Хөзрийн мэргэ нь хайртай хүн чинь танд үнэхээр хайртай эсэх, таниас юу нуудаг, цаашид та хоёрын харьцаа яахыг хэлж өгнө. Хамгийн сонирхолтой нь та өөрийнхөө тухай ч нилээдгүй зүйл мэдэж авах бөгөөд өөрийгөө шинээр нээж, айж байгаа зүйлээ, эсвэл мэргэлж байгаа хүндээ биш огт өөр эрд нууцаар сэтгэл татагдаад байгаа зэргээ мэдэж авах болно.
Бэлтгэл ажил
Юуны өмнө танд зөвхөн өөрийн чинь урд нь мэргэлдэг байсан хөзөр юмуу эсвэл цоо шинэхэн 36 ширхэгтэй хөзөр хэрэгтэй. Урд нь тоглож байсан болон хэн нэгэн өмнө нь таныг мэргэлж байсан хөзөр болохгүй.
Хайр дурлалынхаа ирээдүй, хоорондын харилцааныхаа талаар мэргэлэх гэж байгаа бол Мягмар юмуу Баасан гаригт, шинийн нэгнээс 15-нд байвал сайн. Ямар ч мэргэ нэг төрлийн ёслол учраас 2 лааны гэрэлд үйлдвэл бүр ч сайн. Тэгээд бас хөзөр тань тантай ярилцахад бэлэн байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Үүний тулд эхлээд хөзрөө сайтар холиод 3, 3-аар нь таслан эргүүлж харна. Үүнийг өөрийнхөө хөзрийг гарч иртэл хийнэ. Хэрвээ таны хөзөртэй цуг гарсан 2 хөзөр саяхан /ойрын 7 хоногт/ болж өнгөрсөн үйл явдлыг чинь зааж байвал мэргэ чинь зөв эхэллээ гэсэн үг. Хэрвээ тийм зүйл ерөөсөө болоогүй бол мэргээ хойшлуулсан нь дээр, учир нь хөзөр танд энэ удаад үнэнийг хэлэхгүй.
Хэрвээ та нөхөрт гараагүй 25 хүртэлх настай бол таны хөзөр-дөрвөлжингийн хатан
Нөхөрт гарсан болон 25-50 насны эмэгтэйн хөзөр-бундын хатан
Бэлэвсэн юмуу 50-аас дээш настай бол таны хөзөр-цэцгийн хатан
Таны мэргэлүүлэх гэж байгаа эрэгтэйн хөзөр бас үүний нэгэн адил.
Эхнэргүй 25 хүрэлх настай- дөрвөлжингийн ноён
Эхнэртэй болон 25-50 насны эрэгтэй -бундын ноён
Бэлэвсэн юмуу 50-аас дээш настай болон таны дарга-цэцгийн ноён
Дурлал бүтэлтэй эсэхийг мэргэлэхүй
Нэг дэх шат
Хайртынхаа хөзрийг зүүн гар талд, өөрийнхөө хөзрийг баруун гар талдаа тавина. Дунд нь бага зэрэг зай үлдээнэ. Тэгээд хөзрөө сайтар холиод зүүн гараараа авч эргүүлж тавина. Ингэхдээ хамаагүй сугалахгүй, хольж гүйцсэнийхээ дараа яг дэс дараагаар нь дээрээс нь нэг нэгээр нь авч дараах байдлаар байрлуулна:
• Ноёны зүүн талд 2 хөзөр, хатны баруун талд 2 хөзөр- Эдгээр нь та хоёрын бие биенээсээ нууцалж байгаа зүйлийг заана.
