Тослог арьсны арчилгааны талаар чиний мэдэх ёстой бүхэн

tumblr_n9xnsbfCtx1ttxb55o1_1280

Тослог арьстай хүнд үрчлээс хожуу үүсдэг ч батгаших, тослогтон гялалзах зэргээс болж мөнхийн асуудалтай байдаг. Ялангуяа зуны халуунтай хамт тос ялгарах явц идэвхижих нь бүр ч хэцүү. Тослог арьс нь тестостерон дааврын идэвхтэй үйл ажиллагааны уршиг гэж болно.

Чухамхүү эл гормон себумын /латинаар тос гэсэн үг/ шүүрлийг идэвхжүүлснээр арьсны гадаргуу тослогтдог. Тос ихээр ялгарч буй энэ үед арьсаа сайн арчлаагүйгээс тос болон арьсны үхэжсэн хэсэг арьсны нүх сүвд хуралдан, тос, хөлсний булчирхайнаас ялгарсан хортой бодисуудыг гадагшлуулахад саад болж нэг ёсны бөглөрөл үүсгэдэг. Энэ нь нян үржих таатай нөхцлийг бүрдүүлж, арьс үрэвсэх, батгашихад хүргэдэг байна.

Тос ялгаралттай хэрхэн тэмцэх вэ?
Тос ялгаралтыг багасгах, батгыг эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд арьсыг маш сайн, зөв /ялангуяа дулааны улиралд/ арчлах хэрэгтэй. Тослог арьсны арчилгаа нь цэвэрлэгээ, гүн цэвэрлэгээ, чийгшүүлэлт гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.

1. Цэвэрлэгээ
Угаагч гель
Тослог арьсны өдөр тутмын арчилгаанд угаагч гель маш чухал. Угаагч гель нь арьсны гадаргуун дээрх бохирдол, хортой бодисуудыг цэвэрлэнэ. Гэхдээ заавал гелэн цэвэрлэгч сонгох албагүй бөгөөд эмзэг арьстай бол хөөсөн цэвэрлэгч илүү тохирно. Хамгийн гол нь тэдгээрийн найрлаганд үрэвслийн эсрэг, тууралтыг хатаах үйлчилгээ үзүүлдэг салицилын хүчил, ретинол, цайр агуулагдсан байх ёстой. Угаасны дараа лосьон юмуу тоникоор арчсанаар арьс үхэжсэн эс, тослогоос бүрэн цэвэрлэгдэж, нүх агшдаг. Ингэхдээ тосны булчирхайн үйл ажиллагааг зохицуулах үйлчилгээтэй хүхэр, эсвэл цайр агуулсан бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй.

2. Гүн цэвэрлэгээ

Гуужуулалт /Пилинг/
Тослог арьс нь гуужихдаа муу байдаг. Тиймээс үхэжсэн эдээс бүрэн цэвэрлэхийн тулд долоо хоногт нэг удаа гуужуулах хэрэгтэй бөгөөд ингэснээр тос ялгаралт эрс багасана. Ингэхдээ найрлагандаа жимсний хүчил, амин дэм, эрдэс давс агуулсан гуужуулагчдыг сонгох хэрэгтэй. Хүчлүүд нь арьсны үхэжсэн эсүүдийн хоорондох холбоосыг хялбархан арилгаж, арьсны гадаргууг тэгшлэн жигдэлж, эсийг хүчилтөрөгчөөр хангах явцыг сэргээдэг бол амин дэм болон эрдсүүд нь үрэвсэл, улайлтыг багасгаж, арьсыг чийгшүүлж өгдөг.

Гэрийн нөхцөлд хар талхны гуужуулагч бэлтгэх арга
Гүнзгий ёроолтой шаазан юмуу шилэн тавганд 3 зүсэм хар талх хийгээд буцалсан халуун ус нэмээд таглана. Хэсэг байлгаад усыг юүлж, дэвтсэн талхыг нухна. Нүүрээ убцалсан бүлээн усаар норгоод нухсан талхыг иллэг хийх маягаар түрхэнэ. Дараа нь талхыг бүлээн усаар зайлж арилгаад нүүрээ хүйтэвтэр усаар булхаж угаана.

Бигнүүр /маск/ тавих 
Тосны булчирхайн үйл ажиллагааг хэвийн байлгахад гүн цэвэрлэгч маскийг 7 хоногт 1-2 удаа заавал тавьж байх хэрэгтэй. Шавран маскууд нь хатаах, чийгшүүлэх, тослог ялгаралтыг тэнцвэржүүлж өгдөг бол найрлагандаа цайр агуулсан маск үхэжсэн эд эсийг сайтар гуужуулж, тослогийг тэнцвэржүүлж, эд эсэд хүчилтөрөгч нэврэх явцыг идэвхжүүлдэг. Нүүрс агуулсан маск нь хамгийн сүүлийн дэвшилтэт ололтуудын нэг гэж болно. Нүүрс нь гадаргуугаараа арьсан дахь хортой бодисуудыг татаж шингээж авдаг. Яг л тоос сорогч мэт элдэв бохирдлыг сорж, өнгөн давхаргыг/эпидермис/ гэмтээлгүйгээр тосны бөглөрлийг цэвэрлэдэг.

