Н.Баярмаа: Хүн өөртөө шүүмжлэлтэй хандахгүй мөртлөө бусдаас үргэлж алдаа хайдаг

Улсын Драмын Эрдмийн театрынхан тун завгүй байгаа. Учир нь тэд Ардын жүжигчин Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулж “Би эндээс явахгүй” жүжгийг дахин тоглохоор сургуулилтаа хийж байна. Жүжигчид, найруулагч, гэрэлтүүлэгчид, хувцас загвар зохиогчид, нүүр хувиргагчид, тайз чимэглэгчид гээд бүгд л ажил ихтэй зав муутай байгаа энэ үед Драмын театрыг зорьж, завсарлагааны богинохон хугацаанд гол дүрийн жүжигчидтэй ярилцах боломж олдсон юм.

“Би эндээс явахгүй” жүжгийн гол дүр мэс засалч Дорлигийн эхнэр Дулмаагийн дүрийг Соёлын тэргүүний ажилтан Н.Баярмаа бүтээж байгаа юм. Тэрээр “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” телевизийн олон ангит киноны эмч бүсгүйн дүрээр үзэгчдийн танил болоод байгаа билээ. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

– Юуны өмнө Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалгасанд тань баяр хүргэе. Гэвч Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг их, дээд сургууль төгсөхөд өгдөг ромбо шиг л үнэ цэнэгүй болгочихлоо. Таны хувьд урлагийн салбарт олон жил хөдөлмөрлөсний үр дүнд энэхүү цол тэмдгийг авсан гэж боддог. Хэдэн жилийг урлагийн салбарт зориулав?

-Баярлалаа. Би театртаа жүжигчнээр ажиллаж эхлээд зургаан жил болж байна. Шинэ оны босгон дээр Соёл тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсандаа баяртай байгаа. Гэхдээ илүү олон жил урлагийн салбарт зүтгэсэн мундаг ахмад жүжигчид Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгтэйгээ л байгаа. Тийм болохоор нэг бодлын эвгүй ч юм шиг. Нөгөө талаас театр маань шагнах ёстой хүмүүсээ сонгоод шагнадаг болохоор талархаж, урамшиж, баярлаж хүлээж авсан.

– Э.Оюуны зохиол “Би эндээс явахгүй” жүжгийг дахин тайзнаа амилуулах гэж байна. Таны хувьд эмчийн эхнэр Дулмаагийн дүрийг бүтээж байгаа. Дүрийн бүтээж, судалгаа хийх явцад нийгэмд, олон нийтэд юуг харуулах юмсан гэж бодогдсон бэ?

-Миний бүтээж буй дүр эхнэрүүдийн төлөөлөл болсон дүр. “Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй” гэдэг шиг ямар ч эхнэр байж болно. Дулмаагийн дүр бол нийгэмд байдаг л эхнэр хүний дүр. Манай жүжгийн онцлог нь эсрэг дүр гэж байхгүй. Дүр болгон сайн, муу талтай. Тийм учраас Дулмаагийн дүрд сайн ч, муу тал бий. Тиймээс жүжгээ үзээд үзэгч бүсгүйчүүд маань өөртөө өөрчлөлт хийх байх гэж бодож байна. Эхнэр хүн ямар байх ёстой юм гэдгийг ойлгуулахыг зорьж ажиллаж байгаа. Хүн өөрөө өөртөө шүүмжлэлтэй хандахгүй мөртлөө бусдаас үргэлж алдаа хайж байдаг. Ямар ч эхнэр хүн “би чинь ямар гэрийн эзэгтэй билээ. Би нөхрийгөө ойлгодог билүү. Эсвэл өөрийгөө ойлгуулах гээд зүтгээд байна уу” гэдгийг эргэцүүлэн бодох байх. Магадгүй “Би эндээс явахгүй” жүжиг олон гэр бүлд буян болж, сайхан амьдрал бэлэглэнэ гэж итгэж байна. Тэрэнд нь миний бүтээж буй Дулмаагийн дүр нөлөөлнө гэж бодож байна.

-Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн гуай 62 жилийн өмнө Дулмаагийн дүрийг бүтээж байж. Тэгвэл таны бүтээсэн Дулмаа ямар онцлогтой вэ. Дүрээ бүтээхийн тулд хэрхэн ажиллаж байна вэ?

-Ямар ч дүрийг гаргахад олон шугам байдаг л даа. Яг алыг нь барьж дүрээ гаргах вэ гэдэг сонголт их чухал. Анхнаасаа буруу шугамыг бариад явчихвал жүжигт муугаар нөлөөлж, дүр маань бүтэлгүйтэх магадлал өндөртэй. Ямар шугамыг барьж тоглох вэ гэдэг нь жүжигчин хүний өөрийнх нь сонголт. Жүжигчин хүн өөрт оногдсон дүрээ аль болох сайн гаргахыг зорьж ажилладаг. Миний хувьд дүр болгондоо өөрийгөө задлах юм гэж хичээдэг. Тийм болохоор энэ удаа ч гэсэн бүтээж буй Дулмаагийн дүрийг үзэгчдийнхээ сэтгэл зүрхэнд нь хоногштол бүтээж, нэгийг бодогдуулах юмсан зорьж, ажиллаж байна. Мундаг хүний бүтээсэн дүр шүү дээ.

-Та хайр дурлалын сэдэвтэй, адармаатай кино уран бүтээл, жүжигт дүр бүтээж байна. Жүжигчин хүн бүтээсэн дүрээсээ олны сэтгэлд хоногших гээд байдаг. Ингэхэд Н.Баярмаа гэх жүжигчин бүсгүй бүтээж буй дүрүүдээсээ ямар ялгаатай вэ. Өөрийгөө тодорхойлооч?

-Миний тухай эргэн тойрны хүмүүс маань илүү ярьж, тодорхойлох болов уу. Би өөрийгөө харьцангуй тайван, зөөлөн, уяхан зантай гэж боддог. Бас амархан уйлчихдаг. Аливаад тууштай, үнэнч гэж л тодорхойлох байх. Хайр дурлалын сэдэвтэй кино болон жүжигт тоглох дуртай. Мөнхийн сэдэв учраас би энэ сэдвээр бүтээгдэж буй уран бүтээлээс хэзээ ч татгалзахгүй.

-Хайр үгүй бол амьдрал яг л давс нь багадсан хоол шиг гэж хэлсэн байдаг шүү дээ. Та амьдралыг хэрхэн ойлгодог вэ?

-Зовлон дундах жаргал юм уу даа. Би энэ хорвоо дээр хүн болж төрөөд хүний заяаг олж амьдрахыг хамгийн сайхан зүйл гэж боддог. Манай театр тоглогдсон Гамлет жүжигт дээр “хэзээ ч үхэхгүй юм шиг амьдраад, амьдраагүй юм шиг үхдэг” гэдэг үг сайхан үгийг хэлдэг л дээ. Надад бол тэгж амьдарч болохгүй юм шиг л санагддаг. Амьдралын зовлон ч амттай, тэр дундах жаргал бүр ч амттай. Хүмүүний заяаг олоод амьдарна гэдэг бурхны гайхалтай бэлэг юм даа.

-Та найз залуутай биз дээ?

-Байлгүй яах вэ.

-Хосуудын харилцаанд үүсдэг элдэв асуудлыг та өөрийгөө даван туулж байгаа гэдэгт итгэж байна. “Би эндээс явахгүй” жүжигт ч тэрхүү асуудлыг хэрхэн даван туулах тухай өгүүлнэ гэж ойлголоо. Тэгвэл залууст, хосуудад хандаж, амьдралд гарч буюу саад бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар зөвлөгөө өгөхгүй юу?

-Миний нэг ойлгосон зүйл гэвэл хүнд өөрийнхөө үзэл бодлыг тулгаж, хүнийг өөрийнхөөрөө байлгах гэж хичээснээр л зөрчил үүсээд байгаа юм шиг санагддаг. Зуун хувьд төгс хүн гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор хэн нэгэн хүнийг байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй. Ингэж чадвал зөрчилдөөн үүсэхгүй. Хайрын нэг том илэрхийлэл бол хайртай хүндээ зориулж өөрийгөө өөрчлөх явдал юм. Нэгэнт тогтсон зан араншинг өөрчилнө гэдэг хэцүү. Гэхдээ л үнэхээр хайртай бол хайртынхаа төлөө өөрийгөө өөрчлөх л шаардлага гардаг.

-Баярлалаа. Жүжгийн бэлтгэлтэй завгүй байсан ч бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд ажлын, уран бүтээлийн амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхэнд ч бас ажлын амжилт хүсье.

Г.Нараа

Ugluu.mn


Н.Баярмаа: Хүн өөртөө шүүмжлэлтэй хандахгүй мөртлөө бусдаас үргэлж алдаа хайдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.