Арьсаа яаж арчлах учраа нэг л сайн олохгүй байна уу? Арьс чинь юунаас бүтсэн, ямар төрөлд багтдаг талаар дараах дэлгэрэнгүй мэдээллийг уншсаны дараа эргэлзээ чинь арилах болно.
Арьсны талаарх асуулт хариултууд
Миний нүүрний дух, хамрын хэсгээр тос ялгараад байдаг. Би ямар арьстай вэ?
Хэрвээ чиний арьсны бусад хэсэг хуурай мөртлөө, зөвхөн дух, хамар, үсний уг, эрүү хэсгээр л тослогтоод байдаг бол чи холимог арьстай бололтой. Холимог гэдэг нь чиний арьсанд хоёр, гурван өөр төрлийн арьсны шинжүүд холилдож оршихыг хэлнэ. Дээр дурдсан нүүрний хэсгүүдэд тослогийн булчирхай илүү байдаг учраас тослогтож байгаа юм. Олон шалтгаанаас болж хүн холимог арьстай болж болох ба, заримдаа энэ нь зүгээр л удамшлын шинжтэй байдаг.
Батга гардаг бол тослог арьстай гэсэн үг үү?
Үгүй, хуурай, холимог арьстай хүмүүст ч бас батга гардаг. Холимог арьстай хүнд тослог ихтэй хэсгүүдэд батга гардаг бол харин хуурай арьстай хүнд цагаан батга гардаг. Тиймээс чиний нүүрний аль хэсгүүдэд, ямар төрлийн батга гарч байгаагаас арьсныхаа төрлийг тодорхойлох хэрэгтэй. Батга нь зөвхөн тослогжилтоос биш, үхэжсэн арьсны эсүүд нүхэнд орч бөглөрсөнөөс ч болж үүсч болно.
Ихэнх батганы эсрэг бүтээгдэхүүнүүд тослог арьсанд зориулсан байх юм. Хуурай арьстай хүн батгатай арьсаа яаж арчлах вэ?
Хуурай арьстай бол спиртийн агууламжтай бүтээгдэхүүн хэрэглээд хэрэггүй. Тэгвэл арьс чинь улам хуурайшин, холцруутаж, цагаан батга чинь ихсэх болно. Хамгийн гол нь арьсныхаа ус чийгийг тэнцвэржүүлэх хэрэгтэй. Орой бүр нүүрээ мөсөөр арчих нь чийгшил өгч, нүхийг агшаан, дахин батга үүсэхээс сэргийлэх энгийн бөгөөд үр дүнтэй арга.
Миний арьс юмнаас амархан харшилдаг. Ийм арьсны төрөл гэж байдаг уу?
Чинийх шиг арьсыг эмзэг, мэдрэмтгий төрөлд оруулна. Хэрэв төрөл бүрийн гоо сайхны бараанд цочмог хариу үйлдэл үзүүлдэг бол зөвхөн эмзэг арьсанд зориулсан, зөөлөн бүтэцтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Мөн элдэв үнэр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байсан нь дээр. Анхилам үнэртэй саван, тос зэргийг бүү хэрэглээрэй. Бас хэт халуун, хэт хүйтэн усаар бүү угаа.
Арьсны бүтэц
Арьс бол хамгийн чухал “эрхтэн”-үүдийн нэг. Арьс нь дотор эрхтнүүдийг хамгаалагч бамбай болохоос гадна, хүмүүстэй уулзахад хамгийн түрүүнд нүдэнд тусдаг учраас гоо сайхны үүргийг ч бас давхар биелүүлдэг. Арьс гаднаасаа нимгэн мэт харагддаг ч, дотроо хэд хэдэн давхарга, булчирхай, суваг, судсуудаас бүтдэг. Арьс нь хамгийн гадна буюу эпидермис, хоёр дох буюу дермис, гурав дах буюу өөх тос, коллаген, эсүүдээс тотдог гүний давхрагуудаас бүрдэнэ. Арьсны доор хөлс тосны булчирхай (sweat gland, sebaceous gland), мэдрэлийн судсууд (nerve), булчин (muscle), артерийн судсууд (arteriole) нар оршдог юм.
