Б.ДАШ: Хувь заяаны зөрлөг

20699
Гантиг замын унаанд дайгдан хүрэх газраа ирэхэд аль хэдий нь нар жаргаж хот айлын малд хотолсон байлаа. Айлуудад ойртох тусам аргалын утаа хамар цоргиж нохойн дуу хадна. Тооноор нь ёлтойх гэрлээр нь барагцаалбал тав зургаан айл байгаа бололтой. Яг зорьж ирсэн айл байхгүй тул заншлыг бодон баруун урд айлд түрүүлж оръё гэж бодон тэр зүг чиглэн алхлаа. Багадаа бадарчны үлгэр их уншиж байсан болохоор зориуд хоёр мод бэлдэн иржээ. Өтөл насны хөгшин шиг хоёр модоо тулан гэр рүү ойртох тусам нохойн дуу тодорч хүйтэн хөлс нь асгана. Хэдийгээр бадарчны эрдмээс уншиж мэдсэн ч дайраад ирсэн ноходтой ноцолдож үзээгүй болохоор өөртөө үл итгэн урагш алхсаар гэрийн хаяанд ирэхэд ямар ч нохой түүн рүү ойртож ирсэнгүй. Ноход уяатай байсан бололтой. Гантиг гэрийн хаяанд хоёр модоо тулж тавиад үүргэвчээ буулган баруун гартаа барин дотогш ороход зүүн орон дээр хүүхэд тэвэрсэн эмэгтэй, хойморт настай өвгөн хоёр инээлдэн ярьж байсан нь хормын төдийд гайхсан харцаар солигдлоо. Гантиг гэрийн эргэн тойрныг ажиглангаа:
- Сайн байцгаана уу? гэхэд тэд амандаа дуулдах төдий хариу мэндлээд, эмэгтэй хүүхдээ тэвэрсэн чигээрээ сандал дөхүүлж өгөхөд өвгөн нүдний булангаараа Гантигыг сонжин харах нь гэнэт ирсэн зочинд ёозгүй байгаа нь илтэд мэдрэгдэнэ. Гэрт бүгд чимээгүй хэсэг хором суулаа. Гэнэт хаалга нээгдэн чимээгүйн дундаас гарч ирэх сарьсан багваахай адил урд хормой дээрээ гишгэлсэн эмгэн сүр сар хийсээр орж ирлээ. Хараа муутай бололтой. Орж ирэнгүүт галд мод нэмэнгээ:
- Сая жигтэйхэн ноход хуцаад байсан Жалбынд хүн амьтан ирсэн юм болов уу? хажуугаар нь гарсан дуу чимээ ихтэй байх чинь гэхэд өвгөн суудал дээрээ займчингаа хоолой заслаа. Гантиг эмгэнд хандан:
- Сайн байна уу? гэж чангахан дуугарахад:
“Тосоор гоож” гэж уулга алдан цочсондоо зүрхээ даран Гантиг руу нүдний фокусаа тааруулан удтал харснаа:
- Сайн, сайн байна уу? Сайн явж байна уу? гэснээ гэрийнхээ хоёрт “Хүн амьтан ирсэн гэж хэлэхгүй. Айхтар цочлоо шүү” гэлээ. Эмгэн аяга арчин цай аягалангаа:
- Манай хоёр ч зочиндоо аль хэдий нь цай хийгээд өгчихөө биз дээ. Намайг аяга тавгаа хормойлоод айл руу явчихсан юм шиг л аягладаг хүмүүс дээ гэв. Гантигт цай өгөнгөө шинжих харц нь түүнийг эвгүйрхүүлээд авав. Гантиг “ энэ орой болсон хойно хэнийд хононоо. Энэ айл нэг л ёозгүй байх чинь” гэж бодож суутал эмгэн:
- За хүү хаанаас, хэнийг зорьж явна даа гэхэд Гантиг:
- Улаанбаатар хотоос энэ хавиар хүн амьтантай уулзах гээд л гэхэд эмгэн:
