Сонголт /уран нийтлэл/

03_sqDyxQoШидтэн түүнд 2 сонголт бэлджээ.
1. Энгийн
2. Хээнцэр гэсэн бичигтэй цаас өгөөд
- Сайн тунгаа. Энэ хоёр замын аль нэг нь чиний хувь тавилан байх болно.

ЧИГ ЧAГ !!! Цаг явсаар 2 цаг 4 минут 7 секунд болоход ДИН !!! Тод хонхны чимээ сонсогдлоо.
-Аль үгийг сонгосон бэ?
-Би шийдсэн. “Хээнцэр” хэмээн зоригтой, бардсан өнгөөр хэлээд, нүдээ нэг цавчаад нээтэл, “Гайхалтай. Сайхан үнэртэй юм. Үнэхээр сайхан. Сэтгэл гэгч эрхтнийг өөртөө дурлуулахаар сайхан юм. Биендээ уусгаад дахин хэзээ ч гаргамгүй энэ энхрий үнэрт мансуурч байна. Нүдэнд тусах өнгөт үзэсгэлэн гуад шунаглан татагдахад зовхи гэх нимгэн хальс цагаа тулахаар ямар төвөгшөөмөөр зүйл болно вэ? Хором мөч бүрийг алдмааргүй зөвхөн тэр л сайхныг дооль бүрт харахыг хүсэмжлэн шунаглана. Гар хүрэхэд ч хайран тэр нэгэн бүсгүй миний хувь тавилан юм байна” гээд баяслаа. Хориотой гэх хориг саад бүгдийг нь устгасан мэт юу ч саад болохгүй. Тэр өнгөт бүсгүй цэцэгт хотхоноор бие нүцгэн эрхлэн гүйнэ. Бал бурам амсуулах мэт. Бүх зүйл үнэхээр амар хялбар. Тэг гэхэд тэрийг нь хийж, ингэ гэхэд үүнийг нь хийж өгнө. Он сарыг ч үл анзааран халуун хөнжилд энхрийлэлцэнэ.

Хүн амархан шунадаг ч түүнтэй адил хуурамч зүйлээс амархан уйддаг ажээ. Энэ бол угаас төрөлх зан. Жаргал гэж үү? Хоосон мэдрэмж байна. Тэр миний утсан хүүхэлдэй шиг л байх болж дээ. Чи сайхан юм, чимэгтэй, өнгөлөг юм. Гэхдээ хов хоосон мэдрэмж. Хэт их жаргал, амар хялбараар надад ирсэн. Гэхдээ энэ зөв сонголт байсан уу? Урагшаа, хойшоо болох хуучны модон түшлэгт савлууран сандал дээр юу ч сонсогдохгүй бас юу ч мэдрэгдэхгүй зүгээр л бүх бие нь хоосорч буйг мэдрэн хөлөө унжуулан залуу гунхиран савлана. Хээнцэр чаминд татагдаж, хэт их амар жаргалыг хөөж, зуун жил ганцаараа амьдрах хувь тавилангийн цондонг өөртөө ноогдуулсан нь тэр. Сая л ухаарлаа.

Жинхэнэ ухаарал ирэх үед өнөөх хий хоосон өнгө үзэмжит бүсгүй утсан хүүхэлдэй шиг харагдана. Ой гутна. Жинхэнэ хүнийг хүсэмжилнэ. Өөрөөс нь өөр хэн ч үгүй энэ газарт тэр зүгээр л сүнсээ худалдсан хоригдол болсон нь уйтай гашуун. “Эргээд ганцхан удаа сонголтынхоо өмнө очихсон, энгийн гэсэн тэр үгний ард юу байсныг харахсан” гэж тэр мөрөөсөнө, гашуудана, гаслана. Судсаар нь урсах цусны дусал бүр нь харуусан мэлмэрэх шиг. Өнөөх хээнцэр бүсгүй, хээнцэр цэцэрлэг, хээнцэр ор, хээнцэр амьдрал нь тэр чигтээ хэнд ч хэрэггүй хүүхэлдэйн наадгай шиг үзэгдэж толгой нь дүнгэнэн өвдөнө. Одоо бол тэр юу ч мэдэрсэнгүй. Гэтэл бурханы сонголт хийлгэсэн өнөөх газарт залуу гэнэт сэрнэ чинээ яаж мэдэх билээ.

Хар даржээ. Хэзээ ч хар дарсны дараа ийм их жаргалтай байсангүй. Судсаар нь гүйх цус нь хүртэл мөнөөх зүүдний гунигийг мартан халуунаар булгилан долгиолж хамаг бие нь эрч хүчээр бялхлаа. Одоо л зөв сонгоно гээд амьсгаа авлаа.

Шидтэн түүнд хоёр сонголт бэлдсэнээ хэллээ.
1. Энгийн
2. Хээнцэр… гэсэн бичигтэй хоёр цаас өгөөд “Cайн тунгаа. Энэ хоёр замын аль нэг нь чиний хувь тавилан байх болно…”
Цаг явсаар 2 цаг 4 минут 7 секунд болоход ДИН !!! Тод хонхны царгиа сонсогдлоо.
-Аль үгийг сонгох вэ?v -Би шийдсэн гээд “Энгийн” хэмээн эгэл даруухан өнгөөр хэлээд нүдээ нэг цавчаад нээтэл, нүүр дүүрэн мишээлтэй, жижигхэн гартай, өхөөрдмөөр цайвар дугариг царайтай охиныг хөтлөөд алхаж байв. “ХАЙРТАЙ” гэж шивнээд, хацар дээр нь үнсэх тэр эгшинд “Өнгөнд биш зүрхэнд, үзэмжинд биш мэдрэмжинд, өөрийн сонголтоо зөв хийвэл тэр л амьдрал юм байна” гэж ухаарлаа. Энгийн бүхэн аугаа.

Эх сурвалж: Б.Лхамгүнд

Сонголт /уран нийтлэл/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.