Өр олон янз байдаг. Дээхнэ үед манай аав өнгөрөөд 2-3 жил болсоны дараа нэг Урианхай хүн манайд ирж танай хүн надад 2 бодын өртэй байсан, учир нь надаас тооно, гэрийн мод аваад явсан, тэгээд болж өгвөл 2 тэмээ өгнө гээд авсан гэж ээжид хэлэхэд ээж өө тийм үү, одоо яанаа манай тэмээ цөөрсөн гэхдээ, өгнөө гээд ахыг дуудаад /ах тэгэхэд 15, 6тай л байсан байх/ тэмээнүүдээ хайж олж ирээд энэ хүнд 2 тэмээ барьж өг гээд хэлж байж билээ. Ах тэр үед жаахан ухаан орсон байсан болохоор ямар гэрийн мод, ямар тооно манайх тийм тооно гэрийн мод ойрын жилүүдэд хүнээс аваагүй дээ гэхэд ээж өг өг миний нөхрийн нэрийг барьж яавч муу хүн ирэхгүй гэж хэлэхэд нөгөө хүн за яахав, 2 тэмээгээ ч болъё доо, нэг сайхан атан тэмээ аваад явъя гэхэд ах бидний тэмээ одоо ядруу байна, тарга тэвээрэгтэй болохоор та ирж аваарай. Бид танд 2 тэмээг чинь өгнө. Одоо харин та энэ Хаш соруултай гаансыг аваад яв. Аав минь тамхи татдаггүй ч нандигнаж хадгалдаг, хааяа нэг ёс болгож жилдээ ганц хоёр тамхи сордог гаанс шүү гээд өгөөд явуулсан гэсэн. Тэр хүн холоос/Тагна Урианхай гэсэн санагдаж байна/ ирсэн хүн гэж өөрийгөө танилцуулсан юм билээ.
Ийм явдал болоод тэр хүнийг буцаж ирэхээр аавынхаа гаансыг авна гэж ах минь 15 жил хүлээсэн. Нөгөө хүн ч ирсэнгүй. Хожим хэрэг болгож хойноос хайж одоход тэр айл хот руу нүүгээд явсан сонсогдсон гэнэ. Тэдний хүүхдүүд Шар хад хавиар, цайз зах дээгүүр байдаг гэдэг дам сураг сонсогдоод олдоогүй дээ. Бид одоо ч аавынхаа хаш соруултай гаансыг авч хадгалах хүсэлтэй тэр Урианхай ахыг хүлээж л байгаа. Төө хэрийн хаш соруул гэдэг тун ховор нандин эд л дээ, гэхдээ эд дээ биш аавын минь нандигнаж байсан юм гэдэгтээ л байгаа юм шүү дээ. Аав минь Увс аймгийн Өмнөговь сумын Баянгол багт
насаараа малчин хийж байгаад 49 насандаа өөд болсондоо хөөрхий.
Ингээд нэг түүх өндөрлөв.
Өрний тухай 2 дахь түүх:
Надад нэг залуу /би сайн танихгүй залуу л даа, нэг уурхайд л ажилладаг гэсэн/ 1998 он, намайг компьютер зардаг байхад мөнгөө өгч, хадгалж өсгөж өгөөрэй гэж хэлсэн юм. Тэр нь 80,000 төгрөг байсан санагдаж байна. Хамгийн хачирхалтай нь тэр залуу надад мөнгөө өгчөөд өөрөө алга болчихсон. Би хэзээ ирж авах боловоо гэж 12 жил хүлээгээд эцэстээ өөрөө тэр залууг бүр эхнээс нь хайлаа. Тэр залууг Бааска гэдэг байсан санагдана. Шар Бааска байхаа. Нэлээн юм болж байж, хуучин амьдардаг гэр орноор нь очиж олон дахин уйгагүй хөөцөлдсөний дүнд сарын дараа би сайхы залууг олж 2 сая төгрөг /2010 он/ өгч, санаагаа амрааж билээ. Тэр залуу надад мөнгө өгсөнөө мартчихсан байсан, сайхан хэнэггүй гар байгаа биз, их л баярлаж билээ надад.