- Энэ хол бөглүү газар зорьж ирэхийг бодоход их л чухал ажилтай яваа юм байна даа. Алив наашаа суу гэж ширээний баруун өнцөг рүү эрүүгээрээ заахад Гантиг тийш очиж суулаа. Өвгөн амандаа юм үглээд байна уу? гэлтэй харагдахад Гантиг нүдээ анисныг нь далимдуулан нөгөө хоёрын нүдийг хариулж байгаад сайтар харвал тийм ажээ. Надтай дуугарах дургүй байх нь гэж бодоод эмгэн рүү харвал:
- Манай хэдэн гэр өвөлжөөндөө буугаад удаагүй байна. Шинэ цаснаар зэрлэг гахайн ан хийх гэж хүмүүс ирээд өнөөдөр буцлаа. Ирэх амралтын өдрөөр ч гэсэн хүмүүс ирэх тухай дуулдаж байна. Хотоос хоёр гурван хүн идэш уушаа татах гэж ирэх юм байх… Өвгөн хоолойгоо заслаа. Эмгэн яриагаа таслачихав. Өвгөний хоолой засалтад учир байна гэж бодож суусан Гантиг:
- Танай энэ хавиар нутагладаг Ширнэн гэж айл хаагуур өвөлжиж байгаа бол гэхэд эмгэн :
- Аан Ширнэнгийнх үү? Өвгөн бас л хоолойгоо заслаа. Эмгэн таг дуугүй болчихов. Удалгүй тав зургаан настай байрын банди орж ирээд:
- Эмээ гэрлийн чийдэн зээлдүүлээч. Маргааш агентаас аваад өгнө гэнэ гэхэд эмгэн өвгөний хажуугаар очиж сөхөрч суугаад авдраа уудлаж хүүд авч өглөө. Эмгэн:
- Танайд ирсэн тоглоомчид буцав уу?
- Байж л байна. Удахгүй хоол идээд морьдох биз. Эмгэн:
- Өнөөдөр хэн их олзтой байв даа.
- “Данхар” Цогт л овоо хэдэн юм түрийлэх шиг боллоо. Ши өвгөн ч байхгүй. Бүгдийгээ тавиад туучихсан. Сүүлийн үед Ши өвгөний аз нь харьчихаад байгаад гэсэн. “Хувалз” Бадарч хувьтайгаа л гэж өвөө хэлж байна лээ. Алдаа ч үгүй хожоо ч үгүй юм байлгүй. “Жартгай Дамбий” орны урдуур ойчоод өгсөн харагдана лээ. Ор тас мөнгөгүй болсон байхаа. Хэдэн өдөр л тоглоомонд оролцохгүй хажуугаас нь харж сууна билээ. Эмгэн:
- Энэ ингээд нэг юм асуухаар өмнөөс зуун хариулт өгдөг хар золиг байгаа юм. Асуусан биш гай боллоо гэгчээр. Алив хурдан явж эмээдээ наадхаа хүргэж өг. Хүү инээн Гантиг руу хараад гарч явлаа. Гэрийн доторхийг ажвал өвгөн эмгэн хоёр л амьдардаг нь илт. “Охин нь ирж төрөөд удахгүй хүүхдээ энэ хоёрт орхиод явах юм болов уу? Энд байнга амьдардаггүй шинжтэй байна даа. Юм асуухаар өвгөн хоолой засаад эмгэнээ яриулахгүй юм. Яаж шуухан хэдэн үг унагах вэ? Энэ айлд ч хоноход хэцүү юм байна даа” гэж Гантиг бодож суулаа. Тогоон дээр буцлаж байгаа хоолныхоо тагийг байн байн авч тависаар цаг гаруйн дараа гаргалаа. Гурилтай хоолны амт гэж ярих ч юм биш. Бадарчны үлгэрээр жаахан жаахан гээд гурав идчихээд санаа зовж л суув. Эмгэн хоолны дараа гараад удтал орж ирсэнгүй. Гантиг цагаа харлаа. Шөнийн арван нэг болж байна. Их л орой унтдаг айл юм байна гэж бодож суутал эмгэн түрүүний ирсэн жаалыг дагуулаад ороод ирэв.
