TV ZONE: Сайн байна уу? Урилгыг минь хүлээн авсанд баярлалаа.
Т.ӨӨДӨӨ: Сайн байна уу? TV ZONE сэтгүүлд уригдан ярилцаж байгаадаа баяртай байна.
~ Хөл хүнд, хөхүүл гэх шалтгаанаар уран бүтээлээсээ холдоогүй ээ~
TV ZONE: Таныг уран бүтээлээсээ түр амсхийж “Илд цэцэг”-ээр эргэн ирлээ гэж ойлгоод байх шиг ажиглагдсан. Харин өнгөрсөн хугацаанд уран бүтээлээ хийгээд ирснийг би мэдэх юм. Энэ талаар яриагаа эхэлье?
Т.ӨӨДӨӨ: Би дунд хүүгээ тээж байхдаа “Улаан пальто” уран сайхны кинонд тоглосон. Хоёр жилийн өмнө охиноо тээж байхдаа “Ээж” киноны гол дүр болох Ардын жүжигчин Д.Мэндбаяр эгчийн залуу насанд нь тоглосон юм. Тоглосон кино бүрийнхээ нээлтэд очоод байх боломж тухайн цаг үед надад байсангүй. Учир нь, яг нээлтийн үеэр жирэмсэн, эсвэл төрөөд удаагүй хөхүүл үе таараад байсан юм. Гэхдээ уран бүтээлч хүнийхээ хувьд би өөрийгөө тултал нь дайчилж чадаагүй болохоор өөртөө их чамлалттай ханддаг. Нөгөө талаар, ажилласан уран бүтээл бүхнээ олонд сурталчилаад, олны өмнө харагдаад байхыг хүсдэггүй, энэ миний зан. Үр хүүхэдтэй болохоор олны хар, цагаан хэл амнаас хүүхдүүдээ хамгаалж, аль болох нам гүн байх сонирхолтой болчихдог юм байна. Ингээд л хүмүүс уран бүтээл хийхгүй байгаа гэж ойлгосон болов уу. Бас ч гэж хөл хүнд байхдаа, хөхүүл байхдаа гээд боломж нь таарвал өөртөө ирсэн саналуудыг харж байгаад уран бүтээлийн ажлаа хийсээр л байсан. Би мэргэжилдээ маш их хайртай, дуртай. Жүжигчний мэргэжил миний хамгийн нандин хүслийн минь биелэл.
TV ZONE: “Илд цэцэг” киноны тухай яриагаа үргэлжлүүлье!
Т.ӨӨДӨӨ: Хамгийн сүүлийн уран бүтээл минь яахын аргагүй “Абсолют” пикчерсийн бүтээл “Илд цэцэг”.Зураг авалтын үед надад үнэхээр жаргалтай байсан. Дуртай ажлаа хийхээр хүн өөрийн эрхгүй аз жаргалыг мэдэрдэг шүү дээ. Хүнд хэцүү зураг авалтууд нь уран бүтээлчийн минь хувьд намайг сорьж байсан учраас өөрийгөө дайчлах тэр мэдрэмж их сайхан байлаа. Киногоо бэлэн болсны дараа үзэхэд хасагдсан хэсгүүд цөөнгүй байна билээ. Бүх хүч чадлаа дайчлан ажилласан хэсгүүд маань хасагдчихаар сэтгэл жаахан гонсойсон. Жүжигчин хүн бүрт адилхан мэдрэмж төрдөг байх. Тухайлбал, нэг хэсгийн зургийг авах гэж ууланд нойргүй дөрөв, тав хоносон. Дандаа шөнийн зурагтай. Зуны нар эрт манддаг учраас үүнээс өмнө шороогоо ухаад л, булаад л гэх зэргээр кино багийнхан бүгд маш ачаалалттай ажилласан. Харамсалтай нь, энэ үед авсан зураг авалтууд кинонд маань ороогүй. Гэхдээ үзсэн хүмүүсийн сэтгэгдэл өндөр байна лээ. Энэ киноны хувьд найруулагчийн ажил үнэхээр сайн хийгдсэн. Найруулагч П.Дэлгэрбаяр өөрөө зохиолоо бичсэн юм. Зураачийн ажлын ур чадвар зураг авалт эхэлсэн үеэс л мэдрэгдсэн. Үнэхээр сайн байсан. Энэ кинонд ажилласан уран бүтээлчид бид нэг үеийнхэн. 2006 онд дэлгэцнээ гарсан “Тушаал” кинонд бид анх гар нийлж ажиллаж байлаа. Найруулагч П.Дэлгэрбаярын хувьд, “Вансэмбэрүү” киноны үеэр анх танилцаж байлаа. Хөгжмийн зохиолч Г.Онон хамгийн анхны киноны хөгжмийн уран бүтээлээ “Тушаал” киноноос эхэлж байв. “Тушаал” кинонд баг болсон энэ бүрэлдэхүүнээрээ дараа нь нэгэн солонгос найруулагчийн “Морь минь давхи” кинонд ажилласан. Энэ киноноос мөн Ц.Хүрэлбаатар маань киноны зураачийн карьераа эхлүүлж байсан. Энэ бүрэлдэхүүнээрээ бид “Илд цэцэг” кинонд ажиллалаа. Ингээд тоолбол нас чацуу, төөлбөл бие чацуу бид нэг үеийнхэн
TV ZONE: “Эхийн хайрын тухай олон кино хийгдсэнээс “Илд цэцэг” киноны хувьд эхийн хайрыг тэс өөр өнцгөөс нь харуулжээ” гэж нэгэн шүүмжлэгч бичсэн байна лээ. Тухайн уран бүтээлч эх хүн болж, үртэй хүний жаргалыг мэдэрч байж сая эхийн хайрыг үнэн гаргах болов уу гэж бодож байна. Тиймээс найруулагч дүрээ зөв сонгожээ…
Т.ӨӨДӨӨ: УГЗ, найруулагч Ч.Найдандорж багш маань “Та нар эхлээд хүн бай, дараа нь жүжигчин болно. Хүн болоогүй байж жүжигчин болно гэвэл бүтэхгүй” гэж байнга хэлж, захидаг байсан. Үзэж, харсан зүйлээ хүн илүү мэдэрнэ. Багш маань бас битгий жүжиглэ, битгий тогло, зүгээр наад дүрдээ амьдар гэж байнга хэлнэ. Тухайн үед сонсоход цаад нарийн учрыг нь сайн ойлгохгүй л явсан. Харин ажил дээр гараад уран бүтээлд тоглох бүрт багшийн хэлсэн үг бүхэн толгойд орж ирдэг. “Илд цэцэг” киноны хувьд таны хэлсэнчлэн эх хүний үрээ гэх хайрыг харуулдаг. Би өөрөө гурван хүүхэдтэй. Хэрвээ би хүүхэд төрүүлж, өсгөж үзээгүй байсан бол магадгүй энэ дүрийг дутуу дулимаг гаргах байсан ч юм билүү. Саяхан нэг киноны үеэр СТА, жүжигчин Ц.Төмөрхуяг ах “Би ерөөсөө жүжиглэдэггүй, тоглодоггүй. Би зүгээр амьдардаг юм” гэж хэлсэн нь шууд анхаарал татсан. Яагаад гэвэл, багшийн маань хэлсэн үгтэй нийлж байлаа. Үүнийг сонсоод би дотроо “Би ч бас” гэж бодож суулаа. Ер нь, “Илд цэцэг” киноны дүрүүдийн сонголт маш оновчтой болсон гэж уран бүтээлч хүнийхээ хувьд дүгнэж байгаа. Ганцхан өөртөө л чамлалттай байгаа юм. Гэхдээ тэс өөр хүний амьдралаар бага ч гэсэн хугацаанд амьдарч үзнэ гэдэг нь надад хамгийн сайхан байдаг. Хүн бүрт тохиолдоод байх хувь зохоил биш шүү дээ.