Арьсны төрлүүд
Арьсыг хэр их тослог ялгаруулдгаар нь 4 төрөлд ангилдаг:
Тослог арьс:
Их хэмжээгээр тос ялгаруулдаг арьсыг тослог арьс гэдэг. Ялангуяа T-бүс буюу дух, хамар, эрүүн дээр илүү их тос ялгардаг. Тослог арьстай хүний нүүрний нүх том байх ба, хар батгатай байх нь элбэг. Тослог арьсны нэг давуу тал нь хуурай арьснаас илүү удаан хөгширдөг. Учир нь ялгарч буй тослог нь үрчлээ үүсэхээс сэргийлдэг юм. Зарим хүний арьс залуудаа тослог байдаг ч, 35-аас дээш насанд хуурай болж болно. Хэрвээ тослог арьсны тосыг багасгахын тулд байнга хүчтэй найрлагатай бүтээгдэхүүн хэрэглээд байвал, арьс чинь өнгөн талдаа их хэмжээгээр хуурайшна. Тэгсэн атлаа гэнэт хуурайшсаны уршгаар тослогийн булчирхай чинь бүр идэвхтэй ажиллан гүнээсээ илүү их тос ялгаруулах болно. Тиймээс тослог арьсанд хэт хүчтэй бүтээгдэхүүнийг удаан хэрэглэж болохгүй.
Холимог арьс
Хацар чинь хуурай мөртлөө дух, хамар, эрүүний хэсэг чинь тослог бол чи холимог арьстай байх магадлал өндөр. Ихэнх хүмүүс холимог арьстай байдаг. Ийм арьстай хүний хацарны нүх том байж болох бөгөөд, эрүүл өнгөтэй, цусны эргэлт нь сайн байна. Т-бүсийнхээ арьсыг хуурай хэсгээсээ тусдаа, өөрөөр арчлах хэрэгтэй. Нүд, хацар орчмынхоо хуурай хэсэгт өтгөн, баялаг найрлагатай чийгшүүлэгч тос түрхээрэй.
Хуурай арьс
Хуурай арьс нь нүх багатай, холцруутаж сайртахдаа амархан байдаг. Бор мөртлөө хуурай арьстай бүсгүйчүүдийн царай үнсэн сааралдуу туяатай байх нь элбэг бөгөөд энэ нь гуужаагүй үхэжсэн арьс ихтэйн шинж юм. Тэжээл ихтэй, тосон суурьтай бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй бөгөөд, цагаан батга үүсэхээс сэргийлэхийн тул арьсаа чийгшүүлж, долоо хоногт нэг удаа гуужуулж байх хэрэгтэй.
Мэдрэмтгий арьс
Нимгэн, жижг нүхтэй арьс. Хэрэв чиний арьс наранд амархан түлэгддэг, тодорхой гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс харшилдаг, загатнадаг, батгашилт ихтэй бол энэ төрөлд багтана. Зөөлөн бүтэцтэй, зөвхөн эмзэг арьсанд зориулсан бүтээгдэхүүнүүд хэрэглээрэй.
Арьсны талаарх шинжлэх ухаанд хэрэглэгддэг нэр томъёоны тайлбар:
• Үхэжсэн арьсны эс /Dead skin cells/
Арьсны эсүүд нь өөрөө өөрийгөө байнга шинэчилж байдаг. Арьсны хамгийн гадна талын давхарга /эпидермис/ нь тодорхой хугацаанд дотроосоо эхлэн гадна тал руугаа шинэчлэгддэг. Ингэх явцдаа нүхэн дотор орж, арьсыг бөглөж батга үүсгэж болно.
• Арьс өнгөний эмч /Dermatologist/
Арьсны өвчлөлийн талаар мэргэшсэн эмчийг хэлнэ.
• Дермис /Dermis/
Арьсны гадна тал нь 2 давхаргаас бүрддэг. Хамгийн гадна талынхыг эпидермис гэдэг ба, түүний дотор талын жинхэнэ арьсыг дермис хэмээнэ. Дермис нь эпидермисээ дэмжиж, арьсны чанга болон уян хатан байдлыг хангах үүрэгтэй. Шарх эдгэрэхээс авахуулаад арьсны өөрчлөлтүүдэд дермис идэвхтэй оролцдог.
• Эпидермис /Epidermis/
Арьсны хамгийн гадна талын нимгэн давхарга бөгөөд эсүүдээс бүрддэг. Эдгээр эсүүд нь тодорхой хугацаанд дотроосоо гадна тал руугаа шинэчлэгддэг. Эпидермисийн үүрэг олон бөгөөд тэдгээрээс хамгийн чухал нь арьсыг гадны нөлөөнөөс хамгаалах юм.
• Гуужуулах /Exfoliate/
Арьсны гадаргуугаас үхэжсэн эсүүдийг арилгах үйл ажиллагааг гуужуулах гэж нэрлэдэг. Химийн аргаар /химийн гуужуулагч ашиглах/, болон механик аргаар /скраб хэрэглэх/ гуужуулж болно.