- Энэ ахыгаа дагуулаад яв. Дулаахан тухтай хонуулаарай. Дүү хүү өглөө орж ирж цай уугаарай гэлээ. Гантиг үүргэвчээ аваад өнөөх жаалтай гарлаа. Харанхуйд хүүг даган хамгийн арын жижиг гэрт орвол гурван ор, нэг ширээ, дөрвөн сандлаас өөр юм алга. Хүйтэн гэж жигтэйхэн. Хүү:
- Дунгар эмээ ирж хэлэхээр сая л гал түллээ. Удахгүй дулаан болно. Та хөнжил гудас байхгүй юм уу? гээд үүргэвч рүү харав. Гантиг толгой сэгсэрлээ. Хүү гараад явав. Галын хажууд суугаад гараа ээж суутал хөнжил гудас дааж ядан тэвэрсээр орж ирээд баруун орон дээр тавив. Гантиг сая ам нээж:
- Дүү хүүгийн нэр хэн билээ? Танилцая.
- Лувсанжалбуучойндонмядаг
- Гантиг
- Та ан хийх гэж яваа юм уу?
- Үгүй
- Энэ нэг айхтар тоглоомчин өвгөний хөнжил гудас. Манай энд ирэхээрээ хонон өнжин тоглодог. Заримдаа хагас сар харихгүй тоглочих нь. Нэг удаа эхнэр нь аргаа ядаад хөнжил гудастай нь хөөчихсөн гэсэн. Тэгэхдээ дараа нь харьсан л даа. Харин хөнжил гудсаа авч яваагүй байгаа. Дахиад хөөгдчихөж магад гэж бодсон байх. Гантиг хүүгийн яриаг чагнан инээж зогслоо. Хүү:
- Та ан хийхгүй юм бол яах гэж энэ хол яваа юм. Гантиг юм хэлэлгүй инээхэд хүү харж зогссоноо гэрээс гарлаа. Удалгүй нэг тавагтай ааруул оруулж тавиад гарах гэхэд нь Гантиг:
- Танай энд Ширнэн гэж айл байхгүй биз. Хүү гайхан харж зогссоноо бас л гараад явлаа. “Нас барчихсан юм болов уу? урд гэрийн эмгэн миний асуултад хариулах гэсэн өвгөн хоолой засаад болиулсан. Хэрвээ тийм хүн энд байдаггүй бол байхгүй гээд л хэлнэ биз. Өвгөн ч хоолой засахгүй л баймаар. Ингэхэд ер нь өнгөрчихсөн юм байна. Өвөө минь өнгөрөхдөө яг л энэ нутгийн, энэ гол усны л хүн гэж хэлсэн дээ. Гэр дулаацтал ном харж сууя” гэж бодоод үүргэвчээ уудалж суутал хүү, дөч орчим насны эмэгтэйтэй орж ирлээ. Эмэгтэй:
- Сайн байна уу? Чи Ширнэн өвгөнийг сураа юу?
- Тийм.
- Саяхан манайхаас морьдсон. Хаанаас хэн гэдэг хүн явна.
- Хотоос явна. Тэр хүнтэй уулзах хэрэгтэй байгаа юм. Эмэгтэй гар утсаа гаргаж харснаа:
- Уг нь гар утастай. Ихэнхдээ унтраастай явдаг болсон байна лээ. Чи нэг залгаад үз дээ гэж хэлээд Гантиг руу дөхөж утасных нь дугаарыг харуулав. Гантиг залгасан салгаастай байлаа. Эмэгтэй:
- За би гарлаа. Одоо ингээд айлууд унтаж нохойгоо тавина. Шөнө гарч орохоор болбол энэ хүүг дагуулж гараарай. Манай хэдэн ноход танихгүй хүнийг андахгүй шүү гэж хэлээд гарлаа. Эмэгтэйг гарангуут хүү:
- Ахаа Та Ши өвгөнтэй уулзах гэж ирсэн юм байна штээ. Дөнгөж сая манайхаас явсан. Ёдрын өвгөнөөс асуугаагүй юм уу? Гантиг гайхан:
- Ёдрын өвгөөн. Чи хэнийг хэлээд байна.
