Америкт амжилттай суралцах зөвлөгөө

students-graduation

“Боловсролын Санаачилгууд” төрийн бус байгууллагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 14 цагаас “АНУ-д эмэгтэйчүүдийн коллежид суралцсан бидний туршлага” нэртэй арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд хүрэлцэн ирснээр АНУ-д бакалавр, магистрын хөтөлбөрт суралцах талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм. Ингээд “Боловсролын Санаачилгууд” ТББ-аас өгч буй дараах зөвлөгөөг хүргэж байна.

Гадаадад, тэр дундаа АНУ-д бакалавр, магистрын хөтөлбөрт суралцахын тулд туулах процессыг үндсэн гурван хэсэгт хувааж болно.
1.Өөрийгөө танин мэдэж, өөрчлөлт шинэчлэлтэнд бэлтгэх үе
2. Өргөдлийн маягтуудаа бэлтгэх үе
3.Тэнцсэн сургууль, хөтөлбөртөө элсэн орж, суралцах үе. Эдгээр үе шатын талаар тус, тусад нь дэлгэрэнгүй авч үзье.

Нэгдүгээрт:Өөрийгөө танин мэдэж, өөрчлөлт шинэчлэлтэд бэлтгэх үе

Гадаадад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцахаар явна гэдэг цаг, мөнгө, хүч хөдөлмөр ихээхэн шаарддаг процесс билээ. Иймд та оюутан, ажилтан, бизнес эрхлэгч хэн ч бай энэ процесст эртнээс төлөвлөгөө гарган, тактиктай бэлтгэснээр хүссэн үр дүндээ хүрэх боломжтой.

Олон улсын жишгээр гадаадад суралцах төлөвлөгөөг хоёроос гурван жилийн өмнөөс гарган, төлөвлөгөөнийхөө дагуу бэлтгэх нь таны хүссэн үр дүндээ хүрэх магадлалыг 90-ээс дээш хувьд хүргэдэг байна. Жишээ нь Сингапурын боловсролын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Cialfo компани АНУ-д бакалаврын зэргээ хамгаалах хүсэлтэй ахлах ангийн сурагчдыг дараах зураглалд үзүүлсэнчлэн хоёроос гурван жилийн өмнөөс бэлтгэлээ хангахыг зөвлөдөг.

Хоёрдугаарт: Өргөдлийн маягтуудаа бэлтгэх үе

Өөрийгөө илүү таньж мэдэн, хувь хүний богино, дунд, урт хугацааны зорилго, зорилтуудаа тодорхойлсны дагуу гадаадад суралцах чиглэлээ сонгох нь өндөр үр дүнтэй. Та ямар чиглэлийг сонгосноос хамааран таны суралцах улс, сургууль, хөтөлбөрүүд янз бүр байх нь ойлгомжтой.
Та өөрийн нөөц бололцоо, хүсэл эрмэлзэл зэрэг үндсэн хэдэн хүчин зүйлсийг сайтар бодолцоод өргөдөл гаргах хоёроос гурван сургууль/ хөтөлбөрөө сонгох нь зүйтэй. Шийдвэр гаргах энэ үйл явцдаа мөн л өөрөөс тань туршлага, мэдлэг мэдээлэл илүү хүмүүстэй зөвлөлдөх, зөвхөн Монгол гэлтгүй гадаад хэлээр бичигдсэн эх сурвалжуудыг ашиглан судалгаагаа хийгээрэй.
Судлан сонгосон хөтөлбөр/сургуулиудынхаа шалгуур, өргөдлийн маягтын багц материалуудтайгаа хамгийн наад тал нь нэг жилийн өмнөөс танилцаж, шаардлагатай шалгалтуудаа өгч, оноогоо авч, эссэгээ бичих санаан дээрээ тогтож, тодорхойлолт захиагаа хэнээс хэрхэн авах вэ зэрэг өргөдлийн маягтуудаа урьдчилан төлөвлөсөн хуваарийн дагуу, цагаа зөв зохицуулан бүрдүүлээрэй. Жишээ болгож АНУ-ын University of California Los Angeles сургуулийн өргөдлийн маягтын багцыг доор жагсаав.

Гуравдугаарт:Тэнцсэн сургууль, хөтөлбөртөө элсэн орж, суралцах үе

Гадаадад бакалавр, магистрт суралцахаар тэнцэнэ гэдэг дөнгөж эхлэл гэдгийг хатуу санаарай. Гадаадад, ялангуяа Австрали, Англи, АНУ, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй орнуудад боловсролын зэрэг эзэмшинэ гэдэг таниас маш их тэвчээр, хатуужил, ур чадваруудыг шаардана. Тэдгээр улсын үнэлгээний системээс авахуулаад оюутны өөрийн бие даан юмуу багаараа хамтран ажиллан гүйцэтгэх даалгавар ажлууд Монголтой харьцуулахад шалгуур маш өндөртэй төдийгүй, онол биш практикт голдуу суурилсан байдгаараа ихээхэн онцлогтой.


Америкт амжилттай суралцах зөвлөгөө
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.