ЕВГЕНИЯ МЕДВЕДЕВА: АЛИНА БИД ХОЁР АНД НАЙЗУУД

Өчигдөр Пёнчанд болсон уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр спорт сонирхогчдын сэтгэлийг хөдөлгөж, Оросын хоёр охины хэн нь олимпийн аварга болох бол хэмээн бүгд таамаглаж сууна. Богино үзүүлбэрийн дараа Европын аварга Алина Загитова дэлхийн хошой аварга Евгения Медведеваг 1,31 оноогоор давамгайлж байгаа. Хоёр тамирчин богино үзүүлбэрийн дараа хэвлэлийн бага хурал дээр хоорондын өрсөлдөөний талаарх сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариулсан.

- Алина, та хэдэн жилийн өмнө хөл, гараа хугалж, дасгалжуулагч Этери Тутберизегийн багаас хөөгдөж байсан гэсэн. Энэ талаараа тодорхой ярихгүй юу?
Загитова: Хоёр гурван жилийн өмнө Спартакиадад оролцохоор хугархай гартай очоод нэмээд хөлөө хугалж орхисон юм. Хүнд гэмтэл байсан болохоор бэлтгэл ч хийх аргагүй байлаа. Дараа нь Этери Георгиевна намайг багаасаа хөөсөн. Гэмтсэн болохоор биш л дээ. Бэлтгэлээ сайн хийхгүй байсан болохоор тэр. Манай багт хэнийг ч хүчээр шахаж, бэлтгэл хийлгэдэггүй.
- Та хоёрын хэн нэг нь ОХУ-д алтан медаль авчрах нь бараг тодорхой байна. Хаалтын ёслол дээр улсынхаа далбааг барьж жагсахыг хүсч байна уу?
Медведева: Би медалийн талаар боддоггүй. Дараа нь харамсахгүй цэвэрхэн гулгах талаар л бодож байна.
Загитова: Женятай санал нэг байна. Гол нь 100 хувь хичээж, сайн оноо авах. Шүүгч, дасгалжуулагч, үзэгчид, өөрөө ч таашаал авахаар гулгахыг хүсч байна.
- Та хоёр нэг дасгалжуулагчтай. Хоорондоо медалийн төлөө өрсөлдөж байна. Энэ талаар юу бодож байна вэ?
Загитова: Үүнд анхаарал хандуулахгүй байхыг хичээж, өөртөө л анхаардаг. Надад мөсөн дээр гараад хэн нэгэнд ямар нэг юм батлан харуулах зорилго байхгүй. Гол нь цэвэрхэн гулгах.
Медведева: Өнөөдөр онцгой өдөр байлаа. Эргэн тойрноо харалгүй, өөртөө л анхаарах гэж хичээсэн ч өөртөө хэрэг болох зүйл олныг мэдэж авлаа. Би чөлөөт үзүүлбэрээ маш сайн гулгахыг хичээх болно.

- Та хоёрын хүч чадал, тогтмол амжилт үзүүлдгийн нууц юунд байна вэ?
Медведева: Би Алинаг яаж хичээж ажиллаж байгааг өдөр бүр хардаг. Бид уран гулгалтдаа хайртай. Дасгалжуулагч багш нар минь бидэнд олимпод оролцож, өрсөлдөх боломж олгосонд баярлаж байна.
Загитова: Амжилт гаргахын тулд уран гулгалтын спортод хайртай байх хэрэгтэй. Өдөр бүр мөсөн дээр гарч, нэг дасгалаа олон дахин хийх. Би өдөр бүр энэ хайрыг мэдэрдэг болохоор бэлтгэлдээ бүх хүчээ зориулдаг.
- Уран гулгалтын балиашгууд бусад спортынхыг бодвол даяарчлагдсан. Улс үндэстэн хамаагүй тамирчдаа дэмждэг.
Загитова: Гулгахынхаа өмнө би Оросын далбаа харж, намайг дэмжсэн үг олныг сонссон. Урьд нь ийм дэмжлэг анхаарал сарниулдаг байсан бол одоо урам зориг өгдөг болсон.
Медведева: Миний хувьд хөгжөөн дэмжигчид, дасгалжуулагч багш, эцэг эх гээд хүмүүсийн дэмжлэг маш чухал. Энэ дэмжлэг нөгөөдөр надад тус болно гэж найдаж байна.
- Алина, 15 настай охин гэхэд чи их хэрсүү юм. Угаасаа ийм зантай юу?
Загитова: Би их тайван, сэтгэлийн хөдлөлөө ил гаргадаггүй, дотроо хадгалдаг зантай хүн.
- Алина, таны гурвалсан үсрэлтүүд өндөр оноо авч байна. Яаж ингэж амархан хялбар мэт хийж чаддаг юм бэ?
Загитова: Би бэлтгэл дээр маш их давтдаг. Алдаа гарахаар багш нар зааж өгнө.
- Сочигийн олимпийн үеэр та хоёр юу хийж байв? 4 жилийн дараа олимпод орно гэж бодож байв уу?
Загитова: Би 2014 онд олимпийн дараа Этери Георгиевна багшийн багт орсон. Олон улсын тэмцээнд орох талаар ч бодож байгаагүй.
Медведева: Би 14 настай байсан. Оросын шигшээ багийн тэмцээнд түрүүлэхэд би ч гэсэн алтан медаль авмаар байна гэж бодож байлаа. Олимп бол онцгой наадам.
- Танай багт та хоёрыг нэхэж яваа залуу өрсөлдөгч байгаа юу? Тэдэнтэй өрсөлдөхөд ямар байдаг вэ?
Загитова: Үнэхээр сайн хүүхдүүд их байгаа. Энэ нь надад улам өндөр амжилт гаргаж, хөгжихөд түлхэц болдог.
Медведева: Эрчүүд ч хийж чадахгүй дасгал хийдэг охидууд бий. Тэд байгаа болохоор би улам хүчтэй болохыг хүсдэг. Бод л доо, өөрөөс чинь илүү хүнд үсрэлт хийж байгаа хүүхдийг харахаар сонин сэтгэгдэл төрдөг. Нас ахмадын хувьд би илүү байх ёстой гээд л. Энэ чинь хичээх бас нэгэн хөшүүрэг болж байгаа юм.

- Та хоёр ямар харьцаатай вэ? Маргааш болох тэмцээний өмнө хамтдаа хоолонд орох уу?
Загитова: Женя бид хоёр сайн найзууд гэж маш олон удаа хэлж байна. Гэхдээ тэмцээн, бэлтгэл дээр хамт гарахад надад өрсөлдөөний мэдрэмж төрдөг. Гэхдээ муухай өрсөлдөөн биш л дээ.
Медведева: Загитова, Медведева хоёр мөсөн дээр ч, амьдрал дээр ч өрсөлдөгчид гэсэн үг олон сонссон. Үгүй, юуны өмнө бид хүмүүс. Бид найзууд, охидууд болохоор юуны ч талаар хамаагүй, чалчиж өгнө шүү дээ. Харин мөсөн дээр спорт бол спорт шүү дээ. Бид тэмцэх ёстой. Тэмцээн болгон дээр би өөрийгөө жижигхэн дайнд орж байна гэж төсөөлдөг. Спорт бол жижигхэн дайн юм. Найз чинь ч байсан түүнтэй тэмцэлдэх ёстой.

М.Сугар-Эрдэнэ

Ub.life.mn


ЕВГЕНИЯ МЕДВЕДЕВА: АЛИНА БИД ХОЁР АНД НАЙЗУУД
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.