- Яах вэ дээ? Таны анх буусан айлын өвгөнийг л хэлж байна. Заримдаа ааш нь хүрэхээрээ өөрөө дуугаа хураачихаад эмгэнийгээ ч хүнтэй юм яриулдаггүй юм.
- Тэр хөгшин өнөөдөр яагаад ууртай байна.
- Яах юу байх вэ? эмгэн л уурыг нь хүргээ биз.
- Ингэхэд миний дүү хэдэн настай вэ? хэн хэнтэйгээ амьдардаг вэ?
- Би юу? Зургаан настай. Эмээ өвөөтэйгөө гурвуулаа амьдардаг.
- Аав ээж нь?
- Ээж хотод ажиллаж байгаа. Аав уу?… Би хоноцын хүүхэд. Ингэж хэлээд инээн галд мод нэмэнгээ Гантигийг харсаар л…
- Хоноцын хүүхэд гэж юу гэсэн үг үү? Хэн тэгж хэлэв …
- Хоноцын хүүхэд үү? Тэр тухай яриад яах вэ ах минь. Хүн бүхэн л намайг тэгж хэлдэг шүү дээ. Хэн мэдэх вэ?
Галын хоёр талд суугаад ярилцаж суух зуур “Хүү энэ хот айлд дан томчуудтай ярилцсаар их хэгжүүн яриатай болсон юм байна даа ” гэж бодож суув. Түүнээс:
- Чи энэ жил сургуульд орсон уу? гэвэл
- Үгүй ээ. Эмээ “Ээж чинь найман настай л сургуульд орж байсан. Наймтайдаа ор” гээд сургуульд явуулсангүй. Ахиад хоёр жил хүлээнэ дээ гэв. Хоёр хөгшиний гар хөлд зарагдаж энэ муу л их нэмэр болдог байх нь. Хөдөөнийхөн ийм сонин шүү. Хүүхдийн ирээдүйг бодохгүй гэж бодож байтал:
- Гэхдээ энэ жил сургуульд ороогүй нь болсон юм даа. Сургуульд эрт орвол эрт авгай авах юм болно гээд насанд хүрсэн хүн шиг ярихад нь Гантиг инээд нь хүрч:
- За яаж байна. Танай эндхийнхэн дунд сургууль төгсөөд л эхнэр аваад байна уу?
- Бараг л гэж ганц үгээр хариулаад чимээгүй болчихов. Хүү ямар нэгэн зүйлийг бодон бодол болон суугаа нь илт. Гантиг хүүг энэ байдлаас гаргахын тулд яриа өдөх санаатай:
- Чи тэгээд эмээ өвөөдөө хир тус болдог хүн бэ дээ гэхэд
- Малдаа явж хашаа хороогоо цэвэрлэхээс гадна ,зун энэ хавийн уяачдын морь унаж гийгүүлнэ дээ гэлээ.
- За хэн хэний хэдэн насны морь унав
- Өө бүх л насны морь унадаг. Гонгор панзын хээр халиун, Сэрээ Дунгаагийн суман хүрэн, Сүүл Гочоогийн цээж халтар, Хавтгай Дангаагийн гүйдэг хар. За даа энэ хэдэн жил энэ хавийнхны бүх л морийг унаж хурдаллаа. Айрагдлаа түрүүллээ. Харин даага унаж үзээгүй юм байна шүү. Гантиг хүүгийн яриаг сонсоод инээж :
- Чамаас хэн нэгэн нь хэний морийг унадаг вэ? гэж асуувал яг ингэж хариулдаг уу? гэхэд
- Тийм. Яасан
- Зүгээрээ. Харин чи хүний морь унаад ямар хөлс мөнгө авч эмээ өвөөгөө гийгүүлэв дээ. Бас чи хэдэн настайгаасаа морь унав.
