Танилын хүрээгээ тэлэх 5 алхам

couple-cooking-laughing

Шинэ танилтай болох нь өөртөө цоо шинэ ертөнцийг нээхээс өөрцгүй. Хүүхэд гаргаж гэртээ байсаар хүмүүсээс холдсон бол, эсвэл ажлын хамт олноосоо өөр хүмүүстэй танилцаж нөхөрлөхийг хүсвэл дараах 5 алхмыг хэрэгжүүлээрэй.

1. Оролц
Мэдээж шинэ танилтай болохын тулд шинэ хүмүүстэй танилцах хэрэгтэй. Харин шинэ хүмүүстэй танилцахын тулд чи шинэ арга хэмжээнүүдэд оролцох хэрэгтэй. Чиний мэдэхгүй маш олон сонирхлын бүлгүүд байдаг. Facebook-ын группуудээс өөрийнхөө дуртай зүйлээр хайж үзээрэй. Олон танихгүй хүмүүсийн дунд орно гэхээр нэг л төсөөлөгдөхгүй байж магад. Гэхдээ тийм бүлэгт нэгдэж байгаа хүн бүхэн эхэндээ бие биенийгээ танихгүй л байдаг. Хоол хийх дуртай бол хоолны клубт элс. Хүүхдийнхээ ангийнхны ээжүүдтэй уулзалт зохион байгуулж ч болно. Яруу найргийн, кино сонирхогчдын, блогчдын, гар урлал хийгчдийн гэх мэт төрөл бүрийн бүлэг бий.

2. Бусдын амыг нээ
Шинэ хүмүүстэй танилцах боломж байдаг ч, тэдэнтэй мэндлэхээс хэтрэхгүй байвал танилын хүрээгээ тэлж чадахгүй. Тиймээс хүмүүстэй харилцаа холбоо тогтоох хэрэгтэй. Хэрэв чи ичимхий бөгөөд өөрөө төдийлөн ам нээж чадахгүй байвал асуулт асуу. Өмссөн хувцсыг нь магтах, хийсэн зүйлийнх нь талаар асуух мэтээр яриа өд. Ихэнхдээ хүмүүс өөрийнхөө талаар ярих дуртай байдаг.

3. Бусадтай хуваалц
Шинэ танилтай болохын тулд ганцхан чи л асуулт тавиад байж болохгүй. Энэ байдал удаан үргэлжилвэл харилцагч чинь чамаас дөлж, залхах болно. Тиймээс түүний ярианаас өөртөө байдаг ижил шинж чанаруудыг хай. Магадгүй тэр чамтай адилхан Б.Лхагвасүрэнгийн шүлгэнд дуртай байж мэднэ. Эсвэл чиний байнга ордог газраар үйчлүүлэх дуртай ч юм уу. Чи яриан дундуур өөрийнхөө талаар ч бас хуваалцаарай. Хуурамч түүх зохиох гэж оролдох хэрэггүй. Байгаагаараа л байвал тэд чамд амархан дасна.

4. Төлөвлөгөө зохио
Хэдийгээр олон шинэ хүнтэй танилцсан ч, тэдэнтэй тогмол холбоотой байхгүй бол мартагдаж орхино. Тиймээс шинэ найзыгаа оройн хоолонд урих юм уу, хамтдаа ямар нэг үйл явдалд оролцохыг уриалж болно.

5. Бусдад тусла
Найзууд бие биедээ тусалдаг. Хэрэв тэр өөртөө байгаа жижиг ч болов асуудлын тухай яривал түүнд нь өөрийн зүгээс хэрхэн тусалж болохыг асуу. Тэр ойрын үед хүүхдээсээ болоод нөхөртэйгөө цагийг тусдаа өнгөрүүлж чадахгүй байгаа тухайгаа яриандаа хавчуулвал нэг үдэш хүүхдийг нь өөр дээрээ авч, түүнд ханьтайгаа болзоонд гарах боломж бүрдүүлж өгч болно. Үзэг унахад нь авч өгөх, эрж байгаа зүйлийг нь цуг хайлцах зэрэг жижигхэн тус ч хүнд том сэтгэгдэл төрүүлдэг. Мөн тулгарсан асуудалд нь өөрийнхөө туршлагаас зөвлөгөө өгч ч тусалж болно. Шинэ танил чинь чамд туслахыг хүсч магадгүй. Бүү нэрэлхэ. Сэтгэлийг нь хүлээж ав. Түүний тус чамд огт илүүдэхгүй, магадгүй чи түүнээс өөрийнхөө мэдэхгүй шинэ туршлагыг ч суралцаж болох юм.


Танилын хүрээгээ тэлэх 5 алхам
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.