• Ноёны хөлд болон хатны хөлд тус бүр 2 хөзөр- Ойрын үед та хоёртой тохиолдох зүйл
• Ноёны толгой дээр болон хатны толгой дээр тус бүр 2 хөзөр- Та хоёрын бие биенийхээ тухай бодож байгаа зүйл
• Ноёны багц хөзрүүдийн зүүн талд, хатны багц хөзрүүдийн зүүн талд тус бүр 2 хөзөр-түүний болон таны зүгээс та 2-ын харьцаанд саад болж байгаа юмс
• Ноёны дээр болон хатны дээр тус бүр 2 хөзөр-энэ нь та хоёрын яг үнэн хэрэгтээ зүрхэндээ бодож байгаа зүйл юмуу хүн
• Ноён болон хатны доор тус бүр 1 хөзөр- Таны болон таны хайртын бие биедээ ханддаг жинхэнэ харьцаа
• Ноён болон хатны хооронд 3 удаа тус бүр 2 хөзөр-энэ нь та хоёрын харилцааны өнгөрсөн /эхний 2/, одоо /дараагийн 2/, ирээдүйг /сүүлийн 2/ тус тус заана. Хөзрийн мэргийг тайлахдаа эргүүлж тавьсан тэр л дэс дарааллаараа хийх бөгөөд хөзөр тус бүрийг биш цуг гарч ирсэн хөзрөө хоёуланг нь хооронд нь холбож тайлах хэрэгтэй шүү.
Хоёр дахь шат
Дээрх аргаар мэргэлсний дараа дэлгэсэн бүх хөзрөө /30/ гартаа авч дахин сайтар холино. Дараа нь 9 хөзрийг /бас л дэс дараагаар нь гэдгийг бүү март/ гурвалжин дүрс үүсгэх маягаар 3, 3-аар нь эргүүлж тавина. Гурвалжингийн зүүн тал нь таны хайртай залуу тань та 2-ын харьцаанаас чухам юу хүсдгийг болон цаашид түүний юунд тэмүүлэхийг заана.
Баруун тал нь та хоёрын харьцаанаас таны юу хүсдэгийг болон юунд хүрэх гээд байгааг чинь заана. Гурвалжингийн доод тал нь үнэн хэрэгтээ яг юу болохыг заана. Хөзрөө тайлж уншсаныхаа дараа ахиж хэрэг болохгүй тул энэ 9 хөзрөө цааш нь тавь.
Гурав дахь шат
Үлдсэн хөзрөө бүгдийг сайтар холино. Тэгээд 1, 1-ээр нь дараах үгнүүдийг хэлээд эргүүлж тавиарай: минийх, гэрийнх, зүрхнийх, юу болсон, юу болох, юугаар дуусах, зүрхээ юугаар тайвшруулах вэ гээд. Хөзөр тус бүрийн тайллыг сайтар анзаараарай, энэ нь таны тун ойрын ирээдүйг заана.
Дараа нь энэ 7 хөзрөө бас хас. Үлдсэн хөзрүүдээ сайтар холиод ахиад 7 хөзрийг түүнийх /хайртай хүний чинь/, түүний гэрийнх, түүний зүрхнийх гэх мэтчилэн эргүүлж тавин бас тайлж уншина. Энэ нь таны хайртын ойрын ирээдүйг хэлнэ. Дараа нь энэ 7 хөзрөө бас хас.
Дөрөв дэх шат
Үлдсэн хөзрүүдээ сайтар холиод 1,1-ээр нь эргүүлж тавиад хосоороо байгаа хөзрүүдийг /2 найм, 2 боол г.м/ хасна. Үлдсэн хөзрүүд нь та хоёрын харьцаа ирээдүйтэй эсэхийг зааж өгөх болно. Хэрвээ танд манай мэргийн тайлал таалагдахгүй байгаа бол ирээдүйд жаахан анзааргатай байж дутуу дулимаг, алдаж болзошгүй зүйлээсээ сэргийлж, засаж явахыг хичээгээрэй.
Хөзрийн тайлал
Бунд
6 – хайрт руугаа явах таны юмуу хайртын чинь тань руу ирэх зам. Эсвэл хайртайгаа хамт аялалаар явах, бал сар тэмдэглэхээр явах зам. Зарим тохиолдолд харилцан сэтгэл татагдах болон буулт хийхийг заана.
