Хэд хоногийн турш бууз, чанасан мөх зэрэг хүнд хоол идсэн гэрийн эзэгтэй чи одоо зочдынхоо, хүүхдүүдийнхээ бас өөрийнхөө ходоодыг амраах цаг болсон. Тиймээс ч чамд хатаасан жимстэй, амтлаг будаатай салатыг санал болгож байна. Өвөрмөц амт, зажлууртай жимс, бүлээхэн салангид будаанууд чамд таалагдах болно. Витамин, уургаар баялаг.
Найрлага /6 хүний порц/ :
• 1 аяга шөвгөр будаа
• 2-1/2 аяга ус, эсвэл дан ногооны шөл
• 2 ширхэг хятад байцаа /хэрчсэн/
• 1 сармисны хумс үрсэн
• 2 хоолны халбага оливийн тос
• 1 хоолны халбага цуу
• 2 хоолны халбага үрсэн нимбэгний хальс
• 1 аяга шоо дөрвөлжин хэрчсэн абрикос, хатсан интоор, эсвэл аньс
• 1 аяга хатсан үхрийн нүд
• 1 аяга шарсан хушга, хэрчсэн
• 3 хоолны халбага хэрчсэн яншуй
• Давс, нунтаг перец
Заавар:
1. Шөнийн турш шөвгөр будаагаа усанд дэвтээж хонуулна. Будаагаа зайлаад дунд зэргийн саванд дээр нь ус юм уу шөлөө хийж тавина.
2. Өндөр температурт буцалгана. Буцалсны дараа галаа багасгаад, 45 минут орчим жигнэнэ. Эсвэл усыг нь ширгэтэл байлгасан ч болно. Гал дээрээс будаагаа ав.
3. Том саванд бусад найрлагуудаа хийж дээр нь будаагаа хийж холино.
4. Бүлээнээр нь аягалж өгнө.
*Жич: Хатаасан жимснүүдээ халуун усанд 15 минут дэвтээж байгаад хийвэл илүү амттай болно.