Б.Билгүйтэй: Хүн 30 нас хүртлээ ганц бие байж зорилгоо биелүүлэх хэрэгтэй гэж боддог

БНСУ-ын J&B продакшны бүтээл “Хар бороо” уран сайхны киноны гол дүрд загвар өмсөгч Б.БИЛГҮЙТЭЙ тоглосон юм. Бангкокийн их сургуулийг дижитал маркетер мэргэжлээр төгссөн тэрбээр өдгөө Тайландад төвтэй АНУ-ын “Medical Departures” компанид дижитал маркетингийн мэргэжилтнээр ажиллаж буй. Б.Билгүйтэйг киноныхоо нээлтийн үеэр эх орондоо цөөн хоногоор ирэхэд нь ярилцлаа.

-“Хар бороо” уран сайхны кино нээлтээ хийгээд багагүй хугацаа өнгөрлөө. Үзэгчдээс ямар санал, сэтгэгдэл ирж байна вэ?

-“Хар бороо” киноны зохиолыг хоёр жилийн өмнө бичсэн юм билээ. Шинэлэг санаа гаргасан сайн зохиол байсан. Манай киног үзсэн үзэгчид сайн, муу гэж дүгнэхээс илүүтэй шинэлэг санаатай кино байна гэж байсан. Кинонд анх удаа гол дүрд тоглосондоо баяртай байна. Киноны гол дүрд олон залууг сонгон шалгаруулалтад оруулж байсан юм билээ. Тэднээс хамгийн тохиромжтой төрхтэй нь намайг гэж сонгосон гэсэн. Мөн миний гадаад хэлний чадварыг харгалзан үзэж сонгосон болов уу. Солонгост амьдарч, ажиллаж буй хүмүүсийн үнэн төрхийг “Хар бороо” кинонд харуулж байгаа. Өөрөөр хэлбэл, монгол залуусын харь оронд хийж буй тэмцлийг харуулахыг зорьсон.

-Өмнө нь кинонд тоглох санал авч байв уу?

-Тайландын уран бүтээлчдээс “Олон ангит кинонд тоглуулъя, тай хэлээр сайн яриад сурчих” гэсэн санал тавьж байсан. Гэхдээ би Тайландад насаараа амьдрахгүй учраас саналыг нь хүлээн аваагүй. Эхэндээ надад боломжийн санал мэт санагдаж байсан. Сүүлдээ энэ их ажлын хажуугаар тай хэлийг төгс эзэмших боломж ч байгаагүй учраас энэ тухай бодохоо больсон.

-Тайландад мэргэжил дээшлүүлэхээр очоод загвар өмсөгчөөр ажилласан. Анх хэн гэдэг дизайнерын бүтээлийг өмсч байсан бэ?

-Гадаадад сурахаар явсан хүмүүс суралцахын зэрэгцээ хөдөлмөр эрхэлж байна. Тэр жишгээр Тайландад очоод би цагийн ажил хийж хоол, байрныхаа мөнгийг залгуулна гэж бодсон. Гэтэл эсрэгээр Тайландад бусад өндөр хөгжилтэй оронтой харьцуулахад цагийн ажил хийж мөнгө олох бараг боломжгүй. Тухайн үед ажил хийж мөнгө олох юмсан гэсэн бодол маш их төрж байсан. Эргэн тойрны танилууд хэлэхдээ “Чи загвар өмсөгч болж чадна. Хэл тийм ч чухал биш. Гадаад төрх л чухал” гэдэг байсан. Хамгийн анх 2010 онд хоёрдугаар курст суралцаж байхдаа загвар өмссөн. Түүнээс хойш найман жил загвар өмсөгчөөр ажиллаж байна. Энэ хугацаанд нийт 250 гаруй сурталчилгаа, зураг авалтад оролцсон.

-Дэлхийн олон оронд сурч боловсрох нээлттэй орчин байна. Та яагаад Тайландад боловсрол эзэмшихээр болсон бэ?

-Миний ээж Ази, Европын олон орноор ажил амралтын шугамаар зорчиж байсан юм. Намайг Тайландад суралцахаас өмнө ээж гурван ч удаа аялаад ирчихсэн байсан. Тэгээд л Тайландын эрүүл мэнд, боловсролын салбар нь сайн гэдгийг мэдээд намайг суралцахыг зөвшөөрсөн. Сургалтын төлбөрийн хувьд ч бусад оронтой харьцуулахад багавтар байсан нь Тайландыг сонгох бас нэг шалтгаан болсон.

-Тайландад амьдрахад юу нь хамгийн сайхан санагддаг вэ?

-Их тайван улс л даа. Уур бухимдал бага. Манай монголчууд эсрэгээрээ уур бухимдалтай санагддаг. Тайландад Европын өндөр хөгжилтэй орнуудын томоохон байгууллагын салбарууд үйл ажиллагаагаа явуулах болсон. Үүний нэг жишээ нь манай “Medical Departures” компани юм.

-Та тайланд хүмүүстэй хамтарч ажиллахдаа ямар зарчим баримталдаг вэ?

-Ийм харьцуулалтыг би хийж мэдэхгүй. Учир нь би Монголд нэг ч компанид ажиллаагүй. Ер нь хүн бүр сайн, муутай гэдэг үнэн юм шиг. Монголчууд хятад хүмүүсийг муу гэдэг. Гэхдээ тэр олон хүн дунд сайн хүн олон л байгаа. Бид нар ч бүгд сайн биш шүү дээ. Манай компани олон улсынх учраас олон орны төлөөлөл хамтарч нэг баг болон ажилладаг. Тухайлбал, манай дарга канад хүн, багтаа би ганцаараа ази нь. Мөн манай багт англи, америк хүн ч бий.

-Таны ажилладаг салбар их өвөрмөц юм. Та яагаад энэ салбарыг сонгон ажиллах болсон бэ?

-Манай компани Тайландад төвтэй АНУ-ын компани. “Medical tourism” буюу эмчилгээний аяллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Би дижитал маркетер буюу онлайн маркетинг хийдэг. Маркетингийн ажил маань лхагва гарагийн хурлыг эс тооцвол онлайнаар хаанаас ч хийж болдог нь надад загвар өмсөгчөөрөө үргэлжлүүлэн ажиллах боломж олгодог.

-Дижитал маркетер мэргэжлийг яагаад сонгох болов. Энэ мэргэжлийн онцлог нь юу вэ?

-Бид бүх зүйлд нээлттэй цаг үед нийгэмд амьдарч байна. Төрөөс ямар нэгэн мэдээлэл хаахыг хүссэн ч боломжгүй болж байна. Би ШУТИС-ийг компьютер график мэргэжлээр төгссөн. Дижитал маркетер мэргэжлийг эзэмшээд таван жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд би интернэт гэдгийг нэг улс гэж харах болсон. Монголын гурван сая хүнийг дэлхийтэй харьцуулахад жижиг зах зээл. Гэтэл дэлхий даяар 3.5 тэрбум хүн интернэт хэрэглэж байна. Дараагийн 20 жилд 6.5 тэрбум хүн интернэт хэрэглээнд холбогдож нэмэгдэнэ гэж үздэг. Тэгэхээр дэлхийн аль ч орны хүн хаанаас ч маркетинг хийх боломжтой болж байна. Улс үндэстэн ялгахгүй нэг улс шиг болгож буй зүйл бол интернэт. Энэ дунд нь дижитал маркетер хийж ашиг орлого олж өсч хөгжих боломж асар их байна.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Би цагт баригдаж ажил хийдэггүй. Тиймээс надад тухтай амрах цаг зав гардаг. Гурав дахь өдрийн хуралд заавал оролцох ёстой. Мөн ажлаа цагт нь хийж дуусгах ёстой гэсэн шаардлага тавьдаг. Бусад үед чиний хаана юу хийж байгаа нь тийм ч чухал биш. Мэдээж ажлаа цалгардуулсан тохиолдолд хариуцлага тооцно. Гурван удаагийн сануулга хүлээн авбал ажлаас шууд халах журамтай.

-Та Тайланд руу явахаас өмнө усанд сэлэлтийн шигшээ багийн тамирчин байсан гэсэн?

-Бага байхдаа усанд живж байлаа. Тухайн үед намайг лам аварсан. Түүнээс хойш өөрийнхөө айдсыг даван туулахын тулд усанд сэлэлтийн спортоор хичээллэсэн. 11 настайдаа шигшээ багт орж Азийн наадамд оролцож байсан. Мөн 2007 онд дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцож байлаа. Одоо бол усанд сэлэх тийм ч дуртай биш. Фитнессээр тогтмол хичээллэдэг.

-Таны цаашдын төлөвлөгөөг сонсмоор байна?

- Би Тайландад байр сууриа олох гэж хоёр жил болсон. Загвар өмсч эхлэхэд хэн ч надад зааж зөвлөөгүй. Тэглээ гээд би шантраагүй. Тийм учраас над шиг мөрөөдөлтэй залууст өөрийнхөө туршлагаас хуваалцаж арга зам зааж өгөхийг хүсдэг. Гадаадад загвар өмсөөд ирлээ гэхэд бидэнд их онц содон санагддаг. Гэтэл гадаадын орнуудад энэ бол тийм ч сонин содон зүйл биш. Тэгэхээр Монголынхоо залуучуудтай гадаадад загвар өмсөгчөөр ажиллах туршлагаасаа хуваалцмаар байна. Хоёр жилийн дараа Монголдоо ирж бүрэн суурьшина гэсэн бодол бий. Түүнээс өмнө зорилгоо биелүүлнэ дээ. Ер нь зорилго, хүсэл мөрөөдлөө гүйцэд биелүүлээд эх орондоо ирнэ гэж боддог. Монголдоо ирээд мэдээлэл технологийн чиглэлээр хэрхэн хөрөнгө босгож, ажлын байр бий болгох талаар байнга боддог.

-Ер нь Монголдоо хэр олон ирдэг вэ?

-Ажлын онцлогоос шалтгаалан Монголд амрах хугацаа багагүй олддог. Эх орон, гэр бүл, монгол хоолоо их санадаг. Тийм болохоор Монголдоо жил бүр ирж амрахыг хичээдэг юм. Хэдийгээр хүмүүс нь уур уцаартай бухимдалтай байдаг ч гэсэн төрсөн эх орондоо ирэх сайхан байдаг. Ер нь гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүс гаднаасаа жаргалтай сайхан л харагддаг байх. Гэхдээ тийм биш. Тэр хүн гаднын оронд ажиллаж амжилт олохын тулд ямар их зүйлээ золиосолж байгааг хүн бүр мэдэхгүй. Эх орон гэдэг бол юугаар ч сольшгүй нандин зүйл гэдгийг би одоо л ойлгож байна. Анхандаа Тайландаас Монголд ирчихээд бушуухан буцахыг хүсч байсан. Одоо бол эх орондоо ирвэл буцаж явмааргүй санагддаг болсон.

-Гэр бүлээ төвхнүүлж амжсан уу?

-Залуу хүн эрсдэлтэй зүйл хийх хэрэгтэй. Ялангуяа ганц бие байхдаа эрсдэлээс айх хэрэггүй. Хүнтэй сууж гэр бүл зохиочихоод эрсдэлтэй зүйл хийх боломжгүй болно. Гэр бүл бол хариуцлага. Хүүхэдтэй болчихоод эрсдэлтэй алхам хийчихэж болохгүй шүү дээ. Тиймээс залуу насанд эрсдэлийг давж, амжилтад хүрэх боломж их бий. Хүн 30 нас хүртлээ ганц бие байж зорилгоо биелүүлэх хэрэгтэй гэж боддог.

-Гадаадад олон жил амьдарсны хувьд эх орныхоо хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Мэдээж Монгол Улс олон талаараа хөгжиж байна. Хүмүүс надаас өөр бодолтой байж болно. Гэхдээ сүүлийн үеийн залуус их өөрчлөгдөж байна. Чадвартай залуус бий болж байгаад баяртай байдаг. Гэхдээ зарим хүн хөгжих бус ухрах гээд байдаг нь харамсалтай. Хуучин социалист нийгэмд хүн бүр ажилтай байлаа. Монгол хүн малтайгаа байхад болно гэх мэт ухрах хандлагатай хүмүүс бас байна.

-Сүүлийн үед залуус гадаадад амьдрахыг хүсэх болжээ. Ер нь гадаадад ажиллаж амьдрахдаа залуус юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Сэргэлэн байх хэрэгтэй. Гадаадад урсгалаараа яваад амьдрах хэцүү. Дээд сургууль төгсөөд мэргэжлээрээ ажилтай болно гэдэг хялбар зүйл биш. Миний хувьд сургуулиа төгсчихөөд мундаг сайндаа одоогийн ажилдаа орсон юм биш. Би загвар өмсч байхдаа олон том бизнесмэнтэй танил байсан. Заримтай нь сайн найзууд болчихсон байсан. Тэр дундаас намайг сургууль төгсөхөд танил хоёр том бизнесмэнээс ажлын санал ирсэн. Ер нь Тайландад сургуулиа төгсчихөөд ямар ч танил хүнгүй байж ажлын байртай болно гэдэг хэцүү. Би байтугай тайландчуудад өөрсдөд нь ажлын байр олддоггүй юм.

Г.НЯМСҮРЭН

Unen.mn


Б.Билгүйтэй: Хүн 30 нас хүртлээ ганц бие байж зорилгоо биелүүлэх хэрэгтэй гэж боддог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.