7 – болзоо, нууц амрагуудын уулзалт, хамтын амьдрал
8 – хайр дурлалын тухай яриа, сэтгэлийн өчил: гэрлэх санал тавих /хэрвээ бундын 7 цуг байвал /
9 – харилцан хайр дурлал. Зарим тохиолдолд эцэг эхийн үр хүүхдээ хайрлах хайр. Бундын боол цуг байвал хүүхэд төрөх юм уу жирэмслэлтийг заана.
10 – Хамтын итгэл найдвар, төлөвлөгөө, мөрөөдөл
Боол –Бэлгийн амьдралтай холбоотой асуудал
Хатан – Та өөрөө. Ээж, эмэгтэй хүн. Гилийн хөзөртэй хамт байвал өрсөлдөгч эмэгтэй. Дөрвөлжингийн хөзөртэй хамт байвал таны найз хүүхэн юм уу хайртын чинь найз хүүхэн
Ноён – Таны хайртын хөзөр, эхнэртэй эр. Нөхөртэй хүмүүсийн хувьд – нөхөр нь. Зарим тохиолдолд нууц амраг, ивээн тэтгэгч нөлөө бүхий эр
Тамга – гэр, гал голомт, хурим.
Дөрвөлжин
6 – Хамтдаа туулах ойрын зам. Таны болон хайртын чинь найзууд руугаа очих зам
7 – нөхөрсөг уулзалт, цугларалт, санаа нэгт нөхдийн уулзалт /нэг бүлгийн, нэг ангийнхны/ . Гилтэй хамт байвал хардах шалтаг.
8 – хамтын ирээдүйгээ хэлэлцэх. Зарим тохиодолд /дөрвөлжингийн 6 болон 7-той цуг байвал/ найзуудтайгаа цуг амралтанд явах
9 – ганц бие хүмүүсийн хайр дурлал, анхны хайр, гэм зэмгүй нөхөрлөл
10 – нөхөрсөг сонирхол; итгэл найдвар, төлөвлөгөө, Цэцгийн хөзөртэй хамт-хамтын худалдан авалт.
Боол – Асуудал, нөхөрсөг хөөцөлдөлгөө. Заримдаа залуухан шүтэн бишрэгч. Таны хөзрийн доор байвал – бэлгийн харьцааны өмнөх айдас
Хатан – Та өөрөө. Залуухан эмэгтэй: найз хүүхэн, эхнэртэй бундын ноёны нууц амраг.
Ноён – Таны хайрт: залуухан, гэрлээгүй эр. Нөхөргүй бүсгүйчүүдийн зүрхийг эзэмдэгч. Зарим тохиодолд хэн нэгний хүү эсвэл хамаатны залуухан хүү. Таны хайртын хөзрийн доор байвал нуугдмал ижил хүйстэн.
Тамга – Захиа, албан ёсны мэдэгдэл. Зарим тохиолдолд найз нөхдийн найрсаг тусламж. Цэцгийн хөзөртэй хамт байвал – гэрлэх гэрээнд гарын үсэг зурах
Цэцэг
6 – албан ажлаар хол явах, томилолт. Гилийн хөзөртэй хамт байвал хэрүүл гарах шалтаг
7 – албан хэргийн уулзалт. Зарим тохиолдолд ажилд орох болон ажлынхантайгаа үдэшлэгт орох. Цэцгийн болон Гилийн ноёнтой цуг байвал татагалзах боломжгүй санал хүлээн авах
8 – Хамтын төсвөө хэлэлцэх. Гилийн хөзөртэй хамт байвал мөнгөнөөс болж хэрэлдэнэ. Шуналтай гэж буруутгана.
9 – Ажлын газрынхаа хүнтэй учир ургуулна./хэрвээ та хайрттайгаа нэг дор ажилладаггүй бол та хоёрын аль нэг нь ажлын газрынхаа хэн нэгэнтэй учир ургуулна/ . Зарим тохиолдолд зүрх сэтгэлийн хүчтэй холбоо, гэхдээ санхүү дээр суурилаагүй.