- Ганц нэг шөлний юм авч л гийгүүлдэг. Дөрвөн настайгаасаа унасан. Дахиж хэдэн жил унахсан гэж бодож байгаа шүү.
Хүү гарч өөрийн хөнжил гудсыг оруулж ирлээ. Гантиг хэдий сэжигч ч модон нааран дээр өмссөн хувцастайгаа хэвтэж даарч хонолтой биш. Хүүгийн оруулж ирсэн гудсыг дэлгэж хөнжлөөр нь хучлаа. Нойр нь хүрэхгүй эргэж хөрвөөж хэвтэхдээ хүүгийн тухай бодож байв. Том болоод ямаршуухан хүн болох тухай төсөөлж, “эцэггүй хүүхдийн толгой том” гэж үнэн ч юм шиг. Эцэг эхтэйгээ хотод амьдардаг байсан бол компьютер шагайж үлгэрийн ном уншсан хүүхэд байх байсан биз. Ямар тэнэгийнх нь хоног төөрүүлсэн хүүхэд юм бол доо. Сайн хүн болж хүмүүжээсэй гэж л ерөөе. Санаа яриа хоёр ч засрахаасаа өнгөрсөн байх. Ийнхүү бодож хэвттэл хүү гэнэт өндийн сууж:
- Ахаа наад хөнжил гудас чинь таны сураглаад байгаа Ши өвгөнийх гэв.
Хаа холоос эцэг болох хүнээ хайж ирсэн Гантиг уулзаагүй ч хөнжил гудсанд нь унтах хувь ерөөлтэй байжээ. Хүүг хэлэнгүүт гэр дуулаацаагүй ч хөнжил гудас нь халуун дулаан болчих шиг санагдана. Гантиг зэргэлдээх суманд бага насаа үдсэн аж. Сургуульд ороход нь аав ээж нь хүүгээ эрдэм номтой сайн хүн болгоно гээд хот газар бараадсан юм гэсэн. Аав ээж хоёр нь жар гарсан хойноо Гантигийг өргөж авсан болохоор багаасаа л тэр хоёрыгоо өвөө эмээ гэж дуудаад сурчихаж. Өвөө нь өнгөрөхдөө “ Заавал энэ нутагт очиж Ширнэн гэж хүнтэй уулзаарай. Тэр чиний эцэг болох хүн байгаа юм. Эхийг чинь ямаршуухан явааг тэр л чамд дуулгах байх” гэж захиж . Өвөө нь өнгөрөөд зургаан жил болсон ч дараа намар, дараагийн зун гэж хойшлуулсаар сая л нэг энэ нутгийг зорьж ирж байгаа аж. Гантиг:
- Лууяа ингэхэд Ширнэн өвөө чинь хэдий насны хүн бэ? гэж асуухад тэрээр гайхан:
- Та мэдэхгүй гэж үү? Одоо дал дөхсөн байх шүү. Гантиг хэсэг чимээгүй болж өөрийнхөө настай харьцуулан бодож хэвтлээ.
- Гэртээ хэдүүлээ амьдардаг хүн юм бэ дээ.
- Хүний өөрийн нийлсэн шавааралдсан олон юм байдаг. Эхнэр гэж ааш нь адсага. Олон хүнээс салж нийлсэн. Харин Ши өвгөнтэй сууж овоо салж нийлэхгүй шиг амьдраад байгаа юм гэсэн. Суугаад арав гаруй жил болж байгаа гэсэн байх шүү. Гантиг бүр толгой нь эргэж дал гаруй насны хөгшин хүн яахаараа арав гаруйхан жилийн өмнө эхнэр авсан юм бол гэж бодож байтал.
