Дэлхий дахинаа моделийн шалгуур өөрчлөгдөж хүний анхаарал татахуйц хэн бүхэнд энэхүү салбар нээлттэй болж ирж буй билээ.Тус салбарт плас сайз моделиуд ихээр орж ирэх болсны зэрэгцээ нас тогтсон хүмүүс ч мөн хүч түрэн орж ирж өөрсдийн гоо сайхнаа гайхуулах болсон. Манай улсад ч мөн адил энэ үзэгдэл нэмэгдэж байгаа бөгөөд бидний сайн мэдэх “Мөнхийн залуу” гэх тодотголтой Одгэрэлийг ардаа хаян гарч ирсэн гэхэд хилсдэхгүй нэгэн эмэгтэй олныг ёстой л алмайруулж байгаа ажээ. 60 насны босгыг хэдийнээ давсан Б.Долгорсүрэн сүүлийн үед охид бүсгүйчүүдийн дунд үлгэр дуурайлал, шүтээн болоод байгаа гэнэ. Орчуулагч мэргэжилтэй тэрээр бага залуу насандаа гимнастикчин, циркчин, балетчин ч мөн хийж явжээ. Түүний зургийг анх охин нь сошиалд тавьснаар олны анхааралд орсон бөгөөд тэрээр “Гоо сайхан ганцхан залуу насанд байдаггүй юм. Ямар ч насны хүн гоо сайхнаа хадгалаад явж болно. Гоо сайхан гэдэг чинь ганцхан нүүрээ будаад, үсээ янзлаад л, гоё хувцас өмсөөд л болчихдог юм биш ш дээ. Сэтгэл нь сайхан байж байж хүний гоо сайхан гүйцэд бүрддэг байх гэж боддог юм” хэмээжээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn