Зүрхэн дотор дандаа үүлс хөвөрдөн нааддаг
Зүггүй салхинд би хүслээ атгуулж орхилоо
Бодол дэвэргэх дурлал бөгжтэй хурууг санагдуулавч
Босон суун зүүгдэх төрхийг яаж хуурах вэ…
Гуниг нь ахадсан хайранд
Гучин нас зохих уу
Гурван намар шивэрсэн зөөлөн бороонд би
Гуталгүй очих уу, цувгүй алхах уу…
Нүцгэн мөрийг минь тэврэх хүслэнт сэтгэл тэгээд
Нүүдэлж яваа шувуудын сүүлчийн өд шиг хийсэж
Нөмгөн ирсэн намайг жиндүүлж орхиод буцвал
Нас минь дахиад өнөөдрийнх шиг цэцэглэх болов уу яах бол…
Дурлалд дандаа хаяггүй миний сэтгэлийн орон зай
Дутсан ч илүүдсэн ч яадаг юм гал шиг асаж л байвал
Дуу шиг аялагдан, хөгжим шиг эгшиглэж л явбал
Дуулим хорвоод ер нь хэд ч дурласан
яадаг юм бэ…
2018.03.13
Х.ДУЛАМСҮРЭН