Бурхан урлаач Д.Ухаанзаяатай хийсэн ярилцлага хүргэж байна.
-Яагаад “ Ханийн тэнгэр, Үрийн буян ” сэдвээр лекц унших болов?
-Нөхөргүй, ханиа зөв сонгоогүй эмэгтэйчүүд, үр хүүхэд тогтохгүй, үргүй хүн маш олон болсон. Хүүхэд төрсөн ч гэсэн янз бүрийн суурь өвчтэй, бие бялдрын хувьд сул дорой хүүхэд их гарч байна. Энэ юунаас болж байна вэ гэхээр ханиа зөв сонгоогүйгээс болж байгаа юм. Ханиа хэрхэн, зөв сонгоход бэрийн зурхай маш чухал. Бэрийн зурхай дээр ивээл харш жил байдаг, үүнийг харгалзахгүйгээр нууц эрхтний харшаар учирчих юм бол хайр сэтгэл байсан ч үр хүүхэд заяахгүй болчих зэргээр нарийн нарийн зүйл байгаа. Мөн хүний хийморь лундаа яагаад доройтдог юм? Хүн яагаад хань ижилгүй удаан явж байна? Үр хүүхэд яагаад олдохгүй байна? Яагаад зулбаж байна? Нэр өгөх ёс ямар байдаг вэ? Хүүхэд хэрхэн хүмүүжүүлэх вэ? Ураг олдохоос өмнө үр хүүхэд олох ажлыг хэрхэн яаж үйлдэх ёстой вэ? Эрүүл саруул оюунлаг хүүхэн яаж төрүүлэх үү? Төрсний дараа хүүхдэд яаж ямар нэр хайрлах уу? Хүүхдийг ширэг заслын судар гэж ямар юм байх уу? Нялхсын 15 ад гэж юу байх уу? Хүүхэд доройтох шалтгааныг тайлбарлаж заслын ном уншиж, Бүжинлхам бурхан тахих, жилийн заслыг энэ лекцээрээ хийхээр төлөвлөөд байна.
-Сүүлийн үед өрх толгойлсон ганц бие ээжүүд их байгаа. Тэдгээр эмэгтэйчүүд ханийн тэнгэргүй байна гэсэн үг үү?
– Олон шалтгаанаас болоод байна. Энгийн дээрээ тухайн хүний төрх, байгаа байдал, ааш, зан харьцаа, мэдлэг боловсрол. Нөгөө талаас ханийн тэнгэр доройтсон байна гэж үздэг. Хүн бүрийн биед заяаны таван тэнгэр гэж таван зүйл бие дээр нь оршдог юм байна л даа. Эрийн тэнгэр доройтоод ирэхээр ханийн учрахаа больдог. Үүн дээр айхтар бузрууд байдаг.
-Тухайлбал?
– Хормойн бузар, ширдэгний бузар, орны бузар, идээ ундааны бузар, газар орон нутгийн гээд олон зүйл байдаг. Ханьгүй байх шалтгаан олон эрэгтэй хүнтэй хамаа замбараагүй учирч явах, танихгүй хүний ор дэвсгэр, зочид буудалд хамаагүй хонож хэвтэх нь дэвсгэрийн бузар гэж айхтар юм байдаг. Хувцасны бузар гэхээр нас барсан хүний хувцсыг өмсөх, муу энергитэй хүмүүстэй уулзаж учрах зэргээс гадна удмын талын юм байна. Удмын талаасаа дангаараа ганцаараа байсан тохиолдол бий. Гэх мэтээр олон олон шалтгаан бий. Гол нь эрийн тэнгэр хаях, олон бузар нэгдэхээрээ ийм болж хувирч байгаа юм.
-Хүүхэдтэй болдоггүй хосууд цөөнгүй бий. Тэд хоорондоо зохицохгүй байна уу? Эсвэл хэн нэг нь үйлийн үрээ эдлээд тэгж байна уу?
– Олон шалтгаан байна л даа. Зөвхөн харшлаад байгаадаа ч биш. Үйлийн үр нь удмын талаасаа дамжаад ирсэн байж болно. Энгийн дээрээ өвчин, эрүүл мэнд, биеийн байдал, эд эс нь бохирдсон муудсан илжирсэн байх, эмэгтэйгийнх нь бие дуслыг хадгалж чадахгүй байх, эрэгтэйнх нь цагаан дусал муудсан байх, тэд хоорондоо угаасаа тохирохгүй байх талтай. Удмын талаасаа ганцаараа байх заяатай, үйлийн үр нь ганцаараа явах тавилантай үйлийг эдлэх шалтгаан байна.Энгийн дээрээ нууц эрхтний харш гэж байгаа юм л даа. Жил усаараа таараад байдаг ч нууц эрхтний харш гэхээрээ үр хүүхэд заяадаггүй. Над дээр арваад жил амьдарсан хос ирсэн. Ажил төрөл, бүх зүйл сайхан болоод байдаг, тэгш хэрнээ нууц эрхтний харш байж таарсан.
-Жил усны болон нууц эрхтний харшийг хамаагүй ээ гээд хамтран амьдарсан тохиолдолд ямар хүүхэд төрөх вэ?
– Нууц эрхтний харш гэхээрээ үр хүүхэд заяадаггүй. Заяасан ч гэсэн оюуны хомсдолтой хүүхэд төрдөг. Жилээрээ, мэнгээрээ харш байх юм бол хүүхэд нь усан саа, бөөрний согогтой эсвэл бөөр нь цоорхой хүүхэд төрнө. Саяхан над дээр миний нэвтрүүлгийг үзээд хүн ирж байсан. Нууц эрхтний харш байгаад бөөр нь цоорхой хүүхэдтэй болчихлоо одоо яах уу гээд ирж байсан. Залуус хэнэггүй, юм уншиж судалдаггүй, зөвхөн өнөөдрөөрөө, би бүхнийг мэдэж байна, өөртөө итгэлтэй байхад шашин хамаагүй гэж дур зоргоороо явсны хар гайгаар хүүхдүүд нь янз бүрийн ужиг өвчтэй төрдөг. Их хөөрхөн охинтой хоёр залуу бас ирж байсан. Ухаан санаа нь эрүүл ч хоёр хөл нь шөрмөсний суналттай болохоор хөл дээрээ тогтож чаддаггүй. Тэгээд хүүхэд олох ажлыг ямар үед хийсэн бэ гэхээр согтуу байхдаа хийсэн байгаа юм.
–Харш жил, мэнгэтэй улсууд суусан тохиолдолд харшийг нь салгана гэсэн байдаг юм уу?
– Байж болно. Буддын шашин, дорно дахины зурхайн шашинд ийм юм боллоо, ингээд чи өнгөрөө гээд хаядаггүй. Эргээд засах аргыг нь заадаг. Эзэн хичээх юм бол эргээд заяа хичээдэг. Тухайлбал эр эм хоёр дээр бэрийн зурхайгаар арваад зүйл гарч ирдэг. Мэнгэ, суудал, мах бодь, эзэн боолын харш, нууц эрхтний харш, од гарагийн ивээл харш гээд үзэхээр арваад зүйл гарч ирдгийн ихэнх нь таарч байх юм бол болно. 100 хувь тохирох заяаны хань, зүрхний амраг гэдэг бол маш ховор. Бүх юм нь таарч байна гэсэн үг. Заяаны амрагууд учирсан тохиолдолд хэрүүл уруул гарахгүй, гарсан ч гэсэн ойлголцдог, санаа оноо нийлнэ, хамтраад ажил үйлс зохицоод явна, хэн хэнийгээ хүндэлж хүлээцтэй байна. Нэгийгээ гундахад нь өргөөд явдаг, уйтгарласан цагт уйтгарыг нь гаргадаг, шантрах үед нь дэмждэг хосууд байна.
Харшийн засал бүгд байдаг, болно. Над дээр 40 хүрчихсэн дөрвөн хүүхэдтэй амьдрал нь жигдэрчихсэн хос ирж байсан. Үзсэн чинь жил нь харш, бас нилээн олон юм нь харш байсан. Одоо бид хоёр яанаа өчнөөн олон жил амьдарчихсан, хүүхдүүд байхад салалтай нь биш дээ гэдэг. Та хоёр хэрүүл уруул хийдэг үү гэхээр ерөөсөө үгүй, ойлголцдог гэж байгаа юм. Тэр хоёрын харшийг засаад өгсөн. Өөрсдөө хувийн энерги сайтай хүмүүс байсан. Сайн энерги нь харшийг даван туулаад гарч ирж чаддаг юм байна л даа. Дунд зэргийн энергитэй улсууд үүн дээр унаж байна шүү дээ.
