Сээтэн хаяна гэдэг өөрөө эхний алхмыг хийнэ гэсэн үг биш. Харин эрчүүдэд эхний алхмаа яаж хийх сэдлийг нь төрүүлэх “урлаг” юм. Флиртийн арга барил олон бий ч, дур булаам эртэй хаана учраснаас яаж урхидах нь хамаарна. Хамгийн ухаалаг эрчүүдийг олж болох 4 газар ба тэнд хэрхэн сээтэн хаях тухай…
Фитнесс клуб дээр:
Фитнессээр хичээллэх нь шинэ үеийнхний хувьд тренд болоод байна! Эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарал хандуулахын хажуугаар тэнд ирдэг булчинлаг залуучуудаар нүдээ хужирлах нь чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хамгийн халуухан арга биш гэж үү? Цуг бэлтгэл хийдэг залуугаа урхидахыг хүсч байвал юуны түрүүнд өөрийнхөө биеийн хамгийн сайхан хэсгүүдийг тодотгох чанартайхан спорт өмсгөл олоорой.
Хэрвээ чи хөлөндөө дуртай бол бариу спандекс ретуз, бариу шоорт, мөрөндөө дуртай бол далтай майк гэх мэт. Мөн нүүрээ хэт их будах хэрэггүй, нүдээ нарийхан хүрээлж, сормуусаа будаад, үсээ эмх замбараагүй бооход л хангалттай. Дезодрант түрхэхээ мартуузай, хөлсний үнэр өөртөө итгэх итгэлийг чинь бууруулж орхино. Гэхдээ жаахан хөлс чиний секси төрхийг улам нэмэгдүүлдэг гэдгийг санаарай. Фитнесс клуб бол сээтэгнэхэд маш тохиромжтой орчинтой газар.
Том толинд түүнтэй харц тулгармагцаа инээмсэглэл илгээж, харцаараа дуудаж болно. Мөн ямар нэг төхөөрөмжийг ажиллуулахдаа тусламж хүсээрэй. “Энэ штангийг өргөөд өгөөч” гэх мэтээр эелдэг хүсэлт тавихад ямар ч эр татгалзаж чадахгүй. Учир нь тэд ч бас чамд өөрийгөө хүчтэй гэдгийг харуулахыг хүсч байгаа. Чихэвчтэй хөгжим зүүх хэрэггүй. Энэ нь түүнийг чамтай яриа өрнүүлэхэд саад болно. Хэрвээ чи үнэхээр л түүний анхаарлыг татахыг хүсч байвал, бэлтгэлээ сайн хийгээрэй. Спортлог залуучууд фитнесс дээр ирчихээд, тольдоход цагаа үрдэг бүсгүйчүүдийг үнэлдэггүй. Дасгал хийхдээ нуруугаа цэх, хотгор байлга.
Номын дэлгүүр/ номын санд:
Номын дэлгүүр/номын сан бол оюунлаг, өөрийгөө хөгжүүлэхэд анхаарал хандуулдаг залуучуудыг урхидахад хамгийн тохиромжтой газар. Хэрэв харааг чинь булаасан сайхан залуу түүхийн тасаг дээр зогсож байвал, түүнд өөрийнхөө уншиж байсан Монголын эзэнт гүрний тухай сонирхолтой номыг санал болго. Хэрэв тэр одон орны судлалын тухай ном уншаад зогсож байвал, “Ямархуу ном байна? Би ч бас уншъя гэж бодоод байсан юм” гэж хэл. (Ямар азаар дэлгүүрийн тавцан дээр ном бүрээс ганцхан ширхэг байдаг байна аа?)
Хэрэв түүнийг ямар ном уншиж байгааг нь мэдэхгүй байвал, “Уучлаарай чиний уншиж байгаа ном их сонирхолтой юм шиг байна. Юуны тухай юм бэ?” гэж асуу. Ингэхдээ мэдээж номер нэг гоёл, инээмсэглэлээ “зүүхээ” мартуузай. Энэ ярианы дараа та хоёр тэр номны талаар ярилцаж байгаад танилцаж болно. Номын санд байвал, дээд тавцан дээр байгаа номыг авахдаа туслалцаа хүсээрэй.
