Чиний залуугийн энэ орчлонд ирээд, хамгийн анх чин сэтгэлээсээ хайрласан эмэгтэй хэн бэ? “Би” гэж хариулж болох л юм. Гэхдээ түүний “анхны хайр” чи биш, харин ээж нь байвал их сайн. Эр хүн ээжээсээ л бүсгүй хүний тухай мэдээллийг олж авдаг. Хэрэв тэр ээжтэйгээ хэт ойр (ээжийн жаахан хүү!), эсвэл хэт хол (зожиг залуу!) бол тэр бусдыг энэрэх хайрлах, хүндлэх тал дээр асуудалтай гэсэн үг. Дараах 5 шинж тэмдгийг олж хараарай.
Жич: Тайвшир! Ихэнх хөвгүүд ээж нартайгаа хэвийн харьцаатай байдаг юм шүү.
1. Байнгын холбоотой байх
Хэрэв тэр өдөр шөнөгүй ээжтэйгээ утсаар ярьж, ихэнх чөлөөт цагаа ээжтэйгээ өнгөрүүлж байвал чи “ээжийн хүү”-тэй учирчээ гэсэн үг. Энэ гэхдээ огтхон ч муу зүйл биш. Тэр магадгүй эмэгтэй хүнийг хэрхэн хайрлахаа мэддэг, ааваасаа илүү ээжтэйгээ дотно өссөн байх. Гэхдээ зарим “ээжийн хүү” нар өөрийн мэдэлгүй юм шиг хандах нь бий. Юу ч болсон ээж нь түүний хувьд номер нэг сонголт байх болно гэдэгтэй чи эвлэрэх хэрэгтэй. Харин тэгж чадахгүй гэвэл, нэг бол хадам ээжтэйгээ өрсөлдөх, эсвэл түүнийг орхиод явах хоёрын аль нэгийг сонгоорой.
2. Огт холбоогүй байх
Хэрэв хайрт чинь ээжтэйгээ огтхон ч холбоо барьдаггүй бол, бас л асуудал байна гэсэн үг. Тиймээс юу юуны духанд хүрэлгүй нэг гэрт орохынхоо өмнө, юу болсныг асууж лавлаарай. Ээж нь гадаадад амьдардаг уу? Эсвэл ээжтэйгээ үргэлж муудалцдаг уу? Өөр ямар нэг шалтгаан байна уу? Олж мэд. Чамайг асуухад, тэр ээжтэйгээ байнга таагүй харилцаатай байдаг учраас холбоо барихаас төвөгшөөдөг гэж хариулвал, хуучин найз бүсгүйчүүдийнх нь талаар яриулах гээд үзээрэй. Хэрвээ тэр хуучин найз бүсгүйчүүдийнхээ тухай огт сайнаар дурсахгүй байвал, тэр эмэгтэй хүнтэй эв зүйгээ олж чаддаггүй, эсвэл эмэгтэй хүнтэй байх дургүй юм байна. Хэдий дур булаам, сайхан инээмсэглэлтэй нэгэн байсан ч, түүнийг өөрчлөгдөнө гэж найдах хэрэггүй. Тэр эмэгтэйчүүдийн талаар муу үг хэлснээ, араас нь “Чи тэднээс өөр” гэж хэлэх юм бол, энэ залуугаас бушуухан зайгаа авсан нь дээр.
3. “Баярлалаа”
Хэрэв тэр ээжээрээ ямар нэг зүйлд туслуулчихаад “баярлалаа” гэж хэлж байвал, үнэнч сайн залуу бололтой. Ээжээрээ юм хийлгэчихээд, хийх л ёстой зүйл нь байсан юм шиг талархасан шинжгүй байвал, тэр чамтай ч бас ирээдүйд тэгж харьцана гэсэн үг. Ямар нэг юмыг баллаж хаячихаад, өөрийнхөө тарьсан хэргийг ээждээ найдаж үлдээдэг “хөвгүүд” ирээдүйд бас л чамд тэгж хандахын дохио. Ердөө л түүнд “хүндлэл” байхгүй байна. Тэр ээжийгээ хүндэлдэггүй бол, чамайг ч, өөрийгөө ч хүндлэхгүй.
4. Гоншигнох
Гэр бүл, найзуудынхаа тухай юу гэж ярьж байгааг нь сайн сонс. Хэрэв тэд дотны хүмүүстэйгээ болсон хөгжилтэй явдлуудаа ярьж, тэдний талаар хайрласан өнгө аястайгаар ярьж байвал тогтвортой харилцаа үүсгэж болно. Хэрэв тэр хамгийн ойр хүмүүсийнхээ тухай чамд гомдол мэдүүлж байвал, цаагуураа ямар хүн болохыг нь сайн таних хэрэгтэй. Хэн ч төгс биш л дээ. Хүн бусдыг ямар өнцгөөс харж байна, амьдралыг ч бас тийм өнцгөөс хардаг. Зарим эрчүүдэд гомдоллох нь таалагддаг. Үргэлж муу амлаж, гомдоллож, шүүмжилж, зүхэж байдаг эр хүнийг “том болоогүй” гэж үзэж болно. Энэ зан нь ээжийнх нь хүмүүжүүлэх арга барилтай ч холбоотой байж болно.
5. Миний буруу биш
Хэрэв тэр муу их сургууль төгссөнөөсөө авахуулаад, бал сараараа хүссэн аялалдаа явж чадаагүйнхээ бурууг гэр бүлдээ, ялангуяа ээждээ тохож байвал зайгаа ав. Тэр өөрийнхөө хэрэгцээ, амьдралыг өөрөө хариуцаж чаддаггүй юм байна. Түүний ээж багаас нь урд хойно нь гүйж, бүхнийг хүүгийнхээ төлөө зориулан, юм болгоныг бэлдэж өгсөөр байгаад ийм зантай болгочихсон байж мэднэ.