-Хайр сэтгэл нь байдаг юм уу? Мөнгөнд нь болдог юм уу асар олон насны зөрүүтэй хосууд их байх юм?
– 12 гээд л үе мултарчхаж байгаа. Үе мултарсан хүнтэй сууна гэдэг бүх юм жоохон хэцүү л байдаг юм. Биеийн болоод сэтгэлийн жаргал эдэлж чадахаа болино. Гарсан хүүхэд нь бие султай өвчтэй хүүхэд гарна.
Мөн одооны эмэгтэйчүүдэд асуудал их байна. Төр ариун байхыг эрчүүд мэд, цус ариун байхыг бүсгүйчүүд мэд гэсэн үг бий ш дээ. Цусыг бохирдуулдаг гол нь юм нь эмэгтэйчүүдээс хамаарч байгаа. Энэ нь Монгол эрчүүдийн үнэлэмж буурсантай холбоотой. Тийм учраас Монгол эмэгтэйчүүд гадаад эрчүүдийг сонгож байгаа.
Энэ насны амьжиргаа эдийн засгаараа хангалуун амьдаръя гэж бодоод суухаар цус бохирдож байгаа хамгийн аймшигтай ажлыг тэд хийж байгаа юм. Хятад хүнтэй сууж байна.Цус холилдож маш олон эрлийз хүүхэд гарч байна. Энэ бол Монгол цус муудаж, эх оронч үзэл алга болно, Монголыг гэх хүн байхгүй болно. Монголыг хаяад бүгд гадагшаа явчихна.
Манай нэг шавийн найз хайр сэтгэлээрээ суусан байгаа юм. Ямар ч боловсролгүй залуутай 2-3 жил хамт амьдарсан. Амьдрал нь ерөөсөө дээшилдэггүй. Боловсролгүй хүн болохоор олигтой ажил олдоггүй, өмсөх зүүх, идэх уух, хэрэглэх нь ховордоод, амьдрал нь огт дээшилдэггүй. Ийм байдлаар амьдралд нухлагдаад ирэхээр найзууд нь дээшилж,дэвжээд байдаг. Хайр сэтгэлээрээ амьдарвал үргэлж ядуу зүдүү амьдрах юм байна гээд салсан байгаа юм. Салаад настайвтар баян хүнтэй суухаар өнөөх нь үнэхээр баян биш, өр зээлэнд баригдчихсан, эд зүйлээр тэтгэдэг, хүссэнг нь өгөөд байдаг. Тэгтэл тухайн хүнд биеийн болон сэтгэлийн жаргал байхгүй болдог. Хөгшин хүнтэй дур хүсэл бадрахгүй, мөнхийн орондоо уйлаастай. Хүний амьдралд биеийн жаргал болоод сэтгэлийн жаргал чухал байдаг юм байна л даа. Хоолгүй ч байсан, эр эмийн ажил хийх, биесээрээ хүрэлцэж хайрлах гэдэг хамгийн сайхан байдаг юм байна л даа. Тэр байхгүй болохоор бүх юм утгагүй болдог. Харахад аз жаргалтай харагддаг ч хөлөө эвхээд уйлаад суудаг. Дээрээс нь байнга хардаж, гэртээ түгжээд явчихдаг, байнга эрх чөлөөгүй болчихож байгаа юм. Тэгээд гадаад хүнтэй суусан байгаа юм. Монголд орж ирж байгаа гадаадуудын ихэнх нь эх орондоо өр зээлтэй болохоор манайд ирдэг юм байна л даа. Тэгээд хөгшин хүнтэй суудаг, бас л биеийн сэтгэлийн жаргалгүй, нутагт нь очоод шууд боол болгож, зодож, дарамталж, гэр бүлийн хүчирхийлэлд өртөнө. Барьцаалчихдаг болохоор оргож чадахгүй байсаар 15 жил болоод эх орондоо ирсэн хүн байна ш дээ. Тэгээд нөгөө хүн чинь муу ч сайн ч Монгол хүнтэйгээ сууна гэж ярьж байна. Монгол эрчүүдийн ихэнх нь мэдлэг, үнэлэмж, гэр бүлээ аваад явах чадамж сул болсон байна.