Тослог арьсанд зориулсан маск бэлтгэх арга
Идэвхжүүлсэн нүүрстэй хуулдаг маск
1 цайны халбага желатин, тийм хэмжээний сүү, 1 ширхэг /таблетка/ идэвхжүүлсэн нүүрсний нунтгийг хольж хутгаад богино долгионы зууханд 20 минут халаагаад хөргөнө. Бэлэн болсон маскийг нүүрэндээ түрхээд бүрэн хаттал нь 20 минут байлгаад болгоомжтойгоор хуулж авна.

Тарагны маск
Тарагны маск нь батгыг хатаах, үрэвсэл, улайлтыг багасгах үйлчилгээ үзүүлдэг. Тослог багатай таргийг нүүрэндээ зузаавтар түрхээд 15 минут байлгаад хүйтэвтэр усаар угаана.

Уурагны маск
Өндөгний цагаан уураг нь арьсанд тэжээл өгч, чийгшүүлж, тосны булчирхайн үйл ажиллагааг зохицуулдаг. 1 ш өндгийг цайны халбага нимбэгийн шүүстэй хольж сайтар хутгана. Бэлэн болсон маскийг сайтар цэвэрлэсэн нүүрэндээ түрхээд 15 минутын дараа бүлээвтэр усаар угаана.

3. Чийгшүүлэлт
Тоснууд
Цэвэрлэгээний хажуугаар тослог арьсны арчилгаанд зайлшгүй чухал зүйлийн нэг бол яахын аргагүй чийгшүүлэлт билээ. Хэдийгээр арьснаас тос ялгарч байдаг ч энэ нь арьсны давхрага чийгээ алдаж хуурайшиж холцруутахаас сэргийлж чаддаггүй. Ялангуяа зуны улиралд нарны туяа, бассейн, тэнгисийн ус зэрэг нь арьсны чийгийг алдагдуулах гол хүчин зүйлүүд болдог. Чийгээ алдсанаас тосны булчирхай 2 дахин илүү идэвхтэй ажиллаж, батга үүсэх таатай орчинг бүрдүүлдэг. Тиймээс өглөө, оройд арьсандаа заавал тослог арьсанд зориулсан чийгшүүлэгч тос түрхэж байх хэрэгтэй. Эдгээр нь найрлагандаа ихэвчлэн цайр, хүхэр, гиалуроновын болон салицилын хүчил, антиоксидант агуулсан байдаг.

Хүчлүүд нь үрэвслийг арилгаж, цайр нь тосны булчирхайн үйл ажиллагааг зохицуулж, антиоксидантууд нь арьсны өөрийнх нь хамгаалах чадварыг дээшлүүлж, ус-тосны солилцоог сэргээж, эсийн метаболизмыг иэдвхжүүлснээр хүчилтөрөгчөөр хангаж өгдөг.

Ийлдсүүд
Сард 2-3 удаа ийлдэс хэрэглэх шаардлагатай. Ийлдсүүд нь хөнгөн бүтэцтэй учраас тосыг бодвол арьсны гүнд нэвтэрч үйлчилдэг. Тослог арьсанд зориулсан ийлдсүүд нь антиоксидант, салицилын хүчил, цайр, нянгийн эсрэг үйлчилгээ бүхий ургамлын ханднууд агуулсан байдаг учраас тосны булчирхайн үйл ажиллагааг зохицуулж, үрэвслийг багасгаж, нүхийг агшаадаг.

Тослог арьстай хүмүүст хориглох зүйл:
1. Хэрвээ тууралт /батга/ гарсан бол скраб хэрэглэхийг хориглоно. Скрабны цэвэрлэгч ширхгүүд арьсны гүнд боловсорч буй батганы тагийг нээж болзошгүй бөгөөд энэ тохиолдолд идээ нь арьсны бүр гүнд нэвтэрч орсноор тууралтын тархалт улам ихсэх эрсдэлтэй.

2. Халуун усаар нүүрээ угаах, наранд шарахыг хориглоно. Өндөр температур нь тос ялгарах явцыг дэмждэг.

3. Хурц, тослог хоол идэхийг хориглоно. Арьсны тос нийлэгжих явцыг түргэсгэдэг учраас энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах хэрэгтэй.

4. Найрлагандаа спирт агуулсан лосьон, тоник хэрэглэхийг хориглоно. Тэдгээр нь арьсны гүнээс чийгийг гадагшлуулж арьсыг хатаан, тослог ялгарах явцыг идэвхжүүлдэг.


Тослог арьсны арчилгааны талаар чиний мэдэх ёстой бүхэн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.