АНУ-д хамгийн түгээмэл овог бол Смит. Хоёр сая гаруй америк ийм овогтой. Гэхдээ зөвхөн АНУ-д төдийгүй Британи, Австрали, Шинэ Зеланд болон бусад англи хэлтэй орнууд ч Смит гэсэн овогтнуудаар дүүрэн. Түүний араас Жонсон орно. Нэрийн хувьд Жеймс, Эмма хэмээх нэрс сүүлийн 100 жилийн турш хамгийн түгээмэл хэвээр байна.
Орос
Та Ивановууд хамгийн түгээмэл гэж бодож байвал эндүүрчээ. Өдгөө Смирнов овогтнууд толгой цохиж байна. Орост эрчүүдийн олонх нь Александр нэртэй бол охидын дунд Анастастия нэр түгээмэл.
Хятад
Хятадуудын хамгийн түгээмэл овог бол Ли. Энэ овог зөвхөн Хятаддаа төдийгүй дэлхий дахинаа хамгийн олон хүн эзэмшдэг. 100 сая хүн Ли овогтой байдаг аж. Араас нь Вонг хэмээх овог (93 сая) орно.
Эрчүүд ихэвчлэн Вэй хэмээх нэртэй байдаг бол эмэгтэйчүүд дунд Фанг хэмээх нэр түгээмэл.
Герман
Германчууд эртний Мюллер хэмээх овог олонтойгоороо бахархдаг. Статистикийн дунджаас үзэхэд германчууд ихэвчлэн Мюллер, фрау Шмидт овог авдаг байна.Хамгийн түгээмэл нэр бол Бен, Эмма нар юм.
Япон
Арлын Япон улсад Сүзүки хэмээх овог хамгийн түгээмэл. Мөн Сато хэмээх овог ч өчнөөн дайралдана. Япончуудын овгийг хөрвүүлбэл “Бяцхан ой”, “Будаан талбай” зэрэг нэртэй байх нь бий. Сүүлийн үед хүүхдүүддээ Минато, Сакура хэмээх нэр өгөх нь олширчээ.
Бразил
Бразилчууд Сильва, эсвэл Сантос овогтой байх нь элбэг. Ихэнх овог, нэр португал гаралтай байх нь бий. Үүнд ч гайхах зүйл үгүй. Португал улс Бразилийг 300 орчим жил эзэлж байсан билээ. «Сильва»-г орчуулбал ширэнгэн ой гэсэн утгатай.
Эцэг эхчүүд хүүхдүүддээ ихэвчлэн Мигель, Алисия хэмээх нэр хайрладаг. Түүнчлэн давхар нэр хайрлах дуртай.Мария Эдуарда, Жоао Мигель зэрэг нэр олон байдаг.
ӨАБНУ
Дламини, Нтули бол Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын түгээмэл овог. Кейптаун, Йоханнесбургийн ихэнх иргэд Жуниор, Иманати хэмээх нэр өгдөг
Тус улсын нэг хэл болох ндбеле хэлнээс Иманати нэрийг хөрвүүлбэл хүүхдээ гай зовлонгоос хамгаалахыг бурханд даатгасан үг гэнэ. Тус улсын ээж аавууд хүүхдүүддээ Блесс (бурхан ивээсэн), Гифт (бэлэг), Прешес (эрдэнэ), Принцесс (гүнж) хэмээх нэр хайрлах дуртай.
Энэтхэг
Деви, Сингх хэмээх овгууд түгээмэл. Энэтхэгчүүд их бурханлаг ард түмэн. Тийм болохоор баатарлаг, агуу нэр хайрлах дуртай. Сингх л гэхэд хаан гэсэн утгатай бол Хан нь хаан, Деви нь Дева бурхан гэнэ. Нэрийн хувьд Эмэгтэйчүүд Адия, эрчүүд Арав нэртэй байх нь элбэг.
Швед
XX зууны эхээр шведүүд мөн л эцгийнхээ нэрээр явж, овог хэрэглэдэггүй байжээ. Харин иргэн бүр овогтой байх ёстой гэснээр Андерссон, Йоханссон хэмээх түгээмэл овгууд бий болсон байна. Нэрийн хувьд Карл, Мария хэмээх нэрс түгээмэл.
Итали
Халуухан италичууд Росси, эсвэл Руссо овогтой байх нь элбэг. Энэ нь “улаан үс” гэсэн үгнээс гаралтай. Франческо, София хэмээх нэрс хамгийн түгээмэл. Италид эцэг нь амьд бол хүүд нь эцгийнх нь нэрийг өгч болдоггүй. Мөн ах дүүс ижил нэртэй байх, овгоо өөрийн нэр болгон ашиглахыг хориглодог.
Польш
Польшид славян гаралтай овог түгээмэл. Тэр дундаа Новак хамгийн олон. Зөвхөн Польшдоо л гэхэд 200 мянга гаруй хүн ийм овогтой. Ковальски ч бас түгээмэл овгийн тоонд орно.
Үндэсний хамгийн түгээмэл нэрс нь Матеуш, Александра нар юм.
Вьетнам
Нгуен бол Вьетнамд хамгийн түгээмэл нэр. Тус улсын хүн амын 40 % хувь нь ижил овогтой. Мөн Чан овог хоёрдугаарт бичигддэг. Вьетнам нэр гурван хэсгээс бүрддэг бөгөөд дундах нь эцгийн нэр, сүүлийнх нь өөрийн нэр юм. Хо, Дук хэмээх нэрс хамгийн түгээмэл байдаг.