- Ши өвгөн чинь энд тэнд хүүхэд хийж айл амьтан хэсэж амьдарч байгаад тавь гараад өөрийн гэсэн гэр оронтой болж тогтсон юм гэсэн. Эцэг нь Хүрээ Жалцав гэж яггүй панзчин эр байсан юм гэсэн. Тэр хүний ганц хүү. Баян айлын ганц хүү эх эцгээ өнгөрсний дараа байдгаа барж бадарчин маягийн амьдарлаар амьдарсаар тавь хүрсэн гэсэн. Уг нь Ши өвөө чинь нуруу туруу сайтай царайлаг залуу байсан гэж байна лээ. Гантиг энэ хүү ч хөгшид эмгэдийн яриаг үг үсэг гээхгүй цээжилчихдэг бололтой гэж бодон инээд нь хүрч хэвтлээ.
- Ингэхэд чи хэнээс энэ бүгдийг мэддэг байнаа.
- Хэ хэ хүмүүсийн ярианаас.
Унтъя гэж хичээсэн ч нойр нь хүрсэнгүй. Хүү хэсэг байж байгаад л “Та унтаж байна уу?” гэж асууна. Хоёул хоёр талд хөрвөөсөөр нэг мэдэхэд унтчихжээ. Гэвч хүү шөнө босож гал түлж байсан бололтой. Өглөө босоход гэр халуу дүүгэж байлаа. Гантигийг босох чимээнээр хүү:
- Та яасан эрт босох нь вэ? Шөнө нойр тань хүрэхгүй их зовоов уу? гэхэд нь Гантиг сөргүүлж:
- Сайхан амрав уу? Тэгж байгаад нэг унтсан байна лээ. Харин энэ айлууд нохойгоо уяа болов уу?
- Уяалгүй яахав. Миний ч босох цаг болж гээд өндийлөө. Гантигийг гарахад айлуудын яндангаас утаа суунаглаж аргалын утаа хамар цоргин энэ тэнд үхэр мал хэвэн хажуу хашаанд нь хүн өвс сэрээдэн зогсох, цайны дээжээ өргөх эмэгтэй, нохойгоо хооллох өвгөн гээд энэ бүх зураглал түүнд их л дотно санагдаж тааламжтайгаар суниан биеийнхээ чилээг гаргаж зогстол хүү хөнжил гудас тэвэрсээр гарч ирээд хажуу хэцэн дээр тохлоо. Гантиг түүнд туслаад бага байхад нь эмээ нь хоноц ирж хоновол хэрэглэсэн хөнжил гудсыг нь ёс юм шиг гаргаж салхинд тавьдаг байсан нь санаанд орж “энэ бас нэг заншил шиг болсон зүйл дээ”гэж бодон алсын бараа ширтэн зогслоо. Хараа сайтай газар өвөлжиж байгаа айлууд байна даа. Ер нь тэгээд энэ малчид эцэг өвгөдөөс өвлөгдөж ирсэн өвөлжөө хаваржаанд л голцуу бууж нүүдэлсээр ирсэн байх. Өвөлжих хаваржих газраа сайн сонгодог байсан байгаа юм шүү. Малч ухааны арга барилаас гээд бичээд байвал хичнээн бодь ном болох биз дээ. Хүү хөнжил гудсаа гадаа дэлгэж тавьчихаад яваад өглөө. “Бодвол түүний ажил гэж толгойны үснээс нь их байгаа байлгүй. Нөгөө өвгөнийх чинь аль гэр нь билээ. Орж цай ууя даа” гэж бодож зогстол өчигдөр орой хүүтэй орж ирсэн эмэгтэй цай, хоолны хоёр халуун сав барьсаар ирэхэд Гантиг мэндлээд хаалгаа нээж өглөө. Араас нь дагаж оров.
- Ши өвгөн рүү залгав уу?
- Өглөө эрт дэмий юм уу? Ингэсхийгээд залганаа.
