“Чемодан”-аа цэгцлэе: Нэг гэрт орохоосоо өмнө зүрх сэтгэлээ “эмхлээрэй”

172fe09132fb0effbig

Романтик хайрандаа хөтлөгдөөд хэтэрхий хурдан түүнтэй нэг гэрт орох болчихсон юм биш биз? Шинэ хамтран амьдрагчтай болохоосоо өмнө энэ 6 асуултыг өөрөөсөө асууж, хариултыг нь тодорхой гэгч нь гарга.

1. Би “бүх эрчүүд …” гэдэг бодлоос салсан билүү?
Магадгүй чиний өмнөх найз залуу чинь хэн нэгэн, одоо бол дурсахыг ч хүсэхгүй байгаа танихгүй бүсгүйтэй чинь сүүлэрч байгаад баригдсан байх. Магадгүй чиний өмнөх нөхөр чамайг хэтэрхий их харддагаасаа болоод хувийн мөрдөгч хөлсөлж авч байсан байх. Гэхдээ нэг эрийн хийсэн гайг хорвоогийн бүх эрчүүдэд нялзаах хэрэггүй. Олон эмэгтэйчүүд хуучин харилцааныхаа “бактери”-ийг шинэ харилцаандаа “тээж ирсэн”-ээсээ болоод өөрийнхөө дараагийн боломжийг сүйдэлж орхидог. “Бүх эрчүүд хуурдаг” гэсэн бодолтойгоор өөр эртэй нэг гэрт орох юм бол чи түүнийг найз руу чинь хальтхан харахад ч, ажилд шинээр орсон бүсгүйн тухай үг цухуйлгахад ч хардаж эхлэх болно.

2. Ганц бие байхын жаргалыг би амсаж амжсан билүү?
Чи өөрөө өөрийгөө дангаар нь жаргалтай байлгаж чадахгүй бол, эр хүнтэй болсон хойноо ч жаргалтай байж чадахгүй. Учир нь ганц бие байхын жаргалыг мэддэггүй эмэгтэйчүүд, шинэ хамтрагчтай болохоороо түүнээс хэтэрхий хамааралтай болох гээд байдаг. Бусдын туслалцаагүйгээр өөрөө өөрийгөө сэтгэл хангалуун болгочихож чаддаг эмэгтэй эр хүнд эрх чөлөөнөөс нь хулгайлах боломж гаргадаггүй. Тэд эр хүнээс зууралддаггүй. Хэрвээ өмнөх найз залуу, хамтран амьдрагч чинь чамайг хэтэрхий өөрийнхөө үгээр байлгахыг хүсдэг байсан бол, эсвэл тэр чамайг нэгэнтээ “нойтон хамуу” шиг гэдэг өөдгүй үгээр тодорхойлж байсан бол чи шинэ харилцаа эхлэхээсээ өмнө ганц бие байж сурах ёстой. Заавал шүү. Чиний аз жаргал, өөртөө итгэлтэй байдал хэн нэг эр хүнтэй хамт байснаар бий болдоггүй байх ёстой. Тэгэхгүй бол чи эрх тэгш, бухимдах юмгүй хайрыг бий болгож чадахгүй.

3. Би өөрийнхөө бие даасан байдлын нэг хэсгийг бусадтай хуваалцахад бэлэн үү?
Чи дараагийн харилцаа руу үсэрч орохоосоо өмнө “Би энэ удаад хайрынхаа төлөө юунаас татгалзаж, юунаас татгалзахгүй байх вэ?” гэж өөрөөсөө асуун үүндээ хариулт өгч бичээрэй. Мэдээж чи бие даасан байдлынхаа багахан хэсгийг түүнтэй хуваалцах хэрэгтэй болно. Юм бүхэн чиний сонголтоос хамаардаг байсан бол, одоо чи амьдралынхаа тал сонголтыг түүнтэй зөвшилцөж байж шийдэх хэрэгтэй болно. Чи үүнд бэлэн үү? Чи тусгаар тогтнолынхоо багахан хэсэгт бууж өгөхөд бэлэн үү? Чи бүхнийг өөрийнхөөрөө болгох гэдэг, зөрүүдхэн зангаасаа татгалзахад бэлэн үү?

4. Надад үнэхээр ЭНЭ эр таалагддаг уу, эсвэл надад зүгээр л эрэгтэй хүнтэй байх нь таалагддаг уу?
Зарим бүсгүйчүүд зүгээр л эрэгтэй хүнтэй хамт байхын тулд шинэ харилцааг эхлүүлдэг. Аз жаргалаа нөхөх гэсэн энэ оролдлого нь харин ч азгүйтлийг авчрах нь олонтаа. “Чи хэтэрхий удаан ганцаараа явчихлаа” гэсэн найзуудынхаа шалтгааныг тоох хэрэггүй. Ганц бие байхгүйн тулд чамд хайр зарласан эр болгонд боломж олгох нь “SALE” гэсэн бичгийг харангуутаа л “дараа хэрэг болж магадгүй” гэдэг бодлоор хямдралын тасгаас тийм ч гоё биш олон цамцыг түүж авахтай адил юм. Дэлгүүр хэсэхдээ ч, хайр дурлалын амьдралд “шоппинг” хийхдээ ч өөртөө бүрэн таалагдаагүй “барааг” бүү сагсандаа хий.

5. Би өнгөрсөн бүтэлгүй харилцаанууд дахь өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрсөн билүү?
Өөрөө өөрийгөө зөвтгөх амархан. Өөртөө ялалтын тугийг атгуулах амархан. Гэхдээ чиний экс найз залууд ч бас чиний талаар таатай бодол үлдсэн болов уу? Юм бүхэн хоёр талтай байдгийн адилаар, өнгөрсөн харилцаануудын чинь төгсгөл чиний ч бас хувь нэмрээс тогтсон гэдгийг бодолцож үзээрэй. Найзуудынхаа чамайг 100 хувь зөвтгөсөн яриагаар чи өөрийгөө тэр үед тайвшруулсан л байж таараа. Гэхдээ чи тэдэнд нөхцөл байдлыг зөвхөн нэг өнцгөөс, өөрийнхөө эрх ашгийн үүднээс тайлбарласан болохоос бодит байдлыг тэнцвэртэй мэдээлж чадаагүй. Тиймдээ ч тэд чиний хэлсэн гуйвсан баримтан дээр тулгуурлаж эксийг чинь муулж байгаа. Өөр хүнтэй нэг гэрт орж, уулзаж эхлэхээсээ өмнө өөртөө дүн тавьж, миний буруу юу билээ гэдгээ сайн бодоорой. Тэгвэл чи дараагийнхаа харилцаанд илүү ухаалаг, хүлээцтэй хандана.

6. Өнгөрсөн харилцаанууд надад хайрын талаар ямар ерөнхий сургамж үлдээлээ?
“Надтай бүтээгүй байлаа гээд, тэр муу хүн гэсэн үг биш”; “Зарим нөхцөл байдал жам ёсны дагуу үүсдэг, хэнийг ч буруутгах шаардлага байдаггүй”; “Надад учирсан бэрхшээл өөр нэгний хувьд аз жаргал болж болно.” Энэ мэтчилэн бидэнд өнгөрсөн харилцаануудаасаа ойлогож авсан амьдралын хичээлүүд олон байдаг. Хичнээн муу төгсгөлтэй байсан ч, сургасан зүйл байж л таараа.


“Чемодан”-аа цэгцлэе: Нэг гэрт орохоосоо өмнө зүрх сэтгэлээ “эмхлээрэй”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.