TV ZONE: Нэг хүн амьдралынхаа туршид ойлгож авах ухааныг жүжигчин хүн нэг дүрд тоглоод олж авах нь бий. Үүгээрээ жүжигчний мэргэжил сайхан санагддаг. Таны хувьд “Илд цэцэг” киноноос ямар ухаарлыг, ямар шинэ зүйлийг олж, мэдэрч, ойлгож авсан бэ?
Т.ӨӨДӨӨ: Гол дүр болох Хонгорзул аймшигтай хэрэг хийчихээд яаж хорвоогийн тоосыг хөдөлгөөд явж чаддаг юм бол гэж Өөдөө гэдэг хувь хүнийхээ хувьд их гайхсан. Ийм зүйл байж болох уу гээд л. Хонгорзул хүн алчихсан хүн шүү дээ. Хэдий охиноосоо болж ийм хэрэг хийсэн ч зөвтгөж ердөө чадахгүй байна. Хасагдсан хэсэг маань орсон бол жаахан тайван байх байлаа. Киногоо үзсэнээс хойш надад Хонгорзул гэх энэ эмэгтэйн тухай бодогдоод л байгаа. Хүн үйлийн үрээ заавал амсдаг. Тиймээс охин нь тэр эрэгтэйн хүүхдийг тээж, төрүүлж өсгөнө гэдэг нь үйлийн үр нь юм уу даа гээд л. Ингэж санаанаас гарч өгөхгүй, бодогдоод байгаа нь магадгүй сайн кино болсны шинж байх.
~ Ээж болоход хүүхэд төрүүлээд л болчихно, харин эх хүн болно гэдэг их учиртай~
TV ZONE: Ажил, амьдралыг хослуулж амжуулах бас л шаггүй хөдөлмөр? Хэрхэн амжуулж байна.
Т.ӨӨДӨӨ: Амьдралдаа хийсэн хамгийн том уран бүтээл минь миний гурван хүүхэд. Гурван үрээ аятайхан тордоод сайн “бүтээл” болгочих юмсан гээд л зүтгэж байна. (Инээв) Энэ бол миний хамгийн чухал ажил. Хэдийгээр би жүжигчин, энэ мэргэжилдээ хайртай ч гэсэн миний гурван хүүхдийг яаж гүйцэх билээ. Тиймээс ойрын төлөвлөгөө бол миний хайртай үрс. Тэднийгээ өсгөж хүмүүжүүлэхэд гол анхаарлаа хандуулна. Хүүхдүүдээ ээж нь өөрөө гардан өсгөхийн чухлыг би одоо л, гурав дахь хүүхэд дээрээ сайн ойлгож байна. Ээж болоход хүүхэд төрүүлээд л болчихно, амархан. Харин эх хүн болно гэдэг их учиртай юм байна.
TV ZONE: Ээж болно гэдэг их ухаан байдаг гэдэгтэй тантай санал нэг байна. Би ч гэсэн ээж хүн. Ээж бүрт хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх өөрийн гэсэн арга барил, амьдралын философи байдаг. Таны хувьд ямар арга барилтай вэ?
Т.ӨӨДӨӨ: Манай хүүхдүүд ер нь дураараа талдаа. Би хүүхдүүдээ хайраараа л өсгөж хүмүүжүүлнэ гэж боддог. Хүүхэд хайраар дутах ёсгүй. Хайрлуулж өссөн хүүхэд нас биед хүрээд хүмүүсийг хайраар дутаахгүй, хайрыг түгээнэ. Хайрыг түгээдэг хүнд эргээд хайр ирнэ шүү дээ.
TV ZONE: Хүүхдүүдтэй нь танилцаж болох уу?
Т.ӨӨДӨӨ: Миний үрс ямар хөөрхөн гэж бодно оо. Том хүү минь зургаатай, бага хүү минь гуравтай, охин минь ой гарантай. Нар, ус, агаар шиг гурван хүүхэд бий дээ. Хүүхдүүддээ зориулж, нар, ус, агаар гурвын тухай шүлэг бичиж байсан юм.