Өрний тухай түүх 3:
Би нэг хэсэг ББСБ ажиллуулсан юм/2011-2015/. Тухайн үедээ машин унаж явах зээл гээд л хүмүүсд өгч ажил бизнесд нь тусалж байлаа. Гэтэл унаж явахаар зээл авсан хүмүүсээс надад 15 машины эзэн зээлээ төлөхгүй гонжроод алга болсон. Бусад ихэнх нь мундаг сайн хүмүүс надад таарч байлаа. Бизнес хийдэг Увсын, Архангайн 2 залууг би хэзээ ч мардаггүй юм. Нэг нь Amarbayasgalan Ch нөгөөг нь Батбилэг гээд хоёр залуу. Land 200 гаа тавиад овоо хэдэн цаас/30 сая байсан байхаа/ зээлээд явсан юм. Тэгээд хүүгээ төлж амжихгүй байна гээд 3 сар болсон. Би ч за гайгүй дээ нэг өдөр төлчих байх гээд хүлээгээд л байсан. Тэгсэн нэг өдөр бүх хүүгээ алдангитай нь, үндсэн зээлээ бүгдийг нь төлсөн. Тэгээд төлсөнийхөө дараа “Уучлаарай, бид хоёр хэлж чадаагүй юмаа, 3 сарын өмнө машинаа онхолдуулаад лааз болгоод хаясан. Тэгээд санаа зовоод хэлж чадахгүй явсаар сая л бидний ажил бүтлээ, та нараас зээлсэн мөнгө их хэрэг болсон шүү” гээд өгч билээ.
Надад үнэхээр гоё санагдсан. Тухайн үедээ миний нэр дээр шилжүүлсэн машинаа тэгээд хаяад “зээлээ төлөхгүй машинаа аваа” гэсэн бол бөөн л гомдол, нэхэл хэрүүл уруул болсон байх байсандаа. Гэтэл энэ хоёр залуу тэгээгүй. Жинхэнэ бизнесменүүд байсан юм.
Одоо үлдсэн 15-ууд сайн дураараа надад зээлээ авч ирээд төлчихвөл 3 жилийн дараа ч гэхгүй баяртай хүлээж авна шүү Дарханы Хүрэлчулуун тэргүүтэй найзуудаа.
ТӨГСГӨЛД НЬ;
Миний амьдралдаа барьдаг ганц л зарчим бий. Энэ бол хүнд амалсандаа байх. Хэрэв чи амалсан л бол эрт орой хэзээ нэгэн цагт заавал амалсанаа биелүүлэх. Үгүй бол чи болон чиний эргэн тойронд чамд хэзээ ч үл итгэх оюун санааны орон зай үүснэ гэдэгт итгэдэг. Хамгийн аюултай нь энэ оюун санааны орон зай удам дамжин нэхэгддэг гэдэгт гүнээ итгэнэм. /Энэ тухай дэлгэрэнгүй мэдье гэвэл “Билэг билгүүний зүрхэн судар”-ын тухай өгүүлсэн Michael Roach-ийн The Diamond Cutter буюу ОЧИР ОГТЛОГЧ номноос илүү дэлгэрэнгүй уншиж болно./ Нөгөөтэйгүүр хүний амьтнаас ялгагдах ганц чанар бол ярьж амалж, хөгжиж дэвших байдаг.
Иймд бүгдэд уриалах нь: ТА ХЭН НЭГЭНД ӨРТЭЙ БОЛ ЭРТ ОРОЙ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ЭРЛЭГИЙН ХААЛГААР АЛХАХААС ӨМНӨ ЗААВАЛ ТООЦООГОО ДУУСГААРАЙ. ЭНЭ БОЛ МОНГОЛЧУУД БИДНИЙ БУСАД УЛСААС ЯЛГАГДАХ АРИУН ЗАРЧИМ БАЙХ ЁСТОЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХЭЛМЭЭР БАЙНА.
Жич: Өр гэдэгт зөвхөний мөнгөний тухай өрийг ойлгож болохгүй. Энэ бол амалсан өр бөгөөд юу ч байж болно. Магадгүй та хэн нэгнийг шавиа болгоно гээд мартсан ч байж болно. Тэгвэл яг одоо утасдаарай.
Хар ямаат овгийн Сэрчингийн Үүрцайх би бээр үүнийг үзэглэв.