Супермаркет, хувцасны дэлгүүрт:
Супермаркет, хувцасны дэлгүүрээр ганцаараа хэсч байгаа сайхан залуутай тааралдвал, түүнд сээтэн хаяхад асуудалгүй. Яагаад гэвэл тэд ганц бие байх магадлал маш өндөр. Супермаркет дотор тааралдсан залуугаар дээд тавцан дээр байгаа даршилсан ногоог авахуулж болно. Хэрэв тэр залуу дарсны тасагтай ойролцоо зогсож байвал, дарс сонгохдоо зөвлөгөө авч болно. Тэд дуртайяа чамд туслах ба хэрэв флирт амжилттай болвол та хоёр дараа болзож, цуг дарс уух тухай яриа өрнөж ч мэднэ.
Эрчүүд хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо тийм ч гарамгай улс биш. Тиймээс хэрэв түүний сагсан дотор муу бүтээгдэхүүн байвал, “Үүний оронд энийг авсан нь дээр байх аа” гэж хэлээд өөрийнхөө сонгосныг харуулаарай. Эмэгтэй хүний эелдэг зөвлөгөөг дагахаас тэр татгалзахгүй. Хувцасны дэлгүүрт тааралдсан залууд өмсөж байгаа цамц нь өөрт нь сайхан зохиж байгаа тухай хэл. Эсвэл зангианы тасаг дээр зогсож байгаа залууд, нэг зангиа сонгож өгөөд “Энэ өнгө царайнд чинь гоё зохино доо” гэж хэлээрэй. Аавдаа, эсвэл ахдаа бэлэг сонгох гэж яваа гэдгээ хэлээд, түүний сонголтыг асууж зөвлөгөө аваарай.
Кофе шоп:
Романтик ресторанаас ганц бие эрэгтэй хүнийг олно гэдэг юу л бол. Харин кофе шопод өдрийн цайны цагаар сингл бөгөөд ажил хэрэгч залуусыг олж болно. Цаад ширээн дээр сууж байгаа залуугийн өөдөөс хараад хөнгөхөөн инээмсэглэл, сээтэгнүүр харц илгээ. Өөртөө итгэлтэй харагдаж, түүнд өөрийг нь сонирхоод байгаа гэдгээ мэдэгдүүлэх нь чухал. Хэдэн минутын дараа түүн рүү харахад, тэр ч бас чам руу хараад сууж байвал эхний флирт чинь амжилттай болжээ гэсэн үг. Хэрэв түүнтэй текэн дээр тааралдвал “Чи эдний бяслагтай бялууг нь идэж үзсэн үү? Ямар бол?” гэж асуугаарай. Хэрэв тэр ямар кофе сонгохоо мэдэхгүй байгаа нь илт харагдвал, “Өдрийн цайны цагаар эспрессо уувал нойр сэргээгээд, гоё байдаг юм” гэж зөвлөж болно. Урдаа iPad, эсвэл нөүтбүүкээ бүү дэлгээрэй. Гар утсаараа оролдох ч хэрэггүй. Түүнд чамтай харааны контакт тогтоох боломж олго. Хэрэв чи арай “чанга тоглоом” тоглохыг хүсч байвал, латте мэтийн хөөсөрхөг кофе аваад, хөөсийг нь хэлээрээ “халбагадаж” уугаарай. Ямар ч төрлийн дессерт идэнгээ секси харагдах боломж байдаг гэдгийг ч бас санахад илүүдэхгүй.
Флиртийн тэргүүн дүрэм бол, хэтэрхий их хичээхгүй байх. “Улаан цайм” харагдаж болохгүй шүү. Харин дараагийн чухал дүрэм бол, үргэлж хамгийн ялдам, хамгийн дур булаамаараа инээмсэглэх!