TV ZONE: Гэрийн эзэгтэй, сайн ээж Өөдөөгийн ажлыг сонирхъё?
Т.ӨӨДӨӨ: Тийм сайн биш байх. Будаатай хуурга, цуйван, бууз зэрэг тоотой хэдэн уламжлалт хоолоо л сайн хийнэ. Харин нарийн ширийн хоол хийхдээ нуугаад яахав, муу. Олон жил уран бүтээл, телевизийн ажил хийж, гэрийн ажилдаа зарцуулахад цаг хугацаа хомс байсан болохоор тэр талдаа тааруухан. Гэхдээ хүүхдүүддээ зориулж, жижиг буузнаас эхлээд уламжлалт хоолнуудаа хийнэ ээ, хийнэ. Хүүхэдтэй болсноос хойш амьдрал намайг энэ тал дээр сургаж байна аа. Хүүхдээ өөрөө л гардан өсгөх нь хамгийн чухал юм билээ. Ажил, ажил гээд явж байсан маань буруу юм билээ. Сүүлд Навчаа эмчийн “Амьдралын эхний 1000 хоног” гэдэг лекцийг нь уншаад олон зүйлийг ойлгосон. Хүүхдээ төрүүлээд эхний хоёр жилд ээж нь яс өөрөө өсгөх нь маш чухал юм билээ. Тиймээс хүүхэдтэй болсон ээжүүддээ, юу ч болж байсан хамаа байхгүй, хүүхдээ хоёр нас хүртэл нь өөрөө өсгөх нь хамгийн зөв юм байна гэдгийг аминчлан зөвлөе! Яагаад гэвэл, эх үрийн хүйн холбоо гэж бий. Хүүхдээ жаахан байхад ямар нэгэн зүйлд тавгүйтвэл эх хүн түүнийг хараад л шууд мэднэ, мэдэрнэ. Болохгүй байгааг нь мэдвэл яаралтай хариу арга хэмжээ авна. Харин хүнд орхиод явбал орой ажлаасаа ирэхэд унтаж байна. Өдөр хүүхдийнхээ ямар хөөрхөн шинэ зүйл сурч байгааг мэдэлгүй өнгөрнө. Тиймээс хүүхдээ өөрөө гардан өсгөж байж жинхэнэ ээж болдог юм байна.
TV ZONE: Гэр бүлийн үнэ цэнийг үнэхээр мэдэрсэн нь мэдрэгдэж байна. Гэр бүлийн үнэ цэнэ юунд оршдог юм бол…
Т.ӨӨДӨӨ: Одоо бол амьдралын минь хамгийн чухал зүйл бол хүүхэд өвдөхгүй, хоолоо сайн идэх юм. Энэ бол миний, ээж хүний аз жаргал. Мөн нөхрийн минь аз жаргал юм. Жаахан байхдаа ээжийг хоолоо ид гээд байнга хэлдэг байхад нь “Ээж одоо байнга л хоолоо ид, хоолоо ид” гэх юм гэж боддог байлаа. Гэтэл хүүхдүүд нь хоолоо сайн идэж, эрүүл саруул байна гэдэг гэр бүлийн ямар их аз жаргал байдаг юм бэ. Аз жаргал гэдэг олон өрөө байр биш, гоё ганган хувцаслах биш, харин эрүүл энх байх юм. Энэ л амьдралын хамгийн чухал үнэ цэнэ юм байна.
TV ZONE: Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Гэр бүлд нь аз жаргал, уран бүтээлд нь амжилт хүсье!
Т.ӨӨДӨӨ: Маш их баярлалаа.
Ярилцсан: Б.Баяржаргал
Гэрэл зургийг: В.Цэнд-Аюуш
Нүүр будалт, үс засалт: Г.Сувд-Эрдэнэ