СЭТГЭХҮЙД ХОРИГДСОН ЭРХ

Хоол хийх, түлээ бэлтгэх, ус зөөх, цэвэрлэх, хүүхэд, өвчтөн, өндөр настан асрах зэрэг цалингүй ажлын дийлэнх хувийг эмэгтэйчүүд гүйцэтгэж байна. Цалинтай ажил хийх болон өөртөө зарцуулах чөлөөт цаг эрчүүдийнхээс бага байдаг нь Монголд төдийгүй дэлхий нийтийн асуудал гэдгийг “Хүний хөгжлийн төлөө хөдөлмөрлөх нь” илтгэлд онцолжээ. Гэрт орж эм, гадаа гарч эр болж амьдарч буй хэдэн мянган эмэгтэй бидний дунд бий. Дээр дурдсан ажлууд нь эмэгтэй хүний үүрэг байж болох ч идэвхтэй ажил хайгч бүртгэлтэй иргэдийн 53 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Gender-Equality Сэтгэхүйд хоригдсон эрх

Энэ нь эмэгтэй хүн цалинтай, цалингүй аль ч ажилд морь, нохой мэт зүтгэж буйг илтгэнэ. Үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх, өрх гэрээ өнгөтэй өөдтэй байлгахаас гадна хөдөлмөр эрхэлж, амьдралаа авч явах хүнд ачаа эмэгтэйчүүдийн нуруун дээр л буудаг. Өөрөөр хэлбэл, өрмийг нь аваад хусмыг нь хаях шиг эрчүүд улс төр, уул уурхай, мэдээлэл холбоо зэрэг салбарт тэргүүлж, удирдах албан тушаал хашин, шийдвэр гаргах эрх эдэлж, өндөр цалин авч байхад эмэгтэйчүүд хусам төдий дээр байдаг хүчээ барж байна.

Бөөний болон жижиглэн худалдаа, хүнс, эрүүл мэнд, боловсролын салбарт эмэгтэйчүүд голдуу ажилладаг. Эдгээр салбарт нийгмийн хамгаалал сул. Тэр ч бүү хэл, ижил ажил эрхэлдэг хэрнээ хүйсийн ялгаанаас болж бага цалин авдаг жишиг ч бий. Их, дээд сургууль төгсөгчдийн олонх нь эмэгтэй хэрнээ удирдах албан тушаалд очдог нь маш цөөн. Яагаад ийм байдал үүсдэг вэ. Мэргэжил эзэмшин, дипломыг нь өвөртөлсөн хэрнээ дээшээ ахиж чаддаггүй шалтгаан нь тун энгийн.

Эм хүний үс урт, ухаан богино гэсэн явцгүй хэллэгээс үүдэн нийгмийн аль ч салбарт эмэгтэйчүүдийг “дарж” байдаг. Сайхан явбал хэн нэгний нууц амраг, саар байвал арчаагүй, унхиагүй гэж хэлэгддэг. Өндөр албан тушаалд хүрсэн эр хүнийг мэдлэг боловсролтой гэдэг бол ийм түвшинд очсон эмэгтэйчүүдийг хэн нэгнээр ивээн тэтгүүлсэн гэж харддаг.

Тэр ч бүү хэл, эмэгтэйчүүд ажлын байр, гудамж талбайд бэлгийн хүчирхийлэлд өртөх, айж ичих явдал газар авсан. Ялангуяа урин дулаан цагт охид бүсгүйчүүд ийм халдлагад өртөх нь их. Биеийнх нь эмзэг хэсэгт дураараа хүрсэн үл таних этгээд тоглоом наргиан хийгээд үлддэг бол тухайн бүсгүйд доромжлуулсан мэдрэмж төрдөг. Үүнийг хэн ч тоодоггүй. Бүр ерөнхий боловсролын сургуулийн хөвгүүд охидынхоо хөхөвчийг тайлж, зугаацдаг шүү дээ. Охид сул дорой, хүлцэнгүй байх ёстой гэсэн хууль амьдралд үйлчилсээр байна.

