Бодит үнэн: Тэр чиний төлөө өөрчлөгдөхгүй!

49o2renphu8qq5arrsuikigt5r

Хатуу үнэнийг шуудхан хэлсэндээ гэмшиж л байна. Гэхдээ бүсгүйчүүд бид сонголтоо зөв хийхийн тулд өөрсөддөө болон түүнд шударга хандах хэрэгтэй. Өдөр бүр мянга мянган эмэгтэйчүүд “Би түүнийг өөрчлөгдөнө гэдэгт итгэсэн” гэдэг гомдлын үгтэйгээр сэтгэлзүйн төвүүд юм уу, хамгийн сайн найз хүүхнүүд рүүгээ утсаар ярьдаг гэвэл чи итгэх үү?

Яагаад бид эр хүнийг өөрчлөгдөнө гэдэгт тэгтлээ их сохроор итгэж, хамаг юмаараа мөрий тавьсан ч бэлэн байдаг юм бол? Яагаад бид өөрсдийгөө түүнийг өөрчилж чадах цорын ганц, бусдаас өөр “онцгой” эмэгтэй болгох гэж хичээдэг юм бэ?

Өнөөх золигийн “инстикт”
Бид бүгдээрээ өөрсдийн төрөлхийн “асран халамжлагч”-ийн шинж чанарт хөтлөгддөг. Бүсгүй хүн болгонд төрсөн цагаас нь эхлэн ээж, эх хүн болох суурь тавигдчихсан байдаг аж. Бид ухаа орсон цагаасаа л бусдад санаа тавьж, бусдын төлөө сэтгэл зовж, бусдын өмнөөс шаналахад “суралцчихсан” байдаг гэхэд хилсдэхгүй. Үүнийхээ хажуугаар бусдыг өөрчлөх гэж оролдох нь бидний хувьд эртнээс хийгээд заншчихсан дадал зуршил шиг л “танил” байдаг юм. Харин эрэгтэй хүний хувьд тийм биш. Тэдэнд “бурхан” ан агнах, удирдагч байх, гэр бүлээ хамгаалах инстикт л суулгасан байдгаас биш, эцэг хүн болж үр хүүхдээ хайрлан, хүмүүжүүлэх хүсэл нь олдмол байдаг юм. Тиймээс л тэд хэнийг ч өөрчлөх гэж хичээдэггүй, хэрвээ бүх зүйл санаснаар нь болохгүй байвал зүгээр л орхиод явчихаж чаддаг. Тэднээс суралцах давуу тал энэ байна. Эрчүүд өөрсдийн стандартаа ягштал дагадаг. Харин бид яадаг билээ?

Бусдыг өөрчлөх “дон”
Жишээ нь, бидний олонх нь “эр хүнд тавих 10 шаардлага” гэж жагсааж бичсэн мөртлөө, тэднээс зөвхөн нэг юм уу, хоёрыг нь л агуулсан эрийг хүлээн зөвшөөрч, үлдсэн 8 шинжийг нь түүнээс хайх биш харин тэр хүндээ шинээр бий болгох гэж уйгагүй зүтгэж эхэлдэг гэсэн үг. Тийм ээ, бид маш бага зүйлд сэтгэл ханачихдаг өр зөөлөн бүсгүйчүүд шүү дээ. Тийм болохоороо л, тамхи татдаг хүнд дургүй гэж ярьдаг мөртлөө, анхнаасаа тамхи татдаггүй хүн хайхын оронд өдөрт нэг хайрцгийг дуусгадаг залууд дурлачихаад түүнийг муу зуршлаас нь салгахын тулд өөрийгөө золиослож эхэлдэг юм. Ямар нэгэн юм болохгүй байгаа гэдгийг ерөнхийдөө мэдээд л байдаг хирнээ, түүнийгээ хүлээн зөвшөөрөхийн оронд “Бүх зүйл сайхан байгаа” гэж өөрийнхөө ч, бусдын ч өөдөөс харж хуурамчаар инээмсэглэдэг. Танил дүр зураг байна уу?

