийг загнадаг эмэгтэй” буюу “meme”-ний эзэн болсон Г.Батмөнхийн ярилцлага “Өнөөдөр” сонинд нийтлэгджээ. Түүний ярилцлагаас онцлох 22 эшлэлийг хүргэж байна.
1. Намайг ингэж ярилаа гээд буруутгасан хүмүүс цаашид хүүхдээ ийм улсад яаж амьдруулах вэ гээд бодоод үз.
2. Тамхины хяналтын тухай хууль нь үнэхээр утгагүй, хэзээ ч хэрэгжихээргүй байхад шүү. Санаачилж, батлуулсан хүн нь өөрөө Төрийн ордонд тамхи татаж, архи уусан биз дээ.
3. Энэ нийгмийн муу муухай, болохгүй бүтэхгүй зүйлүүд дээрээсээ доош урсгалтай. Үүнд л би бухимддаг.
4. Өөр улсад багагүй хугацаанд ажиллаж, амьдарч үзсэний хувьд хэлэхэд, манай төр, засаг ард түмнээрээ ажил хийлгэхгүй байна. ТҮЦ ажиллуулахад хүртэл саад болдог.
5. Бид чөлөөтэй ажиллаж чадахгүй, боомилогдчихсон учраас хүмүүс гадаад явах гээд үхэн хатан зүтгэж байна.
6. Иргэд хэзээ ч асуудлаа шийдүүлж чаддаггүй, үргэлж хохирч амьдрах ёстой юм уу.
7. Залуу нас, хүч хөдөлмөрөө улсынхаа хөгжилд зориулж чадаагүйдээ харамсдаг.
8. Манай ардчилал хүнээ хаячихсан. Яг намайг хаясан шигээ тал тал тийш тарж бутарсан монгол хүнээ ч тоолгүй орхисон.
9. Би хэдийгээр мундаг том сургууль төгсөж, айхтар боловсрол эзэмшээгүй ч ардчилал гэдгийг хүн гэж ойлгодог.
10. Ард түмнээ бодож, сайхан амьдруулж чадвал улс аяндаа хөгжинө.
11. Монголчууд хүлцэнгүй, шашинд автаж, бөөсөө ч алж чаддаггүй байсан шигээ болчихож.
12. Хамгийн аймшигтай нь архидалт. Гуравхан сая хүн амтай Монгол Улсад архины хэдэн үйлдвэр байна вэ.
13. Уг нь манай улс Азийн Швейцарь болох ёстой гэж боддог. Гуравхан сая хүнтэй, маш их баялагтай хэр нь яагаад Швейцарь шиг хөгжихгүй байгаа юм бэ.
14. Гуравхан сая хүн амтай улсад уг нь чанартай, цөөхөн сургууль байхад л хангалттай санагддаг.
15. Хамгийн гол нь энэ улс орон эзэнтэй болох ёстой. Одоо эзэнгүй айлын хэдэн замбараагүй хүүхэд тэлчгэнэж байгаа юм шиг харагдана.
16. Монголын баялаг бол монгол хүн. Энэ баялгаа ашигламаар байна. Бие биенээ хайрлаж, хүндэтгэж байж л энэ улсаа авч явна. Хүн бүр эх орныхоо эзэн нь байя.
17. Намайг БНСУ руу явахад Монгол Улс ямар байсан, 12 жилийн дараа эргээд ирэхэд яг хэвээрээ байсан. Нэмэгдсэн зүйл гэвэл хэдэн барилга.
18. Гуравхан сая хүнтэй хэрнээ 40-өөс дээш насныхныг ажилд авдаггүй. Уг нь бол 80 гарсан ч чадах зүйлээ хийгээд, зүтгэж байгаад улсаа хөгжүүлнэ.
19. Хүн бүхэн хичээж ажиллах хэрэгтэй.
20. Манайхан эрт босохгүй юм. Болдог бол нийтээр нь эрт босгодог дохио дуугаргаад ажилд нь гаргамаар байна.
21. 76 хүн, тэдний “үржвэр” байгаа цагт манай улс өөдлөхгүй.
22. Төрийн эрх барьж буй хүмүүс яг юу хийгээд байна аа. Бид дэндүү ноомой байгаа юм биш үү.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин