Н.Байгалмаа: Намайг хэд ч сийчиж, зүсэж болно, гэвч миний мөн чанарыг арилгаж чадахгүй…

68e5c3ad7c50988066f4bd9b4666dffb

Монголын төдийгүй дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх агуу үйл явдлыг өөрийн биеэр бичихээр зориглон тэмээгээр Европ тив хүрэх маш хүнд, эрсдэлтэй аялалыг сонгосон Н.Байгалмаа хэмээх бүсгүйн талаар сүүлийн үед таагүй мэдээллүүд хөврөх болов. Аялалын замд яваа түүнтэй утсаар холбогдон өөртэй нь холбоотой өрнөж буй асуудлууд болон, зарим нэгэн зүйлсийг тодруулж ярилцлаа.

  • Сайн байна уу, сайн явж байна уу. Аян замд явж байгаа хүнээс жаахан билэггүй, саар зүйл асууж байгаад уучлаарай. Сүүлийн үед таны талаар олон нийтийн цахим сүлжээнд нэлээд таагүй зүйлүүд гарч байна. Та ч энэ талаар сонсож, харж байгаа байх. Энэ асуудлуудаар та бидэнд хариулт яриа өгөх боломж байна уу. Яг одоо хаана явж байна вэ?

Сайн сайн байна уу, сайн л явж байна. Би яг одоо Ховд аймгийн Булган сумын нутагт хилийн “Ярант” боомтод хүрэлцэн ирсэн байна. Би яг үнэндээ яриа өгмөөргүй байна. Намайг хангалттай сайн муугаар ярьж байгаа. Өнөөдөр би үнэнийг яриад бодитоор тайлбарлаад хүмүүс ойлгох уу, зөвөөр хүлээж авах уу. Үнэхээр хүн хүнийг ойлгодог бол хүний оронд өөрийгөө тавиад үзэх хэрэгтэй. Яг үнэндээ миний туулж байгаа зам, алхсан мөр, гаргасан нус, нулимс, цусыг минь мэдэх хүн байхгүй шүү дээ. Тийм болохоор би яриа өгмөөргүй байна л даа.

  • Гэхдээ одоогоор олон нийтэд цацагдаж буй мэдээллээр бол хүмүүс таныг буруу ойлгохоор байх шиг байна. Тэгэхээр та тайлбар өгсөн нь зөв болов уу гэж би хувьдаа бодож байна л даа. Гэхдээ өгөх, үгүй нь таны эрхийн асуудал…

Уг нь таны ярьж байгаа зөв. Гэхдээ Байгалмаа хэн байх нь чухал биш. Яаж харагддаг, ямар хувцас өмсдөг, ямар нүд, хамар, амтай байх нь бүүр ч сонин биш. Зүгээр л энэ эх орны төлөө Монгол хүн болж төрсний хувьд эх орныхоо төлөө, ирээдүй хойчийнхоо төлөө хийж байгаа үйлс минь л хүмүүст чухал баймаар санагдах юм. Миний хамгийн бага төрсөн дүү минь өөд болоод 49 ч хоноогүй байна. Тийм болохоор би ийм хар хэл амтай хүмүүстэй арсалдаж, хэл ам хиймээргүй байна. Намайг юу гэж бодно тэрүүгээрээ л бодно биз дээ. Бас намайг дэмжиж буй хүмүүстээ баярлалаа, та бүхнийхээ итгэлийг алдахгүй ээ, Байгалийгаа ямар хүн гэдгийг та хэд мэднэ мэдэж байгаа болохоор би чинь санаа зовохгүй явна гэдгээ хэлмээр байна.

  • Уучлаарай, дүүг тань өөд болсныг мэдсэнгүй. Ийм хэцүү цаг үед чинь ийм асуулт асууж байгаадаа хүлцэл өчье. Та саяхан хотод ирсэн байсан нь ажил явдлаар ирсэн байж ээ дээ. Аялалд гарснаасаа хойш ер нь хэдэн утаа хотод ирсэн бэ?

Зүгээрээ, намайг харин зарим хүмүүс байнга л хотод ирээд хэвтчихдэг. Бараг тэмээн дээрээ очиж зурагаа авахуулчихдаа л буцаад ирдэг ухааны юм яриад, бичээд байгаа бололтой. Би хоёр л удаа очсон. Эхнийх нь тэмээний бичиг баримтаа янзлах гэж, сая бага дүү маань өөд болоод ажил явдалд нь оролцоод ирлээ.

  • Таныг аялж явах зуур хадам ээж чинь /“Цэрэн турс” компанийн захирал Э.Цэрэндолгор, бидний хэлдэгээр “цэнхэр үст” Цэрэн/ таныг “Миний бэр байсан, хүүг маань надаас салгасан, манай амьдралыг сүүлийн хэдэн жил там болгосон, байнга мөнгө нэхдэг, хулгай хийдэг” гэх мэтээр бичсэн байсан. Та мэдээж сонссон л байх. Энэ бүхэн үнэхээр үнэн юм уу?

Би тэр Цэрэн гэдэг хүний бэр нь мөнөөс мөн. Түүнийг 18 настай байхад нь гаргасан хүү нь миний нөхөр. Энэ хүмүүстэй би 2007 оноос хойш холбогдсон. Эдгээр хүмүүсээс их ч олон зүйл үзсэн. Олон удаа нулимсаа гаргаж, цусаа урсгасан даа. Одоо бол гомдлоод байх юм алга. Учир нь тэднээс их зүйл суралцсан. Миний гаргасан сэтгэлийн хариуг мэддэг байсан бол би энд байж байхгүй байлаа. Харин өөрөө хоёр охин үртэй учраас ирээдүйд мөнгөгүй, ядуу эцэг эхтэй, хөдөөний боловсролгүй гэж айлын зарц хийлгэхийг хүсээгүй. Амьдаар нь булшлуулахгүйн тулд би энэ ажлыг хийж байна. Би үүний төлөө л хичээж ирсэн. Цэрэн гэж хүний сэтгэл зүйг би хэзээ ч ойлгодоггүй. Их олуулаа хохирогч болж байсан. Ойлгож дийлэхгүй юм билээ. Намайг байнга загнаж хэмлэдэг байсан. Би Цэрэн гэж хүнийг огт муулж яваагүй. Хэрвээ намайг хадам ээжээ муулж явсныг харсан, сонссон хүн байвал гараад ирээрэй. Миний нөхрийн ээж болохоор муу зүйл боддоггүй. Яагаад гэвэл би ч бас эх хүн шүү дээ. Тэр бичээд байгаа зүйлд нь нэг ч ширхэг үнэн зүйл байхгүй. Харин ч эсрэгээрээ байж мэдэх шүү. Намайг тэгж хэмлээд юу олж хожих юм бэ. Би ханийнхаа нэр хүндийг бодоод өнөөдрийг хүртэл дуугүй, тэвчиж явж ирсэн. Бидний хооронд бичсэн чатыг хүн унших юм бол эх хүн мөн үү гэж гайхах биз. Би намайг та тэглээ гээд очиж муудалцаж байсан удаагүй. Цаашид ч би хүүгийн минь эжий, хоёр үрийн минь эмээ хэмээн хүндэтгэх болно. Цагийн юм цагтай байдаг. Шатрын хүү бэрс болдог доо. Энэ өдрийг л хүлээж байна.

  • Та хоёрын дунд хань тань зовдог байх даа…

Хүн бүрт тохиолддог болдог зүйл бидэнд ч бас тохиолддог. Хамгийн сайхан зан чанар эр хүний ноён нурууг би нөхрөөсөө олж хардаг. Хэн нэгний талд орох нь чухал биш өөрөө өөрийнхөө сонгосон замдаа үнэнч байх хэрэгтэй гэж боддог. Би үүнийг л эрхэмлэж явдаг. Би гэр бүлээ үнэ цэнэтэй байлгахыг хичээдэг. Миний нөхөр миний худалдаад авчихсан эд бараа биш шүү дээ. Уулзах ёстой хүмүүс уулзаж, учрах ёстой хүмүүс учирдаг. Гэхдээ уулзсан хүн болгон сайн байх албагүй гэж би боддог.

Харин ч би нүцгэн үедээ үнэхээр аятайхан харагддаг…

  • Уучлаарай, таныг Эстони улсын иргэнтэй хамт амьдарч байсан. Бас тэр хүнээс их хэмжээний мөнгө зээлчихээд төлөхгүй байгаа гэх яриа гарч, сүүлдээ Рой Страйдер гэх залуу таны нүцгэн зургийг олон нийтэд дэлгэлээ л дээ.  Энэ асуудалд та ямар тайлбар хэлэх вэ?

Би хамгийн түрүүнд танаас нэг асуулт асуумаар байна. – Та нүцгэн зурагаа аваад гар утсандаа, эсвэл гэрийн нөтбүүк, комьпютертээ, гэр бүлийнхээ хүрээнд хадгалдаг уу?. Бас та жирэмсэн болоод нүцгэн зурагаа даруулж, хамгийн хайртай хүмүүсийнхээ өмнө нүцгэн байж үзээгүй юу?

  • Мэдээж үзэлгүй яах вэ…

Тэгвэл энэ бүсгүй хүн бидний ичих асуудал мөн үү. Би л лав тэр нүцгэн зурагнаас ичих юм огт алга. Харин ч би нүцгэн үедээ үнэхээр аятайхан харагддаг. Гурван хүүхэд гаргачихаад ийм байгаадаа өөрөөрөө бахархаж байна. Хүн нүцгэн төрөөд нүцгэн буцдаг хорвоо шүү дээ. Учир нь би гурван хөлтэй, гурван мээмтэй биш. Хүн нүцгэн зогсож л байдаг. Нүцгэн байх юун тийм аймаар юм бэ…

  • Тийм ээ. Гэхдээ би таны хариултыг сайн ойлгосонгүй. Тэгэхээр тэр залуу тантай ямар харилцаатай байсан гэсэн үг үү?

Би тэр залуутай огт хамт амьдарч байсангүй. Тэр өөрийгөө лам гэж ярьдаг. Би том охиноо дөнгөж төрүүлчихсэн нялх биетэй байхад охины минь өлгийг хулгайлж яваад нохойныхоо доор тавьж байсан тийм л хүн. Манай нөхөртэй сайн найзууд үнэхээр дотно байсан л даа. Би анх хадмын компанид байхдаа анх танилцаж байсан. Энд нуугаад байх юм үнэндээ алга. Тэр залуу манай гэр бүл мэт дотно харилцаатай байсан хүн. Мөн дээрээс нь та нар хаа сайгүй яваад сэлфи хийдэггүй юу. Ойртсон болгонтойгоо нэг оронд ордог тийм нийтийн нойл шиг хүн хаана байдаг юм бэ. Хүнийг хамгийн сайн мэддэг хүн нь хамгийн сайн хорлодог гэж үг бий. Ёстой хадам ээжийн өөрийнх нь хэлдгээр өстөн өврөөс гэдэг. Би хэн ийм мэдээллийг тараагаад байгааг сайн мэднэ.

  • Хадам ээж тань “Байгалмаа намайг мөнгө төлж мэдээлэл цацуулж намайг гүтгээд байна гэж бичээд байгаа” хэмээсэн байсан. Үнэхээр хатагтай Э.Цэрэндолгор мөнгө төлж таны талаарх эдгээр мэдээллүүдийг цацуулаад байгаа юм уу?

Би яг тийм гэж хэлж чадахгүй байна. Үгүйсгэж бас чадахгүй. Яагаад гэвэл би нүдээрээ хараагүй шүү дээ. Би нэг л зүйлд итгэдэг. Намайг дэндүү буруу таньсан, нухчин дарсан даа. Хэдий шөнө боловч маргааш нь нар манддаг. Үнэн зүйл үнэнээрээ л шүүгддэг юм. Би 31 нас хүртлээ туулсан зам мөрөө үнэтэй байлгамаар байна. Миний талаар муу мэдээлэл цацаж болно. Бидний дунд байдаг хамгийн хайртай хүнээ л эрхэмлэж байна. Өнөөдөр би тэднийг нулимаад дэвсээд гарах шиг амархан юм алга. Гэхдээ тэдэнтэй адил зүйл хийвэл, би тэдний л нэг болно. Би тэднээс тэс өөр хүн л дээ. Намайг хангалттай муу хэл. Тэглээ гээд хэн ч, юу ч хожихгүй шүү дээ. Намайг хэд ч сийчиж, зүсэж болно, гэвч миний мөн чанарыг арилгаж чадахгүй…

  • Тэгвэл Рой Страйдер гэх залуу хадам ээжийн тань захиалгаар тийм зүйл хийгээд байгаа байх нээ дээ. Анх нүцгэн зураг чинь сошиалаар цацагдаад эхлэхэд цочирдож, гайхсан уу. Таны ярианаас нүцгэн зургийг чинь ойр дотны хүмүүс чинь олон нийтэд дэлгэсэн гэж ойлголоо…

Гайхахаар барах уу. Бүр шоконд ороод хэд хоног нойр, хоолгүй явж байна. Рой Страйдер анх намайг аялал гээд ярьж байх үед групп аваад очно гэж байсан хүн. Гэтэл дараа нь 11 сард надтай хамт авахуулсан зураг нь цацагдаад, холбоод бичээд эхлэхээр нь үнэхээр гайхсан. Яагаад буддын шашин гээд явдаг хүн ийм зүйл хийв ээ. Үнэхээр сонин зүйл шүү. Гэхдээ ард нь ямар хүн байгааг би мэдэж байгаа учраас маш удаан дуугүй байлаа гэж түрүүн танд хэлсэн. Би аялалд гарснаасаа хойш нэг ч удаа хэвлэлд яриа өгөөгүй. Одоо л танд ярьж байна. Над руу маш олон хэвлэл мэдээллээс “яриа өгөөч” гэж залгаж байсан. Бүр “нүцгэн зургийг тань нийтэллээ шүү эсвэл мөнгө өг” гэж ярьсан тохиолдол ч олон. Намайг огт мэдэхгүй, хараагүй, танихгүй байж ёстой л есөн шидээр минь доромжилж, гүтгэж бичиж байна. Дахин хэлэхэд би ард нь байгаа хүнийг би маш сайн мэднэ. Нэг хүнээс 8 сая төгрөг аваад сууж байгаа хүмүүсийг ч мэднэ. Их олон хүмүүсийг мэднэ дээ…

  • Та тэр Рой Страйдер гэх залуугаас үнэхээр мөнгө зээлсэн юм уу?

Тэр Эстони залуутай хамт аялал хийхээр тохиролцсон мөнгө, төгрөгийн гэрээнүүд бол байдаг. Гэхдээ би нэг зүйлийг их ойлголоо. Чамайг харанхуй нүх рүү түлхдэг хүн гутлын түрийнээс л гарч ирдэг юм байна. Би сая хэд хоног хямарсан боловч одоо ахиад шаналаад байх боломж алга. Би нэг удаа үхчихлээ хоёрдохоо үхнэ гэж байхгүй. Намайг нэг удаа араас минь хутгалж болно хоёр дахь удаагаа хутгалж чадахгүй. Би үхээд сэрчихлээ. Намайг хэд ч сийчиж, зүсэж болно, гэвч миний мөн чанарыг арилгаж чадахгүй. Дээрээс нь намайг ингэж хэмлэх хэрэггүй. Монголчууд надад нэг ч төгрөг өгөөгүй байж ингэх болоогүй байлтай. Дээрээс нь Монголчуудыг хулхидаад өр зээлээ төлсөн гэж байна. Надад мөнгө төгрөг өгсөн хүн байгаа бол бүх зүйлээ баримттай нь гаргаад ирээрэй гэж хэлмээр байна. Би энэ олон жил хоёр хүүхдээ хөтлөөд тэмцэж ирсэн эмэгтэй. Анх аравдугаар ангиа төгсөөд хотод орж ирсэн. Энэ хүйтэн өвлөөр ганцаархнаа майханд хээр хонох үе бишгүй дээ л надад тохиолдсон. Би айж байсан хэдий ч шүд зуугаад л бүх зүйлийг даваад л гарсан. Аяллаа эхэлснээс хойших хугацаанд намайг зогсоох гэсэн доромжилсон, инээсэн, нулимсан зүйл зөндөө байсан. Би чинь бас айлын эхнэр, хүүхдүүдийн ээж, гэрийн эзэгтэй хүн шүү дээ. Ар гэртээ санаа зовох зүйл их байдаг. Гэвч тэр бүх зүйлийг би амжуулаад л ар гэрийн амьдралаа цалгардуулахгүй, зохицуулаад л явж байна.

  • Гэхдээ тэр Эстони эр танд байр авч өгөөд лизинг нь эгчтэйгээ хамтраад өөрөө төлдөг гэж ярилцлага өгсөн байсан шүү дээ…

Хөөх, тэр ямар буянтай эр вэ. Надад хулхидуулчихсан бол шүүх цагдаагаар яв гэж хэлмээр байна.

  • Бас шүүхэд өгчихсөн гээд нэлээд шуугисан…

Надад одоогоор тийм хууль, шүүхийн асуудал ирээгүй байна. Би залилагч, хулгайч бол ингэж явахгүй, зугтаана биз дээ. Тийм их мөнгө авчихсан бол арай өөр байх байлгүй.

  • Та тэр Эстони эртэй холбогдож яагаад ингээд байгаа талаар асуусан уу?

Тэр намайг аль дээр блок хийсэн байна лээ. Өнгөрсөн жилийн 5 сарын 30-нд ирэхдээ манайхаар зочилоод явсан. Дараа нь зургаан сарын 26-нд надад төрсөн өдрийн мэнд хүргэсэн байдаг. Би нэг л зүйл хэлье. Надад тохиолдсон зүйл та нарт тохиолдож болно. Миний санаанд ороогүй зүйл надад тохиолдсон. Болгоомжтой байгаарай. Хамгийн дотны хүн чинь чиний араас хутгалдаг юм байна шүү.

Миний амьдрал энэ аяллаар дуусахгүй…

  • Таныг тойрсон энэ их саар мэдээллүүдэд нөхөр тань эмзэглэж байна уу?

Манайх хямрах цаг үедээ хямарч байсан. Бид хоёр 2006 оноос танилцсан цагаас хойш давж туулсан амьдрал минь амархан байгаагүй. Эр хүний, бүсгүй хүний, ер нь Монгол хүний алхах зам тэгш дардан байдаггүй. Гэхдээ энэ бүхэнд нулимуулах, гишгүүлэх тусам хүн дахин төрдөг юм байна. Хүн бүр нэг л сэтгэл нэг зүрхтэй. Манай гэр бүл ийм зүйл дээр эмзэглэж байсан удаагүй эмзэглэх ч үгүй. Намайг хорлох, дарах, зогсоох, харлуулах гэж улайран зүтгэж буй тэдгээр хүмүүст сайн хичээгээрэй гэж хэлмээр байна.

  • Саяхан би танай гэр бүлтэй зөрөөд өнгөрсөн юм. Та тэгвэл дүүгийнхээ ажил явдлаар хотод ирсэн байж л дээ. Хоёр охиноо дагуулчихсан, нөхөр таны таныг хөтлөөд их л эвтэй, найртай, халуун дулаан сайхан гэр бүл шиг санагдсан шүү. Бас нөхрийн тань ярилцлагыг уншиж байхад таныг ихэд дэмжиж, бас хамгаалж, өмгөөлдөг мэт санагдсан л даа…

Их баярлалаа. Нууж болдоггүй үнэн гэж байдаг. Үнэхээр цагаан л бол хар зүйлээр хэчнээн далдалсан ч тодроод л гараад ирдэг. Чи байцааны үр авчихаад лууван тарьж чадахгүй. Үүнтэй агаар адил зүйл юм. Тэгэхээр танд бидний гэр бүлийн жинхэнэ аз жаргал нь үнэн бодитоороо харагдаж л дээ. Би ийм сайн ханьтай болсондоо үргэлж баярладаг. Ханилж яваа ханиа, унаж морио гэж үг байдаг. Энэ үгний утгыг би сайн мэддэг болсон. Хорвоод ховорхон төрсөн жинхэнэ Монгол эр хүний чанар миний ханьд байдаг. Хамгийн үнэн зүйл бол өөрөө өөртөө үнэнч байх. Манай гэр бүл үүнийг л эрхэмлэдэг.

  • Байгалмаа аялалд гарсан цагаасаа л элдэв хэл амны бай болсон. Одоо сайн, саар хэл амыг даах дархлаатай болж байгаа биз дээ…

Хүн л юм чинь сэмэрч байна. Зүрх шархирч, нулимс урсаж байна. Би хад, чулуу биш, махтай цустай хүн ш дээ. Усанд идэгддэг эрэг шиг нурж, сөхөрч байна. Гэхдээ энэ миний туулах ёстой зам, давах ёстой ачаа л гэж бодож байна. Магадгүй би мөнгөтэй айлын хүүхэд, ах дүү сайтай, орон нутгийнх биш, эхээс гурав, дөрвүүлхэнээ биш, нэг удаа удаа дуудаад ярих нагацтай, авгатай байсан бол ийм зүйл хэзээ ч болохгүй байх байсан. Миний нас залуу боловч туулсан зам мөр минь үнэхээр урт.

  • Аялалд гарснаас хойш нийт хэдэн километр зам туулаад байна вэ. Хэзээ хилийн дээс алхах вэ?

Аялалд гарснаас хойш 1800-аад км туулсан байна. Монгол улсад тэмээнд анх удаа мөн дэлхийн түүхэнд анх удаа паспорт авлаа. яг одоо Ховд аймгийн Булган сумын нутагт хилийн “Ярант” боомтод хүрэлцэн ирсэн байна. Эндээс хилээр гарах зөвшөөрлөө хүлээж байна даа.

  • Тэмээнүүд нь дажгүй явж байна уу?

Бүгд гайхалтай, сайн явж байна. Анх аялад гарахад тэмээ заг, бутлаг ургамалаас өөр юм иддэггүй амьтан гэж байсан. Үгүй шүү дээ, миний өгсөн болгоныг иддэг. Зарим хүмүүс тэмээ зовоолоо гэж намайг их шүүмжилж байх шиг байна. Хэдэн зуу, мянгаар нь алж иддэг байж намайг шүүмжилэх нь л дутаж гэнэ дээ. Хүмүүс минь хүний явдал хамаагүй ээ, өөрийнхөө гишгэж байгаа зам мөрийг л сайн анхаарч яв гэж хэлмээр байна.

  • Таныг хадам ээж чинь хилээр давж чадахгүй гэсэн байсан…

Намайг хил давах үгүйг тэр мэдэхгүй л дээ. Одоогоор бол БНХАУ намайг оруулах эсэх талаар шийд гараагүй байна. Тэнд бослого ихтэй байгаа учраас ямар нэгэн байдлаар намайг манай улсаас аюулгүй байдлыг нь хангаж байгаа, эсэхийг харах байх.

  • Хил давсаны дараа аялалд цааш нэгдэх хүмүүс бий юу?

Мэдээж байлгүй яах вэ. Дэлхийн алдартай хүмүүс нэгдэнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Та нар намайг хэмлээд явж байхад чинь, би олон зүйлийг амжуулаад л явна\инээв\.

  • Та аяллын дундаасаа хоёр удаа хотод ирсэн гэсэн. Хил гарчихвал буцаж ирэх үү?

Ирэхгүй ээ. Нэг нь үхэл хагацал үзсэн. Нөгөө нь тэмээний бичиг баримтын асуудлаас болж зайлшгүй очих хэрэг гарсан л даа. Ер нь тэмээнд бичиг баримт авч, бөөн ажил болно гэж хэн бодох вэ дээ. Тэмээнд минь шинжилгээ хийгээд өгөөч гэж Мэргэжлийн хяналтын газрын хаалгыг нэг сар сахисан шүү дээ. Тэгээд сүүлдээ 10 сард Австралийн тэмээ компаниас хүмүүс хөлсөлж ирж тэмээнүүддээ шинжилгээ хийлгэсэн.

  • Аялалд одоогоор нийт хэдэн төгрөгийн зардал гаргаад байна вэ?

Нийт 50 гаруй сая төгрөг зарцуулаад байна. Миний хоол сонин биш. Хамгийн гол нь тэмээнүүдийн маань хоол хүнс чухал байдаг учраас дийлэнх зардал тэмээнүүдэд зарцуулагддаг. Нээрээ муухай шүү. Нэг боодлыг нь 7-8 мянгаар зардаг байж намайг тэмээгээ хөтлөөд явж байхыг хараад нэгийг нь 17 мянгаар зарсан шүү дээ. Бас Монгол хүн байж “Манайх чамайг хонуулахгүй” гэж хөөсөн нь ч зөндөө бий.

  • Хөөх, үнэхээр таныг хонуулахгүй гэж хөөсөн гэж үү?

Тийм ээ, би худлаа ярихгүй шүү дээ. Говь-Алтай аймгаас 32 км яваад “Цагаан чулуутын гуанз” гээд шавар байшинтай хоёр гурван айл байгаа. “Цагаан сарынхаа боорцогоо хийж байна” гээд хонуулаагүй шүү.

  • Аялалынхаа зардлыг өөрсдөө л гаргаж байгаа юу?

Тийм ээ, хань маань бас ээж маань гаргадаг. Миний ээж их л амьдрал үзэж, зовлон туулсан эмэгтэй дээ. 2008 оны зуднаар бүх малаа алдсан. Тэгээд Увс аймагтай наймаа эрхлэх болсон.

  • Биднийг хүндэтгэн ярилцсан танд баярлалаа. Таны хэлэх үгээр ярилцлагаа өндөрлөе…

Олон түмний оюун бодлыг хөглөж болохоор хүний амьдралд гэрэл нэмэх тийм сайхан зүйлийг хүн бүр гийгүүлээсэй. Бичиж болно оо, болно. Гэвч аливаа зүйл хэмжээ, хязгаартай гэдгийг санаарай гэж хэлье дээ. Дэлхийн хүн болчихсон байхад юм ээлжтэй дээ… Бусдын алхаж буй зам мөр чухал биш ээ, өөрийгөө л хичээгээд сайхан амьдраасай гэж хүн бүхэнд хүсье. Намайг хайрладаг итгэдэг зөндөө олон хүмүүс бий. Тэдэндээ талархаж буйгаа илэрхийлмээр байна. Миний амьдрал энэ аяллаар дуусахгүй ээ. Та бүхэн өөрийнхөө оюун бодлоор бүхнийг тунгаана биз ээ.

Ярилцсан: С.Мөнхжаргал

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Н.Байгалмаа: Намайг хэд ч сийчиж, зүсэж болно, гэвч миний мөн чанарыг арилгаж чадахгүй…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: Anonymous Огноо: 7 June 2018 Reply

Тэнэг эм

Нэр: туяа Огноо: 14 June 2018 Reply

аян зам нь өлзийтэй байх болтугай.

Нэр: НАРАН Огноо: 28 June 2018 Reply

ИНГЭЖ МАЛ ТАМАЛЖ ЯАДАГ БАЙНАА. ЯГ ЮУ ХИЙХ ГЭЭД БАЙГААН. ТЭНЭГ ХҮҮХЭН БЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.