Энэ нь явсаар гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг буруутгадаг зүй бус хандлагыг өөгшүүллээ. Сэтгэхүй дэх энэ ялгаварлалаа өөрчилж чадаагүй цагт манай улсад жендерийн тэгш эрхийн тухай ярих нь амьдралаас тасархай санагдана. Хэзээнээс ч юм дамжин ирсэн хэвшмэл ойлголт хууль, тогтоомжоор бэхжиж, улмаар эрчүүд, эмэгтэйчүүдийн хооронд ялгаатай, тэнцвэргүй байдал бий болгож буй. Гэмт хэргийн хохирогчдын олонх нь охид, эмэгтэйчүүд. Энэ оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд 7368 гэмт хэрэг гарч, 6248 хүн хохирсон статистикийг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Хохирогчдын 43 хувь нь бүсгүйчүүд байна.

Өнгөрсөн сард болсон “Жендер ба хөгжил” үндэсний чуулганы үеэр ХНХ-ын сайд С.Чинзориг илтгэлдээ “УИХ-ын эмэгтэй гишүүдийн тоо өсөж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо сайжирсан. Бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25 байсныг 30 болгон нэмэгдүүлсэн. Энэ мэт жендерийн талаар ахиц дэвшил гарсан ч асуудал цөөнгүй” гэж дурдсан.

УИХ-д эмэгтэй 13 гишүүн, хоёр сайд ажиллаж байна. Харин Канадын Засгийн газрын 50 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Боловсрол мэдлэг, туршлагаас үл хамаарч, эрчүүдийг илүү гэсэн хандлагаа өөрчлөх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тоог нэмэх шаардлагатай байна. Монгол Улс эмэгтэйчүүдийн тэгш эрхийн талаар олон конвенцод нэгдсэн ч биелэлт нь ямар байгаа билээ. байна.

Малчдын 46.3 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь хатуу ширүүн нөхцөлд ч шантарч бэргэлгүй зүтгэж буйн тод жишээ. Жендерийн асуудал хамгийн их хөндөгддөг зарим жишээ дурдъя. Манай улсад өрх толгойлсон 78 мянга гаруй эмэгтэй амьдарч байна. Тэдний төлөөлөл болох Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг, 40 настай Ж-тэй уулзсан юм. Цэцэрлэг болон гурав, аравдугаар ангид сурдаг гурван хүүхдээ хүний дайтай өсгөх гэж хуруу хумсаа хуйхлан зүтгэж буй жирийн нэг ээж. Нөхөр нь өөр эмэгтэйтэй болсноор амьдралын бүх л ачаа түүнд иржээ.

“Нүүрээ будаж, нөгөө хувцсаа өмсөөд л гарахгүй бол хүмүүсийн хандлага, харилцаа их хэцүү болсон шүү дээ. “Эмэгтэй хүн авахгүй, эсвэл залуу охид ажилд авна” гээд миний насны хүнийг халгаахгүй юм билээ. Байгууллагын удирдлага ч гурван хүүхэдтэй, нөхөргүй эмэгтэй гэсэн хандлагаар дорд үзэж харилцаж байсан. Манай хороонд өрх толгойлсон эмэгтэй олон. Тэд үр хүүхдийнхээ төлөө л амьд явж байна гэцгээдэг. Нөхөр нь архи уугаад гудамжинд гарсан нь цөөнгүй. Зарим нь ирж, зодож, дарамталдаг. Хүүхэдтэй эх хүн ямар ч бэрхшээлд бууж өгдөггүй байх. Би ч мөн гурван хүүхдийнхээ төлөө хүйтэн, халууныг ажралгүй зүтгэж явна” гэж ярив.