10 – Хайртын чинь танд өгөх юмуу таны хайртдаа өгөх үнэтэй бэлэг, ашиг орлого, цалин хөлс. Зарим тохиолдолд албан тушаалаа хувийн сонирхолдоо ашиглах сонирхол
Боол – Салалтанд хүргэж болзошгүй таны болон хайртын чинь санхүүгийн хүндрэлтэй асуудал. Зарим тохиолдолд доод тушаалын хүнтэйгээ учир ургуулах
Хатан – Та өөрөө. Эмэгтэй дарга, хамт ажилладаг эмэгтэй. Зарим тохиолдолд хадам ээж, хөрш эмэгтэй, танд мөнгө зээлсэн эмэгтэй. Таны хайртын хөзрийн хажууд байвал нөлөө бүхий эмэгтэй, хйарт чинь энэ хүнээс материаллаг байдлаараа хамааралтай
Ноён – Таны хайрт, эрэгтэй дарга, ажлын газрын эр, эцэг, хадам эцэг. Зарим тохиолдолд танд өртэй юмуу танаас авлагатай хүн. Таны хөзөртэй хамт байвал хайртыг чинь таашаадаггүй эрэгтэй.
Тамга – Бизнес, албан газар, таны болон түүний ажил.
Гил
6 – Орой үдэш хамтдаа явах зам, холын зам. Зарим тохиолдолд тааламжгүй аялал, эсвэл буяны ажил, оршуулгын газарт очих зам. Таны хайртын хөзөртэй хамт байвал танаас нууцалж байгаа зам /аялал/
7 – Хайрттайгаа муудалцах, сэтгэл тавгүйтэх, гашуудах. Хатан хөзөртэй цуг байвал тааламжгүй уулзалт.
8 – Хардалт, үл итгэлцэл, хэрүүл, архидалт, та хоёрыг хоёуланг нь зочноор урих урилга /татгалзсан нь дээр/
9 – өвчин, бундын болон гилийн бусад хөзрүүдтэй хамт байвал арьс өнгөний өвчин тусах. Зарим тохиолдолд ашиглах зорилготой эрчүүдэд ухаангйү дурлах
10 – Таны хайртдаа юмуу хайртын чинь танд сэтгэл гутрах гутрал, итгэл хөсөрдөх, төлөвлөгөө бүтэлгүйтэх, нулимс
Боол – Хий дэмий ажил явдал болох, дэмий, хэрэггүй үйлдэл, буруу алхам. Зарим тохиолдолд залуухан сээтэгнэгч эр. Одоо болон ирээдүйн хөзөрт таараад гилийн өөр хөзөртэй цуг байвал ирээдүйгүй харьцаа.
Хатан – Уур хилэн, хардалт, уйтгар гуниг, дайсан, өрсөлдөгч эмэгтэй, сээтэгнүүр эмэгтэй. Зарим тохиолдолд бэлэвсэн эхнэр. Таны хайртын хөзрийн дор таарвал та хоёрын дундуур орогч эмэгтэй.
Ноён- Албаны хүн, сайн хүн, бэлэвсэн эр. Зарим тохиолдолд шинэ танил юмуу ноцтой дайсан. Таны хөзрийн дор таарвал та хоёрын дундуур орж салгах сээтэгнүүр эр.
Тамга – Шовх үзүүр нь доошоо чиглэж байвал /голын гилийн/ цохилт, салалт, дээш чиглэж байвал таагүй тохиолдол, таагүй зүйл, үл ойлголцол
Жич: Хөзөр болгонд хэд хэдэн тайлал байгаа нь энгийн хэрэг биш. Та өөрийн бодит амьдралтай холбож авч үзэн хамгийн магадлал өндөртэй тайллыг нь сонгож аваарай. Энэ нь хөзрийн танд юу хэлэх гээд байгааг ойлгоход тань илүү туслах болно.