Магадгүй чамд яг одоо ч гэсэн найз залуугийнхаа ямар нэг зүйлд сэтгэл дундуур байдаг мөртлөө, түүнийгээ бусад цөөн хэдэн эерэг зүйлсээр халхлан, “болгоно бүтээнэ” гэсэн зүтгэл байгаа байх. Хэдэн долоо хоногийн өмнө Гоолингоод “Бүхнийг уучилж, бүхнийг болгох гэж хичээх тусам… ” гэдэг гарчигтай захидал нийтлэгдэж байсан. Энэ гарчигт яг одоо өгүүлэх гээд байгаа гол санаа цогцоороо агуулагдаж байж ч мэдэх юм. Бүсгүйчүүд бидэнд анхнаасаа болохгүй байсан, болохгүй байсныг нь ч мэдэж л байсан юмаа “болгох гэж хичээдэг” дайчин чанар бий. Ажил хэргийн тал дээр бол сайн л хэрэг. Харин бусдыг өөрчлөх тал дээр үү? Эргэлзээтэй л юм.

Тэр чиний төлөө өөрчлөгдөхгүй!
“Эмэгтэй хүнд өөрчилж чадах цорын ганц эр хүн бий-тэр нь өөрийнх нь хүү” гэдэг Англи хэлцийг чи хаа нэгтээ сонсож л байсан байх. Хүн өөрчлөгдөж болно, гэхдээ мөн чанар хэзээд цаана нь үлддэг. Хэрвээ “хэтэрхий жаахан хүүхэд шиг” зантай найз залуу чинь чамайг “Би насанд хүрсэн эр хүнтэй баймаар байна” гэж хэлсний дараа бага зэрэг засарч байгаа мэт харагдаж байвал тэр нь чамтай хамт байхыг хүссэндээ түр зуур өнгөлөн далдлалт хийж байгаа явдал болохоос биш бүрмөсөн “том болсон” гэсэн үг биш гэж ойлгох хэрэгтэй.

Эмэгтэйчүүд ихэвчлэн энэ хэсэгхэн хугацааны камофлажанд өртөөд, “Ийм маягаараа яваад байвал тэр бүрэн өөрчлөгдөх юм байна” гэж хөөрцөглөдөг. Ингээд сэтгэл тайвширч байтал дахиад л үзэн ядмаар мөн чанар нь ил гараад эхэлмэгц, бүх зүйл эхнийхээ цэг дээр ухарч очно. Эр хүнд бүр өчүүхэн жижиг, жишээ нь бохирдсон оймсоо тайлаад угаалгын сагс руу хийдэг болгохтой л дүйцэх хэмжээний бяцхан өөрчлөлтийг хийхийн тулд танд “хөлс хөдөлмөр шаардсан” хагас жил хэрэгтэй болно гээд л бодчих. Тэгвэл томоохон хэмжээний өөрчлөлт хийхэд хэдэн жил шаардах бол? Чи үнэхээр гэрлэлтийнхээ туршид хүүхдээсээ гадна нөхрийнхөө 24 цагийн үнэ төлбөргүй багш хийж амьдрахыг хүсч байна гэж үү?

Гэхдээ нэг сайн мэдээ дуулгахад тэр чиний төлөө биш ч, өөрийнхөө төлөө өөрчлөгдөж магадгүй л юм! Өөрөөр хэлвэл хийж байгаа үйлдэл нь, өөрт нь үнэхээр муугаар нөлөөлж байгааг мэдэрсэн цагтаа тэр тодорхой алхам хийж магадгүй. Тиймээс “Миний төлөө…”, “Надад хайртай л юм бол…” гэдэг үгийг хэлэхээ болиод, оронд нь түүнийг өөрийнхөө төлөө өөрчлөгдөхөд нь бага багаар нөлөөлж болох юм.

Тэр яваандаа өөрчлөгдөнө, засрана гэж хоосон найдлага тавин амьдралаа түүнд бүү даатга. Хэрвээ тэр одоо “ийм” байгаа бол, чамтай гэрлэснийхээ дараа ч, хүүхдээ төрөхийг харсныхаа дараа ч, чамтай муудалцаад эргээд нийлснийхээ дараа ч “ийм” хэвээрээ л байх магадлал өндөр гэдгийг санаж, өөртөө болон харилцаандаа шударга хандаарай.


Бодит үнэн: Тэр чиний төлөө өөрчлөгдөхгүй!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.