САНАЛЫГ НЬ ХҮЛЭЭЖ АВАХ УУ, ЗУГТААХ УУ

GettyImages_646812882.0 Сэтгэхүйд хоригдсон эрх

Томоохон телевизид ажилладаг найз минь гэнэт л нэг өдөр “Ажлаасаа гарна аа, үнэхээр тэсэхгүй нь” хэмээн тэсэрлээ. Хэр барагтайд ундууцдаггүй, ажилдаа хичээнгүй, хамт олныхоо дунд ч нэр хүнд сайтай түүний тэвчээрийг дарга нь баржээ. “Ажилд орсон өдрөөс л над руу элдэв юм бичиж, амралтын цагаар хаана, хэнтэй байна, уулзъя, хүрээд ир” гэдэг. Хэсэгтээ ингэж байгаад больчих болов уу гэж бодсон ч даамжирсан. Одоо юм л бол намайг шүүмжилж, хамт олны дунд янз бүрээр хэлдэг. Энэ бүгдээс залхаж байна” хэмээн учирласан юм.

Удирдлагынхаа саналыг үг дуугүй хүлээн авч, ажилласаар байх уу, эсвэл эвлэршгүй нөхцөлөөс зугтах уу. Яг ийм сонголттой тулгарсан хүн Монголд цөөнгүй. Ялангуяа охид, эмэгтэйчүүд ажлын байрны ямар нэг дарамтад өртөх нь элбэг. ХЭҮК-ын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх тайлан-2017”-д дурдсанаар ажлын байранд дарамт байдаг гэж хариулсан эмэгтэйчүүд эрчүүдээс 3.4 функтээр илүү байжээ. Ажлын байран дахь дарамт ямар хэлбэрээр илэрч байгааг асуухад судалгаанд хамрагдагсдын 12 хувь нь “Хийсэн ажлыг шалтгаангүйгээр шүүмжилдэг”, 10 хувь нь “Хэл амаар доромжилдог”, долоон хувь нь “Илүү цагаар ажиллуулдаг”, хоёр хувь нь “Ялгаварлаж харилцдаг” гэж хариулжээ. Ийм зовлон тоочсон ажилтнуудын олонх нь эмэгтэйчүүд байж.

Буудалд зочин угтагчаар ажилладаг, судалгаанд оролцогчдын нэг нь “Зочид буудлын эзэн, захирлуудын гэрийг очиж цэвэрлэдэг. Цэвэрлэхгүй гэхээр зайл, дараагийн хүн нь бэлэн байгаа гэдэг. Бас биднийг хулгайд хардаж сэрддэг. Үүнээс болж эрүүгийн хариуцлагад татагдсан хүн ч бий. Гайгүй бие хаа, зүс царайтай үйлчлэгч, хүлээн авагч нар бэлгийн дарамтад өртөх нь түгээмэл. Эхнэрүүд нь ч ирээд “Чи манай нөхөртэй яасан бэ” гээд хардана. Асуудал их” хэмээн ярьсан байна.

Аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтан авахдаа ямар нэг шалгуур тавьдаг. Өөрсдийн гэсэн дотоод дүрэм, журмаа ч танилцуулдаг, мөрдүүлэхийг эрмэлздэг. Гэтэл ялгаварлан гадуурхал, бэлгийн дарамт, ажилтнуудын эрх тэгш байдал зөрчигдсөн тохиолдолд хэрхэх, яаж зохицуулах талаар тусгай дүрэм журам байдаггүй нь ийм асуудал бат бөх орших үндэс болдгийг мэргэжилтнүүд онцолжээ.

