Монголын сонгодог урлагийг дэлхийд таниулж яваа залуусын нэг бол Германы “Theater and Philarmonie Thuringen” компанид гэрээгээр бүжиглэдэг балетчин Д.Одсүрэн. Тэрээр саяхан Германы “Theater oskar”-ын эзэн болсон юм. Эх орондоо ирээд удаагүй байгаа түүнтэй уулзаж ярилцлаа.
-Зуны дэлгэр цагт Монголдоо ирээд сайхан байгаа байх. Нутагтаа ирэлгүй хэр удсан бэ?
-Мэдээж, эх орондоо ирээд сайхан байна. Чиний хэлснээр зун болоод бүхий л зүйл өнгөлөг гоё байна. Уг нь, жил бүр ирэхийг хүсдэг ч ажил ихтэй болохоор заримдаа ирж амжихгүй юм. Жил болоод ирж байна.
-Таныг саяхан Германы оскарын шагнал авсан гэсэн. Энэ тухайгаа дэлгэрэнгүй яриач?
-Тийм ээ. Зүүн Германд жил бүр сонгодог урлагийнханы дунд “Theater oskar” нэртэй шагнал гардуулах ёслол болдог. Надад тэр арга хэмжээнд бүжиглэх урилга ирсэн л дээ. Эрэгтэй шилдэг балетын бүжигчин гэсэн номинацад өөр таван орны балетчины хамт нэр дэвшсэн. Гэхдээ өөрийгөө энэ шагналыг авна гэж бодоогүй бүжгээ бүжиглэчихээд тайзны ард ороод хувцсаа сольж байтал миний нэрийг дуудсан. Шагналаа гардаж авах тэр үед толгойд юу ч бодогдохгүй зүгээр л хөндий хоосон болчихсон.
-Мэдээж, тэгэх байх л даа. Гэхдээ талархсан сэтгэлээ илэрхийлж, үг хэлсэн биз дээ?
-Шагналаа гартаа барьчихсан хэрнээ л итгэхгүй байсан. “Энэ шагнал бол ганцхан минийх биш. Өдий зэрэгт хүрэхэд надад тусласан бүх хүнд, бас миний эх оронд өгч байгаа шагнал юм” гэж хэлсэн.
-Монголын балетчиныг олон орны сор болсон балетчид цугладаг Германд ингэж үнэлнэ гэдэг нэр төрийн хэрэг шүү?
-Анх миний нэрийг дэвшүүлж байгааг сонсоод шагнал авахгүй байх гэж бодсон. Германчууд өөрийнхөө орны балетчинд өгөх юм уу эсвэл оросуудад өгөх байх гэж бодож байлаа. Оросууд сүүлийн үед хүчирхэгжиж байгаа. Маш чадалтай балетчид Оросоос л төрж байна. Тиймээс би энэ шагналыг авахгүй байх гэж бодсон. Германд ар өврийн хаалга байдаггүй гэдгийг мэддэг ч, энэ шагналыг авснаар үүнд бүрэн итгэсэн.
-Балетад анх яаж хөл тавьсан бэ?
-Би Баянхонгорт төрж, өссөн. Тухайн үед юун балет, огт мэддэггүй байлаа. Гэхдээ нэг удаа зурагтаар балет үзээд гоё юмаа л гэж бодож байснаас мэргэжлийн балетчин болчихно гэж бодож байсангүй. Хөгжим бүжгийн коллежид шалгалт өгч тэнцээд өөрийгөө балетын ангид орсон ч гэж мэдээгүй. Ямар ч байсан бүжгийн л ангид орлоо гэж бодсон. Хөдөөний хүүхэд болохоор дотуур байранд байрлаж, тэндээ хичээлээ хийдэг байсан. Манай багш нар өөрийн хүүхэд шиг л шавь нартаа анхаарал тавина.
-ДБЭТ-т ажиллаж байсан болохоор Жамъяандагва багшийн номын дууг сонссон нь мэдээж. Тэр хүнээс хэр их зүйл сурч авсан бэ?
-Маш их зүйл сурсан. Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд шууд театрт ажилд орсон. Жамъяандагва багшийн “Чи зөвхөн балетчин биш. Өөрийгөө балетчин, жүжигчин гэж бод” гэж хэлснийг би үргэлж бодож явдаг юм. Одоо балет чинь бүжгэн жүжиг гэдэг хэлбэрээр илүү их хөгжиж байна.
-Монголчуудыг орос школтой гэдэг шүү дээ?
-Манай хөгжим бүжгийн багш нар хэдийгээр Орост сургууль төгссөн ч гэлээ бидэнд Орос-Монгол школыг хослуулж эзэмшүүлдэг. Яагаад ингэж хэлж байна гэхээр бусад орны балетчидаас ялангуяа, орос балетчидаас би монгол школоороо ялгардаг. ДБЭТ-т ажиллаж байх үед Бээжингийн урлагийн сургуулиас хагас жил суралцах эрх ирсэн. Тийшээ явахаас өмнө Монголын сонгодог урлагт их хөрөнгө оруулдаг “Ganymades” гээд компанийн Рой Донген захиралд өөрийнхөө зургуудыг барьж ороод “Та миний зургуудыг үзээд таалагдсан зургаа ашиглаж болно” гээд хамтран ажиллах хүсэлт тавьсан. Рой Донген захирал ч зөвшөөрч, миний нэг зургийг байгууллагынхаа логон дээр тавихаар болсноор би тэр компанийн нэр дээр бүжиглэх болсон юм. Украйнд зохиогдсон нэг наадамд бүх зардлыг маань дааж явуулсан. Тэр үед намайг Канадын балетын театрын мэргэжилтэн олж харснаар Бээжинд очоод хоёр сар сурч байхад хамтран ажиллах санал тавьж тэгээд л сургуулиа хаясан юм.
-Тэгээд Канадад хэр удаан ажилласан бэ?
-Жилийн гэрээтэй яваад гэрээгээ сунгуулах гэтэл Хятадын талаас Канадын Элчин сайдын яаманд нөлөөлж, миний гэрээг сунгуулаагүй. Яагаад тэгснийг нь би одоо хүртэл ойлгодоггүй юм.
-Та Комаки балетад ажиллаж байсан. Ер нь, японд сонгодог урлаг хэр хөгжсөн бэ?
-Комаки балетад хоёр, гуравхан сар л ажилласан. Гэхдээ Япон надад таалагдаагүй. Би сонгодог урлаг анх үүссэн Европыг илүүд үзсэн.
-Тэгээд л одоо харьяалагдаж байгаа “Theater and Philarmonie Thuringen” театртай хамтран ажиллахаар болсон юм уу. Театраа танилцуулаач?
-Германд томд тооцогддог, олон улсын театруудын нэг. Бусад театраас ялгаатай нь манайхаар бол Дуурийн театр дээр драмын театрыг нэмсэн гэсэн үг. Тийм бүрэлдэхүүнтэй ажилладаг. Би тэнд гэрээгээр ажиллаад дөрвөн жил болж байна.
-Цаашдаа гэрээгээ сунгах төлөвлөгөө бий юү?
-Саяхан гэрээний маань хугацаа дуусаад, хоёр жилийн гэрээ байгуулсан. Гэхдээ энэ гэрээгээ дуусгахгүй байх аа.
-Яагаад. Өөр газартай хамтарч ажиллана гэж үү?
-Би одоо залуу байна. Тийм учраас олон газар явж юм сурах хэрэгтэй. Германд байдаг өөр газруудыг судалж байгаа. Залуухан гээд бас энэ тэнд очоод, яваад байх нь утгагүй л дээ.
-Монголыг сонгодог урлагтаа анхаарал тавьдаггүй гэсэн шүүмж их гардаг. Германд бол эрс тэс ялгаатай байх даа?
-Тэгэлгүй яахав. Би хэрэв Германд 10 жил ажиллавал намайг тэтгэвэрт гарсны дараа тэндээс тэтгэвэр өгнө. Саяхан л гэхэд, би тайзны арын хоёр давхар дээрээс уначихсан. Тэгэхэд шууд л эмнэлэгт аваачиж лазерт хараад яс нь гэмтсэн байна уу, булчин, шөрмөс нь яасан байна гээд бөөн юм болсон. Азаар гайгүй өнгөрч, эмчээс бүжиглэж болно гэсэн зөвшөөрөл авсан.
-Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж яваа бүжигчний хувьд хэзээ нэгэн цагт Монголдоо ирж багшилна гэж боддог уу?
-Үгүй ээ. Багш бол миний хийх ажил биш. Намайг хөгжим бүжигт сурч байхад Дашлхагва багш Орос руу ажиллаар яваад би оронд нь багшилж үлдсэн. Тэр үед л багшлах гэдэг хэзээ ч надад аз жаргал өгөх ажил биш юм гэдгийг ойлгосон доо.
-Нутагтаа хэр удаан хугацаагаар байх вэ?
-Амралтаараа ирсэн л дээ. Есдүгээр сар гаргаад буцна. Нэг ажилтай ирсэн.
-Нууц биш бол ямар ажлаар ирснээ хэлж болох уу?
-Хюго Виера гээд Шведийн модерн бүжгийн багшийг наймдугаар сарын дундуур авч ирэхээр төлөвлөөд байгаа юм. Монголын бүжигчдэд модерн бүжгийн хичээл заалгах төлөвлөгөөтэй. Монголд Модерн бүжгийн жүжиг тавих нь миний мөрөөдөл л дөө.
-Мөрөөдлийнхөө нэгээхэн хэсгийг ч гэсэн биелүүлж яваа юм байна. Гэхдээ дуурийн дуучдыг өөр дуу дуулахаар хоолой нь гэмтдэг гэдэг. Балетчидыг модерн бүжиг бүжиглэхийг хориглодоггүй юм уу?
-Өмнө нь тийм яриа байдаг байсан л даа. Гэхдээ одоо бол өөр болсон. Дуурийн дуучдыг “Чи ганцхан цоож онгойлгодог түлхүүр байснаас, ямар ч цоож онгойлгодог түлхүүр болтлоо өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй” гэдэгтэй л адилхан болсон.
-Гэхдээ модерн бүжиг бүжиглэх балетаас ондоо байх?
-Маш их бэлтгэл, сургуулилалт шаардагддаг. Буруу бүжиглэх юм бол балетчин хүний бие хаа эвдрэх зүйл ч гарна.
-Таныг “Шуранхай” хамтлагийн дуучин Номин-Эрдэнийн найз залуу гэж шуугих юм билээ?
-Номио бол миний багын сайн найз. Би “Шуранхай” хамтлагийг анх уран бүтээлээ хийж эхлэхэд өөрийнхөө чадах зүйлүүдээр их тусладаг байсан. Анхны клип, анхны тоглолтон дээр нь бүжиглэж байлаа.
-Гэр бүлтэй болох төлөвлөгөө бий юү. Найз бүсгүйтэй юу?
-Байгаа. Гэхдээ миний хувийн амьдрал учраас битгий энэ талаар асуугаарай.
ASSA.MN