- Цай хоол ид. Энэ хоолны савтай нь хуушуур. Манай гэрээс хоёр хүн мод бэлтгэхээр явах гээд эрт босож хоол ундыг нь бэлтгээд хуушуур хийсэн юм. Гэж хэлээд өөрөө цай аягалан өгч, хоолны халуун савны тагийг нь авч Гантиг рүү дөхүүлж тавьлаа. Гантиг цай ууж суугаад гэнэт тэр эмэгтэйн бодол болон өөрийг нь ширтэж суусан харцтай тулгарчихав. Санаа ч зовох шиг. Эмэгтэй ч санаа нь зовсон байдалтай босож үүдэнд очин:
- Ши өвгөн рүү утастаад утсаа авахгүй бол нэг арга бодохоос. Ингэхэд … гэж хэлснээ үгээ дуусгалгүй гарч одлоо. Гантиг утсаа аван Ши өвгөн рүү залгалаа. Салгаастай байв. Өдөржин салгаастай байвал яах билээ. Өнөөдөр л олоод уулзчих юмсан. Өнөөх хүү орж ирэх нь үү гэж бодож суулаа. Үд болтол хүн орж гарсангүй. Гантиг ганцаараа ном уншиж хэсэг хэвтэж байгаад гарвал хүү ирж байна.
- Ши өвөө өнөөдөр ирнэ гээд явсан гэнэ. Гэртээ олуулаа болохоор өвгөнд хийх ажил байдаггүй юм. Айл хэсэж аяга тагш юм эргүүлж, панз ярьж, мөрий тавина. Өөр юм байхгүй гээд хоёр гараа дэлгэж мөрөө хавчиснаа хажуугаар нь зөрж гэр рүү ороход нь Гантиг ч дагаж орлоо. Завилан сууж өнөөх эмэгтэйн оруулж ирсэн Гантигийн уусан аяганд шууд цай хийн уугаад хуушуур идэнгээ:
- Ингэхэд та тэр холоос яг ямар хэргээр Ши өвгөнийг зорьж ирэв. Гантигт жаахан хүүхдэд нарийн яриад суух хэцүү байсан тул юм хэлэлгүй инээн түүн рүү харвал:
- Ойлголоо. Бэр гуйхаар ирж гэхэд нь:
- Чи таасангүй. Ши өвгөнтэй ганц мөрийтэй тоглоод буцдаг юм уу?
- Хн. Хүнээр тоглоод байгаарай. Хүү ингэж хэлээд Гантигийг нэг их сүрхий хараад байсанд Гантиг:
- Өнөөдөр миний ажил бүтэх нь үү? Чи юу гэж бодож байна гэвэл.
- Бүтнээ. Өвгөн ингэсхийгээд ирнэ гэсэн гэж байна. Харин та өдрийн хоол хаана идэх үү? Ганжил эгч танд хоол авч ирнэ гэж байна лээ. Эмээ таныг дагуулаад ир гэсэн. Та өөрөө мэд гэв. Гантиг нэг их айл хунараар ороод байх сонирхолгүй тул:
- Хоол цай ч яах вэ? болно. Энэ үлдсэн хуушуурыг идээд болчих биз дээ гэвэл. Хүү:
- Танд хоол авчирдаг эгч Ши өвгөний хүүхэд юм гэнэ лээ. Сүүлийн үед сүрхий их мэдэлцээд өвгөнд анхаарал тавих болсон байна лээ. Гантиг энэ үгийг сонсоод гайхан:
- Бас хоноцын хүүхэд үү? гэхэд
- Тийм гээд толгой дохин инээв. Гантиг тэр эмэгтэйн өөрт нь анхаарал халамж тавиад байсны учрыг олж өөрийнхөө царайтай түүний царайг жишиж бодож суутал хүү:
- Ши өвгөний хүүхдүүд гэж бүгд л тан шиг малийсан нөхдүүд байдаг юм гэхэд нь гэнэт цочих шиг. Энэ хүү чинь намайг гадарлаадхаж. Энэ ер нь яг хэдэн настай дамшиг вэ? Хөдөө хөгшчүүлийн дэргэд өсөхөөрөө ийм болдог юм байх даа. Намайг бол дагуулахгүй нөхөр байх нь. Ийнхүү хөөрөлдөж суутал гадаа хүн хашгирахад хүү годхийн гарлаа. Гантиг гарах гэснээ больж хүүг хүлээхээр шийдэн ном авч ганц нэг хуудас эргүүлж суутал гэрийн гадаа том хүн ирж хүүтэй чанга чанга ярих нь сонсогдов. Тэдний үгэн дундаас Ши гэдэг үг олж сонсоод ашгүй дээ уулзах хүн маань ирж байгаа байх нь гэж бодож суутал хүү орж ирээд:
- Ши өвгөн өнөөдөр урд сум руу явж байна гэнэ. Тэнд ажил явдал гарчээ гэв. Өвлийн хүйтэнд холоос ирсний хэргээ бүтээхгүй явах тиймхэн санагдан:
- Хэзээ буцаж ирэх бол гэж асуувал хүү мөрөө хавчин “мэдэхгүй” гэж хариуллаа. Удалгүй нөгөө эмэгтэй орж ирээд:
- Ши өвгөн ирэхгүй гэнэ дээ. Урд сум руу явж байгаа гэнэ. Нэг гэрээс гарвал мөд харьдаггүй хүн. Чи ч хүлээвэл арав хоногтой байх шүү. Ядаж өвгөн гар утасгүй болж гэнэ. Морин дээр явж байгаад гээчихсэн гэх шив. Гантиг бодож байгаад буцахаар шийдлээ. Хэзээ ирэхийг нь мэдэхгүй байгаад байлтай биш. Нөгөө эмэгтэйгээс өчигдрийн шуудан буцахдаа урд зам дээр зогсох болов уу? гэвэл
- Тэгнэ. Чи өчигдөр буугаад наашлаа биз дээ гэлээ. Эмэгтэй утсаа залган хэн нэгэнтэй яриад:
- Сумаас хөдөлчихөж. Чи энэ хүүгээр зам руу хүргүүл гэлээ. Хүү ч гарч морь олж ирэх юм боллоо. Ингээд Гантиг тэр хотонд нэг хоноод өнөөх хүүтэй морин дээр сундлан шуудангийн машин тосохоор хөдөллөө. Аймгаас энэ суманд ирж байгаа шуудан энэ хот айлын яг өмнүүр гардаг юм билээ. Гэхдээ бага зэрэг зайтай. Цаг хиртэй хүлээгээд ирэхгүй байсанд Гантиг хүүг буцаалаа. Харин хүүг дөнгөж хөдлөнгүүт шуудангийн машин ирж дэргэд нь зогслоо. Жолооч нь “Суудал алга л гэнэ. Гэхдээ яаж чамайг хээр хаяхав. Аргалаад суу гэлээ” Гантиг айхтар том биетэй лухгар хүзүүтэй өвгөний дэргэд суулаа. Суунгуут өвгөн юм шалгаагаад унангуут хажиглан дуугаа хураачихжээ. Өвгөн ч гадарлаж чимээгүй болж. Гэвч том биетэй хүний дэргэд суусан биш түүний нөмөрт даарахгүй яваадаа Гантиг дотроо баярлана. Харин урд суман дээр ирээд өнөөх өвгөн буулаа. Гантиг шахцалдахгүй болсонд баярлаж тухтай суун зүүрмэглэж явтал урд суудалд сууж явсан эмэгтэй:
- Ширнэн өвгөн мориор ирэхгүй яасан юм бол. Хөлд дүүжлэх юмгүй ирвэл хурдан буцаж магад гээд эхнэр нь шуудангаар яв гэж дээ гэхийг сонсоод Гантиг амаа барьж “Хн” гэж дотроо өөрийгөө зэмлэв. Уулзах гэж очсон хүнтэйгээ уулзаагүй ч улаан нүүрээрээ харалцах мөч байсан байх нь гэвч ганц үгийн солиогүй явуулчихдаг үгүй ээ мөн тоогүй еэ. .. Үргэлжлэл бий.

Б.ДАШ: Хувь заяаны зөрлөг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.