Хоёр настай охин маань “Ээжээ, миний толгой өвдөөд байна гэсээр өглөө босч ирлээ. Би “Миний охин толгой өвдөхөө мэддэг юмуу” хэмээн өхөөрдөж, охиноо тэвэртэл үнэхээр толгой нь халуу шатаад, нэг л биш ээ. Халууныг нь үзтэл 38,6 хэм хүрч байна. Яаран халуун бууруулах эм өгсөнгүй, өөрийнхөө хэмжээнд хоолойг нь үзэж, ганц нэг ханиалгаад байгаа болохоор нь ханиад нь хүндэрчихжээ гэсэн онош тавьлаа. Ингээд дүүргийнхээ хүүхдийн түргэн рүү охиноо дагуулан явав. Түргэний хөөрхөн ааштай, залуухан эмч халуурч байгаа охины маань цээжийг удаан чагнаад “цээжийг нь гэрэлд харуулах хэрэгтэй” гэснээ хоолойг нь модон савхаар дарж үзтэл охин маань “нилхийтэл” бөөлжчихөв. Нөхөр бид хоёр ч сандран нааш цааш гүйлдэнэ. Эмч “хоолой нь нэлээн улайлттай байна” гээд “Фромилид” гэдэг эм бичиж өгөв. Мөн “халууныг нь даруй бууруулах хэрэгтэй шүү” гэж хөмсөгөө зангидаад чухалчлан хэлсэн юм. Бид чинь эмчийн үгэнд л итгэж эмийг нь цаг тухайд нь уулгахаас өөр юу хийж чадах билээ
Гэртээ ирсэн хойно ч охин халуурсаар “гэдэс өвдөөд байна” гээд дахин дахин “горишак” дээрээ суусаар л. Шулуун гэдсээр хийдэг өвчин намдааж, халуун бууруулах лааг хийсэн ч хэсэг хугацааны дараа дахин халуурсаар, дав давхийн цочиж сэрсээр өглөө болголоо.
Сэргэлэн, цовоо сэрдэг охин минь дуу муутай байх бөгөөд нүд нь том жижиг болчихсон байв. Эмчийн бичиж өгсөн эмийг огиулан барин өгч, халуун бууруулах лаагаа хэрэглэсээр орой болгов. Харин ээж маань “үе үе оргитол бөөлжөөд, нүд нь том жижиг болчихсон наад хүүхдийн чинь тархи нь хөдөлсөн юм биш үү” гэв. Бид хоёр ч юмыг яаж мэдэх вэ гээд үдшийн 22 цаг болж байхад 120 орчимд байдаг “Хараагүйчүүд”-ийн гэх тодотголтой гурван давхар улаан тоосгон байранд ирлээ. Хойд талын орцны гадаа “Авьяас чадвар” ХХК бариа засал 2 давхарт гэсэн хаяг байна. Харанхуй орцтой хуучны энэ нийтийн байрны 2 давхарт урт кордоорын буланд цэнхэр бүргэд хаалгатай жижиг өрөөнд нэгэн бариач ах сууж байлаа. Охины маань толгойг барьж үзээд “тархи нь доргисон байна” гэлээ. Би ч болсон бүх явдлыг яриад “тархи нь хөдөлсөн хүүхэд халуурдаг юм уу” гэж асуутал “халуурна, бөөлжинө, суулгана” хэмээн товч, тодорхой хариуллаа. Тэгээд “бага гэлтгүй хүүхдийнхээ үгийг сонсож бай” гэж надад анхааруулсан юм. Бариачийнхаас гараад харих замдаа охин маань хөлрөөд л их тайван сайхан унтсан, дахиж халуурсан ч үгүй, бөөлжсөн ч үгүй. Өглөө сэргэлэн, цовоо сэрэхийн зэрэгцээ давхраатаад л жижиг том болсон байсан нүд нь зүв зүгээр болчихсон байсан юм.
Ийнхүү нөхөр бид хоёр бурхан бариачийн буянаар охиноо эрүүл саруул болгосон билээ. Хорвоог харах нүдгүй болсон ч хүмүүст буян болж яваа тэр ахын өрөөнөөс өвдөж, зовсон хүний хөл тасрахгүй. Өвдөж ороод эв эрүүл болоод гараад ирэх нь үнэхээр гайхалтай.
Харин хөөрхөн ааштай түргэн тусламжийн охин сэтгэлээ гаргаж чадлаараа оношилсон боловч охины минь тархи хөдлөснийг даанч мэдэж чадсангүй.
Emegteichuud.mn