“ӨӨР АРГА АЛГА”

21641432_1520894451330862_2044223805_n Сэтгэхүйд хоригдсон эрх

Эмэгтэйчүүдэд “ээлтэй” ажлын байрны нэг нь томоохон зах, худалдааны төвүүд. Тэнд ажиллагсдын олонх нь бүсгүй. “Захын авгай нар шиг” гэсэн үг тогтсон хэлц шиг өргөн хэрэглэгдэх болсон нь ч үүний илрэл юм. Лангууны ард зогсох, хөдөлгөөнт худалдаа эрхлэх, ачаа зөөх, тэрэг түрэх гээд хүн хийж болох бүхнийг тэд хүнд хүчир, хэцүү гэж ялгаж, ялархалгүй зүтгэсээр байна. Эмэгтэйчүүд, тэр байтугай бага насны охид ч ийм газарт ажилладаг. Тэдэнд ар гэрээ тэжээх үүнээс өөр сонголт байхгүй учраас тэр.

“Нарантуул” худалдааны төвд сүүлийн таван жил ажиллаж буй Э тэдний төлөөлөл. Тэрбээр дөрвөн хүүхэдтэй. Хоёр бага нь Архангайд өвөөгийндөө байдаг бол томууд нь мөн л “Барс”, “Нарантуул” захад ээжтэйгээ ижил ажил хийдэг. Э өнгөрсөн жил хөл дээрээ хүнд юм унагаж гэмтэн зургаан сар гаруй гэртээ хэвтээд, өнгөрсөн нэгдүгээр сард ажилдаа оржээ. Энэ хугацаанд хүү, охин хоёрт нь ар гэрээ явч явах үүрэг ногдсон байна.

“Яагаад заавал энд ажиллах болов” гэхэд тэрбээр “Өөр арга алга аа” хэмээн хариулсан. Түүний ажлын байр дэндүү эрсдэлтэй. Ачаа зөөж яваад хөлөө гэмтээсэн нь анхны тохиолдол биш гэнэ. Уржнан үйлчлүүлэгчийнхээ ачааг унагааж, өрөнд ороод баларчээ. Зарим нь элэг бариад хөлсөө дутуу өгнө. Ачаа зөөдөг эрчүүд “Урдуур орж, үйлчлүүлэгч булаалаа” хэмээн цамнаж, дээрэлхдэгийг ч тэрбээр хэлсэн. Эрчүүдээс ч илүү хүнд хөдөлмөр эрхэлдэг тэдэнд энэ мэт зовлон мундахгүй.

ЦОЛ, ЗЭРЭГ ОЛГОХОД Ч ХҮЙС ЧУХАЛ

shutterstock_edito1-672x372 Сэтгэхүйд хоригдсон эрх

Хууль сахиулах байгууллагынхны дунд жендерийн тэгш байдал зөрчигдөх, албан тушаалтны дарамт шахалт их байдгийг хэн ч анзаардаггүй. Хүчний буюу тусгайлсан чиг үүрэгтэй цэрэг, цагдаагийн байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоо арай өөр, эрчүүдээс дорд үзэгддэг гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Энэ салбарт ажиллаж буй эмэгтэйчүүд нийт бие бүрэлдэхүүний 20-40 хувийг эзэлж байгаа. Төрийн байгууллагад эмэгтэйчүүдийн ажиллах квотыг хуульчилсан байдаг.

Гэтэл төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагад квотынхоо хэмжээнд хүрэхгүй байх нь бий. Цагдаагийн байгууллагад харин сүүлийн үед дээрх квот хэтрэх гээд байгаа гэх юм билээ. Тэгсэн атлаа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд хэчнээн байна вэ гээд үзвэл харамсалтай тоо гарна. Цагдаагийн байгууллагын удирдах ажилтнууд Чингисийн хөшөө, Төрийн ордны өмнө бүгдээрээ сууж байгаад “патиараа татуулсан” зураг газар, хэлтсийн дарга нарын өрөөнд бий. Урд эгнээнд суусан баахан эрчүүд дунд банзал өмссөн ганцхан эмэгтэй байдаг нь эрс ялгардаг.

