Оны өмнөхөн хоёр ихэр охиноо өлгийдөн авсан дуучин Ану таван охины ээж болоод буй. Ажил амьдралаа тэнцүүхэн авч яваа тэрээр “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” нэртэй влогоороо охид бүсгүйчүүдтэй уулздаг болоод удаагүй билээ. Өөрийн өдөр тутмын амьдрал болон бяцхан зөвлөгөөнүүдийг хүргэдэг тус влогийг үздэг бүсгүйчүүдээсээ азтан шалгаруулж баярлуулаад авсан тэрээр “Охидууд чинь цаагуураа их аав амьтай, аавынхаа талынханд илүү сайн. Манай охидууд яг тэгж мэдэгддэг юм. Гэхдээ тэр нь гоё л доо. Надад бол өөрийн гэсэн хүү, хань хэрэгтэй байгаад байгаа. Манай нөхөр айлын ганц хүү. Тийм болохоор голомт авч үлдэнэ. Тэгэхээр хүү төрүүлж байж тэр нь цаашаа үргэлжилнэ. Тэгэхээр би бас хүү төрүүлнэ гэж бодож байгаа. Ер нь бол эхийн нэгдүгээр одон авах л юм байна лээ. Биеэ сайн эмчлүүлж байгаад төрнө. Хоёр ихэрийг тээж байхад дөрвөн сар хүргээд зогсооно гэж эмч нар хэлж байсан. Гэсэн хэдий ч гүрийж байгаад л хүүхдүүдээ гаргасан. Нимгэхэн хальс шиг юман дотор л хүүхдүүдээ тээж байсан байна лээ, хэзээ л бол хэзээ урагдахад бэлэн” хэмээн ярьжээ.