Ганц бие амьдралд “дурлах” 7 шалтгаан

11018919_1462096000771635_3900329851552826199_n

Дурлах эр олдохгүй бол, шаналаад байлгүй, оронд нь ганц бие амьдралдаа дурла! Тийм ээ, чиний хажууд даршилсан өргөст хэмхийг чинь онгойлгоод өгөх, нүдэнд торсон аалзыг гишгүүлэх, хүнд цүнхээ бариулах эр хүн байхгүй л байгаа л даа. Гэхдээ эерэг талаас нь хараад үзвэл, чиний хажууд чамайг өөлөх, гомдоллох эр хүн байхгүй. Чи 100 хувь өөртөө л таалагдаж амьдрахад болно. Ганц бие амьдралд дурлах 7 шалтгааныг жагсаая.

1. Оройн хоолондоо өндөг шарж, өглөөний цайндаа пицца идэж болно
Ядарч ядарч орж ирчихээд дахиад л оройн хоол хийж гал тогоонд борви бохис хийлгүй хөдлөх нь заримдаа залхуутай байдаг. Ийм үед ганц бие бүсгүйчүүд зүгээр л өндөг эсвэл талх шараад идчихэд болно. Харин эрчүүд гэдэг махгүй л бол унтаж чаддаггүй хүмүүс. Хэнээс ч юу ч асууж, жаахан ч атугай зөвшөөрөл авалгүйгээр өөрийнхөө дураар идэж, ууж чаддаг учраас ганц бие амьдралд дурла.

2. Орон дээрээ дураараа хөлбөрч болно
Хаашаа л бол хаашаа хөлбөрч, өнхөрч, дураараа хөдөлж болох том ор ганцхан чинийх. Даавуугаараа хөлөө ороож, гараа дэлгэж, бүх дэрнүүдийг хэрэглэж, хүссэнээрээ “таван хошуу” болж хэвтэхийн жаргалыг ядаж хуруундаа бөгж зүүгээгүй, ганц бие бүсгүйчүүд л амсаж чадна. Хурхирдаг, хийтэй эртэй ороо хуваалцдаггүй болохоор ганц бие амьдралын төлөө Ура!

3. Ганц бие учраас, хүссэн хүнтэйгээ болзож, нэг өдөрт хоёр эртэй уулзаж үзэж болно
Таалагдсан эр болгонтойгоо учир ургуулахад буруу зүйл байхгүй. Гэхдээ гэрлэсэн, эсвэл найз залуутай үед энэ эрх чөлөө бүрэн хаагддаг. Ганц бие байхдаа л бид эрчүүдийг татах туршлагыг өөртөө хуримтлуулж авах ёстой биш гэж үү? Тэгвэл дараа нь жинхэнэ алдаж боломгүй алт шиг эр дайралдахад гарцаагүй уургалаж чадна.

4. Сээтэгнэлийн амтыг мэдэрч чадна!
Хувцасны дэлгүүрийн царайлаг худалдагчтай, кофишопын халуухан зөөгчтэй, гудамжинд зөрсөн тачаангуй эртэй харцаараа ярилцах хичнээн кайфтай билээ? Эрч хүчээ сэлбээд авах амархан арга бол сээтэгнэл. Хэнтэй ч хамаагүй сээтэгнэж болно, харин хэнд нь утасныхаа дугаарыг өгөхийг чи л шийднэ. Сонголт хийгээгүй байх үеийн сайхан нь сонголт хийх эрх чиний гарт байгаа гэдгийг мэдрэхэд оршино.

5. Facebook—ийн дуулиан шуугианаас хол байж чадна
Хостой болчихоор Facebook-ийнхны хараанд хичнээн өртдөг гээч? Чиний экс, түүний экс, та хоёрын найзууд гээд л та хоёрыг амар тайван байлгахгүй ч байж мэдэх хүмүүс олон бий. Хэнээс ч хамааралгүй байгаагийнхаа ачаар хэн ч чамайг “оролдох”-гүй байгаа юм. Амар тайван компьютерээ асааж чаддаг ганц бие бүсгүйчүүдэд баяр хүргэе.

6. Найзуудтайгаа илүү их цагийг өнгөрөөнө
Найзууддаа цаг гаргаж чадахаа больсон тухай гомдол хостой бүсгүйчүүдийн амнаас л их унадаг. Тэгвэл юу гээч? Ганц бие байх хугацаандаа хайртай охидтойгоо илүү олон хөгжилтэй зүйлсийг хийж, нөхөрлөлийнхөө утсыг эрчлээд авах хэрэгтэй.

7. Хэдэн ч долоо хоног “вакс”-дахгүй явж болно
Ганц бие амьдралд дурлах практик шалтгаан. Нойр, залхуу хоёрын аль нэг нь хүрээд байвал ганц бие бүсгүйчүүд хөл, гарынхаа үсийг хусах талаар ор тас мартчихаад л унтаад өгч болно. Тэдэнд хостой бүсгүйчүүд шиг нойрон дундуураа өөрийгөө албадан босоод, вакс руу гараа сунгах хэрэг байхгүй.

Гэхдээ орчлонгийн нэгэн жаргалтай хосыг салгах гэсэндээ ганц бие амьдралын сайхныг бичээгүй юм шүү. Харин ганц бие бүсгүйчүүдийг, жинхэнэ хайраа олтлоо юу ч хийж болох эрх чөлөөгаа ашиглаж өөрийгөө амрааж, хөгжөөгөөсэй гэж хүссэн юм. Өөр ганц бие амьдралд дуртай бүсгүйчүүд байна уу?


Ганц бие амьдралд “дурлах” 7 шалтгаан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.