Бүсгүйчүүд минь, улстөрчдийн бохир тоглоомын бамбай бүү болооч

5aa1e9b05b5329.42450931

Мартын 8. Энэ баярыг монголчууд өргөн дэлгэр тэмдэглэдэг. Ерөөс гуравдугаар сарын эхний хагасыг Мартын 8, хоёрдугаар хагасыг Цэргийн баяр гэж утгачилдаг гэлтэй. Улмаар Мартын 8-наар албан байгууллага, найз нөхөд, гэр бүл, хайртай хосуудын хүрээнд баярлаж, бүсгүйчүүддээ бэлэг барьдаг.

Зарим тохиолдолд эрчүүд ч баярлачихсан тууж явдаг нь нууц биш. Гайхаж балмагдахаар ч үйлдэл биш болчихжээ.

Тэгвэл энэ баяраар бүсгүйчүүд маань эрхээ хамгаалж чаддагсан бил үү. Зүй ёсоор бол Мартын 8 гэдэг нь баяр гэхээсээ илүү Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэмдэглэлт өдөр билээ. Харин манайхан үүнийг наргиж цэнгэх том шалтгаан болгож хувиргасан нь харамсалтай.

Гэхдээ бас оргүй хоосон биш ээ. Юу гэвэл, энэ жил найман бүсгүй хагас нүцгэлэн жагссан. Төв талбайд болсон энэ жагсаалаар бүсгүйчүүд төр засагтаа гомдлоо илэрхийлж байгаа аж. Тэд Үндсэн хуулийн биелэлтийг шаарджээ. Үүгээрээ тэд Үндсэн хуулийн дагуух эрхээ эдлэхийг хүссэн гэдгээ илэрхийлж байлаа.

Гэвч… Асуудал бас бий. Өвлийн жавар хариагүй байхад хөлдүү цементэн талбай дээр нүцгэлэн зогссон тэдгээр бүсгүйг хараад мөнөөх дээш гарахын төлөөх “тэмцэгчид”-ийн гар хөл болчихоогүй байгаа гэх хар төрснийг нуух юун. Юу гэвэл эдгээр найман бүсгүй “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын нэрийн өмнөөс жагссан ажээ. Харин энэ ТББ голдуу нам, улстөрийн хүчний төлөөлөл байж, төрийн хэмжээний асуудлуудад оролцдогийг бүгд мэднэ.

Гэтэл нүцгэн жагссан бүсгүйчүүд маань өдөр бүр хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүд, хүчирхийлэгчдийн гарт амиа алдсан ээж нар, охидын төлөө ганц ч үг хэлсэнгүй ээ. Юу гэвэл ийм асуудал дан ганц төрийн мэдлийнх бус бүх ард түмэн анхаарлаа хандуулах, асар өргөн хүрээтэй сэдэв юм.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөр 2000-2017 онд үйлчлүүлсэн нийт 14547 хүний 73 хувь нь бие махбодийн, 68 хувь нь эдийн засгийн, 39 хувь нь бэлгийн, 100 хувь сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн байна.

2017 оны эхний 10 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 1113 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 494 хэрэг буюу 79,8 хувиар нэмэгджээ. Энэ төрлийн гэмт хэрэг гэр, орон сууцанд 941 буюу 84,5, гудамж талбайд 66 буюу 5,9, олон нийтийн газарт 32 буюу 2,9, аж ахуйн нэгжид 11 буюу 1.0, нийтийн тээвэрт 5 буюу 0.4, төрийн байгууллагад 4 буюу 0.4 хувь, төрийн бус байгууллагад 3 буюу 0.3 хувь, бусад газар 51 буюу 4.6 хувь нь тус тус үйлдэгджээ.

2017 оны эхний 10 сард гэр бүлийн хүчирхийлэлд 1076 иргэн өртөж хохирсоны 88.0 хувь нь эмэгтэй хүн байна.

Яг энд л эмэгтэйчүүдийн эрхийн талаар онцгойлон хөндөх сэдэв тодорхойлогдож байгаа юм. Соёлт эрин үед Монгол Улсад эмэгтэйчүүд хүчирхийллийн гол бай болсон хэвээр байгааийн гол шалтгаан юу вэ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 9,6 хувиар буурч, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 2.2 дахин, зөрчил гурав дахин нэмэгдсэн байна.

Дуудлага, мэдээлэл зөрчил өссөн нь гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад шуурхай дамжуулдаг болж иргэний үүргээ биелүүлж байгаатай холбоотой ажээ. Цагдаагийн байгууллагын зүгээс дээрх дуудлага мэдээллүүдийг нэн тэргүүн шалгаж хүчирхийлэл үйлдэгчийн үйлдэл бүрт хуулийн хариуцлага ногдуулж байгаатай холбоотой гэж үзжээ.

Улсын хэмжээнд өнгөрсөн онд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт  эрүүгийн хэрэг 198 үүсгэн шалгасны 130 буюу 65,6 хувь нь нийслэл хотод үйлдэгдсэн байна.

Нийслэл хотод 2017 онд хүүхдээс 555 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44 хэргээр буюу 7,3 хувиар буурсан байна. Улсын хэмжээнд насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн нийт гэмт хэргийн 55,9 хувь нь нийслэл хотод гарсан аж.

Гэтэл энэ тоо баримт, үүнтэй холбоотой шаардлага Мартын 8-ны үеэр нэг ч сонсогдсонгүй. Бүсгүйчүүд хүчирхийлэгч эрчүүдээс тэгш эрх, аюулгүй байдлыг шаардсангүй. Харин өнөөдөр МАН, АН-ын маргааны гол сэдэв болоод байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьж байгаа нь бдит байдалтай даанч нийцсэнгүй.

Erennews.mn


Бүсгүйчүүд минь, улстөрчдийн бохир тоглоомын бамбай бүү болооч
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.