Шинэ хоббитой болох=Өөрийнхөө ертөнцийг нээх

7157

Ихэнх хүмүүс ажлын, тэмцээн уралдааны анкетны хобби бөглөх хэсэгт ном унших, зугаалах, хөгжим сонсох гэх мэтийн түгээмэл зүйлсийг бичдэг. Гэтэл үнэндээ “Энэ чиний хобби мөн үү?” гээд өөрөөсөө асуухаар эргэлзээтэй санагддаг.

Хобби гэдэг нь хүн өөрийнхөө хүсэл сонирхол, дуртай зүйлийнхээ дагуу ямар нэгэн зүйлийг өөрийнхөө хүслээр тогтмол хийж, түүнээсээ таашаал, аз жаргал мэдрэхийг хэлдэг. Тиймээс ямар нэгэн хоббитой болохын тулд эхлээд өөрөө өөрийгөө таньж мэдэх нь хамгийн чухал юм. Чөлөө зав гармагц л хийхээр тэмүүлдэг юмтай байна гэдэг амьдралыг илүү “өнгөлөг” утга учиртай болгодог. Бас хэзээ ч ганцаардахгүй.

1. Өөрийгөө аз жаргалтай болгодог зүйлсийг жагсааж бич. /Байгальд гарах, хоол хийх, найзуудтайгаа уулзах, эрсдэлтэй зүйл хийж сурах, өөрийн гараар бүтээлч ажил хийх, гэр бүлээрээ байх зэрэг, юм бичих, зохион бүтээх, хөгжим сонсох гэх мэт/

2. Тэгээд тэр аз жаргалтай болгодог зүйлсээсээ хэд хэдийг нь нэг дор агуулсан хобби сонгож ав. Жишээ нь бүтээлч ажил хийх, байгальд гарах дуртай бол байгальд гарч зураг зурах юм уу өгүүллэг, шүлэг бичих байж болно. Эрсдэлтэй юм туршиж үзэнгээ байгальд гарах дуртай бол хайкинг сонирхож болно. Ургуулан бодонгоо бүтээлч юм хийх дуртай бол төсөөллөөрөө тэмдэглэл хөтөлж блог бичиж болно гэх мэт.

3. Өөрт тохирсон хоббиг олох өөр нэг арга бол http://www.discoverahobby.com/ лүү ороод жагсаалтуудаас нь харах. Хэрэв үнэхээр юунд дуртайгаа мэдэхгүй байвал энд байгаа хоббины жагсаалтуудаас харж байгаад нэг нэгээр нь сонгож хийж үзэж болох юм. Гэхдээ цаг их идэх учраас, эхлээд “цуглуулгын” “спортын”, “оюун санааны”, “тоглоомын”, “урлагийн” гэх мэт бүлгүүдээс сонгоод тэр дундаас хайгуул хийсэн нь хялбар юм.

4. Ер нь хамгийн сайн эрэл хайгуулын талбар бол чи өөрөө гэдгийг санаарай. Өөрөө өөрийгөө сонсож, мэдрэх нь чухал. Тэрнээс биш хэн нэгний хийсэн сайхан зүйлийг хараад сэтгэл хөдлөлөөрөө үүнийг л хийе гээд шийдчихвэл удахгүй уйдаж, дур сонирхолтой байхаа больчихдог гэмтэй. Харин хүсэл сонирхлоо мэдэхийн тулд яах вэ? Өөрийнхөө мөн чанарыг, хэзээ ч өөрчилж болохгүй зан араншингаа, яах ч аргагүй хөтлөгдөөд байдаг тэмүүллээ тодорхойл.

5. Чиний хобби чамайг тайвшруулдаг, зугаацуулдаг, аз жаргалтай болгодог, сэтгэлийг чинь сэргээдэг, цагийг чинь үр дүнтэй болгодог, хэнээс ч хамааралгүй, бие даасан хэрнээ хэзээ ч ганцаардахааргүй хүчирхэг болгодог.

6. Хобби чинь чиний ажил байвал бүр сайн. Аль эсвэл өөрийн ажил мэргэжлийн онцлогтоо тохируулан хоббитой болж ч болно. Тэгвэл чи насан туршдаа амьдрахын төлөө ажиллах биш, аз жаргалтай байхын төлөө ажиллаж байгаагаа мэдрэх болно.

7. Үнэхээр өөрийн чинь үнэлэмж, сэтгэл ханамжтай тохирох хобби чамайг цаашлаад чиний амьдралыг яаж ч өөрчилж чадахаар хүчтэй. Алдартай суутнууд, дэлхийн хэмжээний од, кино жүжигчид гээд амжилтанд хүрсэн хүмүүсийн түүхийг харахад бүгд л өөрийн гэсэн зорилго, мөрөөдөлтэй, сонирхдог зүйлтэй байсныхаа ачаар амжилтын бариулаас атган авч чадсан байдаг.

Гэхдээ чиний хобби заавал амжилтанд хүргэх биш гол нь аз жаргалтай болгодог байх хэрэгтэй.


Шинэ хоббитой болох=Өөрийнхөө ертөнцийг нээх
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.