“Тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгджээ”

21300

Дэлхийн тамхины эсрэг өдөр жил бүрийн тавдугаар сарын 31-нийг тохиодог билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр ЭМЯ, СЭМҮТ, НЭМҮТ-өөс хамтран мэдээлэл хийлээ.

НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Д.Нарантуяа “Дэлхий даяар тамхины  улмаас жил бүр эндэж байгаа 7 сая хүний амь насыг аврах, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Эдгээр амь насаа алдаж байгаа хүмүүсийн 6 сая нь тамхидалтаас, 890 мянга нь дам  тамхидалтаас шалтгаалж нас барж байна. Дэлхий дээр 1.1 тэрбум гаруй хүн тамхи татдаг бөгөөд тэдний 80 хувь нь өвчлөл өндөртэй, бага, дунд орлоготой орнуудад амьдарч байна.

Монгол Улс тамхины хэрэглээ өндөртэй орны тоонд орж, сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж 3 хүн тутмын 1 нь зүрх судасны эмгэгээр нас барж байна.

Тухайлбал, 2013 онд хийгдсэн судалгаагаар нийт хүн амын 27.1 хувь нь, үүнээс эрэгтэйчүүдийн 49.1 хувь, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татдаг байна.

Судалгаанд хамрагдсан 10 хүн тутмын 1 нь гэртээ, 4 хүн тутмын 1 нь ажлын байрандаа тамхины утаанд өртөж байна.  2015 онд 2,186 хүн тамхинаас улбаат зүрх судасны өвчнөөр нас барсан байна. Үүний дотор зүрхний цочмог хомсдол өвчин 23.1 хувийг, харин харвалт 22.2 хувийг тус тус эзэлж байна” гэв.

Тамхины хэрэглээ өндөр байгаагийн гол шалтгаан нь манай улсад  тамхины үнэ хямд. Өөрөөр хэлбэл түүнд ногдож буй онцгой албан татварын хэмжээ бага байгаатай холбоотой. Тухайлбал, 1 хайрцаг тамхи 1 сав сүүний үнэтэй тэнцүү байна.  Монгол улсад тамхины жижиглэнгийн үнийн (2,700 төгрөг)-ийн 33 хувь байгаа бол ДЭМБ-аас дор хаяж жижиглэнгийн үнийн 70 хувьтай тэнцүү болсноор тамхины хэт хангамж буурч, тамхи худалдан авч улмаар донтох явдал буурах боломж бүрдэнэ гэж зөвлөдөг байна.

2017 оны гуравдугаар сард Монгол улсын Засгийн газар тамхины онцгой албан татварыг гурван жилийн хугацаанд 20 хувиар нэмэгдүүлэхийг зөвшөөрч Онцгой албан татварын хуульд өөрчлөлт оруулж 2018 онд 10 хувь нэмэхээр болсон, гэхдээ одоогоор нэмэгдээгүй л олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байна.

Ингэж нэмснээр тамхины жижиглэнгийн үнийн ойролцоогоор 40 хувьтай л тэнцэх юм. Тэгэхээр цаашид аажим нэмэх шаардлага хэрэгтэй. Тамхины үнэ, татварыг нэмэх нь тамхины хэрэглээг бууруулж, 60 гаруй хорт хавдрыг бууруулах, үхлийн гол шалтгаан болоод байгаа тархинд цус харвах, зүрхний шигдээс өвчнөөр нас барахыг бууруулж,  олон хүний амь насыг аврах улмаар улсын төсөвт нэмэлт орлого оруулж ядууралтай тэмцэхэд чухал нэмэр болно гэж хэвлэлийн хурлын үеэр хэлж байлаа.

ДЭМБ-аас улс орнуудад тамхины хэрэглээг бууруулахдаа цогц байдлаар хандаж, хууль тогтоомжид тусгах, хэрэгжүүлэхийг зөвлөдөг. Үүнд:

  • Тамхины татвар нэмж, үнийг жижиглэнгийн үнийн 70 хувьд хүргэх
  • Тамхины хор хөнөөлийн талаар хүн амд тогтмол мэдээлж,  урьдчилан сэргийлэх арга хэмжээ  авах ;
  • Тамхи татдаггүй олон нийтийн газар, ажлын байр, сургууль, цэцэрлэг, нийтийн тээврийн хэрэгсэл гэх мэт газрыг бий болгох замаар хүмүүсийг, хүүхдүүдийг тамхины утаанаас хамгаалах арга хэмжээ авах
  • Тамхинаас гарахыг санал болгох, дэмжих бодлого барих  (үнэ, хүн амын өргөн дэмжлэг, эрүүл мэндийн зөвлөгөө, төлбөрөөс чөлөөлөх гэх мэт);
  • Тамхины хор хөнөөлийн талаар тогтмол сануулах, зөвлөх /тамхины хайрцаг дээр анхааруулга наах, стандарт савлагаа тамхи, дам тамхидалт/
  • Тамхины зар сурталчилгааг ивээн тэтгэх, дэмжих, сурталчилахад  хориг тавих .
  • Дэлхий нийтээр тамхигүй өдрийг НҮБ-ын гишүүн улс бүр тэмдэглэдэг. 2018 онд хүн ам, олон нийтийн анхаарлыг тамхины зүрх судасны эрхтэн системийн  байдалд сөрөг нөлөөлж, хүн амын өвчлөл, нас  баралтын гол шалтгаан болж байгаад анхаарал хандуулж байна.

“Тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгджээ”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.