ЗХЖШ-т эмэгтэй алба хаагчид ажилладаг атлаа удирдах албанд бараг л үгүй. Өнгөрсөн жил Эмнэлгийн хэлтсийн дарга нь л эмэгтэй хүн байсан бол өнөө жил Энхийг дэмжих хэлтсийн хоёр офицер хурандаа болж, цэргийн мэргэжлийн дээд байгууллагад ердөө л гурван эмэгтэй ийм цолтой ажиллаж байна. Тэднээс өмнө ЗХЖШ-т Санхүүгийн газрын дарга эмэгтэй л ганцаараа хурандаа цолтой ажиллаж байлаа. Генерал цолтой эмэгтэй Монголд нэг ч байхгүй.

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудад бүсгүйчүүд үндсэн чиг үүрэг бүхий ажил үүргийг ердөө 10 хувь нь л гүйцэтгэж байгаа юм билээ. Ихэвчлэн туслан гүйцэтгэлийн ажил буюу бичиг хэрэг, санхүү гэх мэт ажлыг түлхүү хийдэг гэх. Гэтэл хууль сахиулах байгууллагад ажиллаж буй бүсгүйчүүд өөрсдийн эрх ашиг нь зөрчигдөж буйг ажил, амьдралын явцад мэддэг ч энэ талаар дуугардаггүй.

Цагдаагийн байгууллагад ажлын байрны бэлгийн дарамт мэр сэр дуулддаг ч албан тушаалтайгаа үлдэх, халагдчихгүйн тулд чимээгүй өнгөрөөхөөс өөр аргагүйд хүрдэг тухай ХЭҮК-ынхонд гомдоллодог гэдэг. Саяхан гэхэд тус байгууллагад нэг өндөр албан тушаал хашиж байсан хурандаа дүүргийн Цагдаагийн хэлтэст ажилладаг офицер эмэгтэйтэй зүй бус харилцсан гэх мэдээлэл бий.

Дарга даамал, эрх мэдэлтний дарамт ийм байхаас гадна хуулиар ч жендерийн тэгш байдлыг зөрчсөн явдал гарч буйг энэ салбарт ажилладаг эмэгтэйчүүд хэлж байна. Тухайлбал, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа цэрэг, цагдаагийн байгууллагад ажиллаж буй эмэгтэйчүүдийн эрх ашгийг хохироосон заалт оруулсан хэмээн тэд нэлээд гомдолтой сууна. Цагдаагийн байгууллагын эмэгтэйчүүд нэгдэж зөвлөл байгуулах саналаа удирдлагадаа илэрхийлэхэд үл ойшоосон гэх мэдээлэл ч бий.

Цэрэг, цагдаагийн байгууллагад ажиллаж буй бүсгүйчүүд жирэмсний амралтаа эдэлж дуусаад буцаад ороход нь ажлын байр солигдох, эргэж ороход хүндрэлтэй байдаг. Үүнээс гадна эмэгтэй алба хаагчдаа “олон хүүхэд гаргаж ажил цалгардуулдаг” хэмээн далдуур хажиглах явдал байдгийг хэлэх хүн цөөнгүй.

Хэдийгээр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй салбарт бүсгүйчүүдийн эзлэх хувь нь бага ч гэлээ хийж гүйцэтгэх ажил үүргийн хувьд эрчүүдтэй ижил хөдөлмөр эрхэлдэг. Алба үүргийн хувьд ижил хөдөлмөр эрхэлдэг хэдий ч албан тушаал, цолны үнэлэмж бага, хойш тавигддаг юм. Үүнээс гадна эрчүүдийн ажлын амжилтыг хөдөлмөрийн үр шим гэж үнэлдэг бол албан тушаал ахисан, амжилт гаргасан хүүхнүүдийг аз таарсан, эсвэл хэн нэгэн дарга өөд нь татсан хэмээн хардаж байдаг нь жендерээр ялгаварлан гадуурхаж буй нэг хэлбэр биш гэж үү.

Эх сурвалж: “Өнөөдөр сонин”


СЭТГЭХҮЙД ХОРИГДСОН ЭРХ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.